УИХ-ын дарга Цэдэнбалын Зоригийг хүлээн авч уулзлаа
Монгол Улсын Их Хурлын дарга Миеэгомбын Энхболд өнөөдөр /2016.09.16/ БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн дарга, Сайд нарын зөвлөлийн дарга асан, БНМАУ-ын баатар, Хөдөлмөрийн баатар, БНМАУ- ын Маршал Юмжаагийн Цэдэнбал агсны хүү Ц.Зоригт хүндэтгэл үзүүлж, гэр бүлийнх нь хамт хүлээн авч уулзлаа.
Уулзалтын эхэнд УИХ-ын дарга М.Энхболд эрхэм зочидтой уулзсандаа баяртай байгаагаа илэрхийлээд БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн дарга, Сайд нарын зөвлөлийн дарга асан, БНМАУ-ын баатар, Хөдөлмөрийн баатар, БНМАУ- ын Маршал Юмжаагийн Цэдэнбалын мэндэлсний 100 жилийн ойн мэндийг түүний хүү, гэр бүлд нь дэвшүүлэв.
Мөн тэрбээр “Монгол Улсын Их Хурлын ээлжит бус чуулган хуралдаж, долоо хоногийн өмнө өндөрлөлөө. Ээлжит бус чуулганаар “Юмжаагийн Цэдэнбал агсны алдар гавьяаг мөнхжүүлж, түүний мэндэлсний 100 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолыг баталж, Монголын төр, ард түмэн нийтээр энэ ойг тэмдэглэн өнгөрүүлэх нь зүйтэй гэсэн шийдвэрийг гаргасан. Энэхүү ойн арга хэмжээг зохион байгуулах ажлыг Улсын Их Хурлын гишүүн, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбат хариуцаад ажиллаж байна.
Уг ойн арга хэмжээ гурван өдрийн турш болох төдийгүй хөдөө орон нутагт бид намынхаа шугамаар тодорхой ажлуудыг хийхээр төлөвлөсөн байгаа. Энэ удаагийн УИХ-ын шийдвэр бол Монголын төрийг 44 жил удирдаж явсан Ю.Цэдэнбал агсны ажил үйлс, амьдрал, Монгол төрийн төлөө зүтгэж явсан бүх зүйлийг бодитоор үнэлэн дүгнэж, хойч үедээ өвлүүлэх зорилготой.
Энэ хүний Монголын төрийг удирдаж явсан тэртээх он жилүүдэд монголчууд бичиг үсэгтэй болж, эрүүлжин гэгээрч, үйлдвэржиж, НҮБ-ын гишүүн болж, жинхэнэ ёсоор тусгаар тогтносон улс болсон. XX зуунд Монгол Улс хөгжин дэвжиж, цэцэглэн мандсан бүхий л үйл хэргийг энэ эрхэм хүн удирдан жолоодсон гэдгийг монголчууд мартахгүй байхын учир УИХ-ын тогтоолыг баталсан” хэмээгээд Ю.Цэдэнбалын музейг байгуулахаар болсныг дуулгав.
Ю.Цэдэнбал агсны хүү Ц.Зориг УИХ-ын даргад хүлээн авч уулзаж байгаад нь талархаж байгаагаа илэрхийлээд Монгол Ардын Намыг УИХ-ын ээлжит сонгуульд үнэмлэхүй ялалт байгуулсанд баяр хүргэв.
Тэрээр “Өнгөрсөнд болсон аливаа үйл явдал үнэн бодитоор түүхэнд үлдэх ёстой. Миний эцгийн мэндэлсний 100 жилийн ойг Монгол Улсын Их Хурал, Засгийн газар өндөр хэмжээнд зохион байгуулж байгаад баяртай байна. Энэ түүхэн ойг тэмдэглэж буй үйл явдал нь Монгол Улсын түүхэнд чухал ач холбогдолтой. Өөрийн нутагтаа эцгийнхээ мэндэлсний ойг тэмдэглэхээр ирсэндээ баяртай байна.
Шинэ парламент, Засгийн газар улс орныхоо эдийн засаг, нийгэм, соёлыг улам сайн хөгжүүлэхийг хүсэн ерөөе. Миний эцэг улс орныхоо төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэсэн. Үүний үр дүнд эцгийн маань төрийг удирдаж байсан 44 жилийн хугацаанд Монгол Улс хурдацтай хөгжиж чадсан гэж боддог” гэв.
Уулзалтад Улсын Их Хурлын гишүүн, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбат, Улсын Их Хурлын гишүүн Ч.Хүрэлбаатар, Н.Цэрэнбат болон “Цэдэнбалын академи”-ийн төлөөлөл байлцлаа