Эдийн засгийн хүндрэлийг даван туулах тусгайлсан хөтөлбөр гаргана
УИХ-ын ээлжит бус чуулганаар энэ оны төсвийн тодотголыг баталсантай холбогдуулан УИХ-ын гишүүн Я. Содбаатартай ярилцлаа. Төсвийн тодотголын хүрээнд өрийн таазыг нэмэгдүүлэхээс гадна Засгийн газар тэвчиж болох бүр зардлаа танахаар болоод буй. Энэ талаар болон зарим асуудлаар түүний байр суурийг сонслоо.
-Төсвийн тодотголын хүрээнд нууц, олон нийтэд бодитоор хүрэхгүй байсан зарим тоо баримт ил болох шиг боллоо. Тухайлбал, та бүхэнд хүрч байсан мэдээлэл хэр бодитой байж вэ?
Засгийн газраас энэ удаагийн төсвийн тодотголыг өргөн барьж, улс орны нийгэм эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдлыг бодитоор нь ард түмэнд нээлттэй болголоо.
Үүний дүнд олон статистик тоо баримт ил болсон. Сонгуулийн өмнө бидэнд өгч байсан статистик тоо баримтууд нэлээд өөрчлөгдөж гарч ирлээ л дээ. Үүнийг дагаад өрийн тааз бодит байдалд 88 хувьд хүрчихсэн байна.
Энэ хавар улс төрийн зорилго- тойгоор авсан багагүй хэмжээний зээл бий, Монголбанкинд “Сайн” нэртэй хөтөлбөр хэрэгжүүлэх нэрээр 1.3 их наяд төгрөгийг хэвлэж зах зээлд оруулсан гээд санхүүтэй холбоотой олон асуудал үүссэн байжээ.
Энэ бүхэн эргээд Монгол Улсын төсөвт яалт ч үгүй хүндрэл бэрхшээлийг бий болгож байна. Нэгдсэн төсөвтэй нэгтгэх тоо баримт олон байна.
Эдгээрийг нэгтгэж, нэг тоотой болох. Үүний дараагаар гарах арга замаа тодорхойлж, шат дараалалтай арга хэмжээ авах үүднээс төсвийн тухай хуульд цөөнгүй тоо баримтыг өөрчлөх зайлшгүй шаардлага тулгарчихжээ.
-Ирэх гурван жилийн дотор өрийн таазыг 98 хувьд хүргэнэ гэдэг мэдээлэл байна. Цаашдаа энэ мэтээр өрийн таазыг нэмэгдүүлээд байвал Монгол Улсын эдийн засагт эрсдэлтэй юм биш үү?
Ирэх гурван жилийн төсвийн хүрээний мэдэгдэлд өрийн таазыг буцаагаад буулгах, хуульд заасан хэмжээг эргэж харах талаар ярилцаж байна. Гэхдээ яг бодит байдал үнэхээр хүндрэлтэй байна. Өнөөдрийн байдлаар төсвийн алдагдал 4.4 их наяд төгрөгт хүрсэн байна.
Энэ их алдагдлыг хэрхэн нөхөх вэ гэдгээс гадна бид ирэх онд экспортыг дэмжсэн, татварын бааз сууриа нэмэгдүүлсэн, аж ахуйн нэгжүүдээ дэмжсэн бодлого явуулахгүй бол ирэх онд гаднаас авсан их хэмжээний зээл, дотоодын үйлчилгээ, зээлийн хүү, зээлийн үндсэн төлбөрөө төлж чадахааргүй хэмжээнд очих гэж байна. Тийм учраас энэ чиглэлд анхаарах хэрэгтэй байна.
Монгол Улс энэ хүндрэлийг ойрын 18 сарын дотор даван туулахын тулд бодит тоонуудаа гаргаж тавиад үнэнтэй нүүр тулахаас аргагүй болчихлоо. Нэг ёсондоо бид бодит үнэнээс зугтах аргагүй болжээ. Одоо энэ бүхэнд ямар нэг улстөржилт, намын харьяалал гэхгүйгээр Монгол Улс энэ хүндрэлийг даван туулах шаардлагын үүднээс хандах хэрэгтэй болсон байна.
Үүний тулд бодитоор гарсан тоо, баримтууд дээр мэргэжлийн хүмүүс суух хэрэгтэй. Магадгүй 2017 оны төсвийг өргөн барихад зарим нэг хатуу шийдвэрийг оруулж ирж таарах байх гэдгийг сануулан хэлэх нь зүйтэй болов уу.
-Төсөв хүнд байгаа энэ үед зардал хэмнэх үүднээс УИХ-ын гишүүд өөрсдийнхөө зардлаас хасч танах боломж бий юү. Тухайлбал, утас унаа, тойргийн мөнгөнөөсөө татгалзах боломжтой юу?
УИХ-ын гишүүдийн зардалтай холбоотой буруу зөрүү мэдээлэл яваад байна лээ. Би энд тайлбар хийе. Өнөөдрийн байдлаар УИХ-ын гишүүдийн зардал мөнгийг ч бас бусад төрийн байгууллагатай адил танаад явж байгаа шүү. Өөрөөр хэлбэл, томилолт, бичиг хэрэгтэй холбоотой зардлуудыг танасан. УИХ дахь МАН- ын бүлгээс цалин, тэтгэвэр тэтгэмжийг бууруулахгүй байх шийдвэрийг гаргасан.
Одоогоор УИХ-ын гишүүн дөрвөн туслах болон бие төлөөлөгч, зөвлөхүүдтэй ажиллаж байгаа. Энэ таван хүний цалин УИХ-ын гишүүдийн зардлын бараг 90 хувьд хүрдэг юм шүү дээ. Цаана нь орон нутгийн томилолт болон бичиг хэргийн багахан зардал үлддэг юм.
Ингэж нэгд нэгэнгүй хэлэхгүй бол буруу зөрүү мэдээлэл яваад байна л даа. Жишээлбэл, УИХ- ын гишүүд ойролцоогоор сард 60-аад мянган төгрөгөөр утсаар ярих эрхтэй байдаг. Энэ мэт нарийн тоог удахгүй олон нийтэд нээлттэй мэдээлэх ёстой юм байна гэж бодож байгаа.
-УИХ-ын гишүүдийн тойрогт ажиллах мөнгө гэж тусдаа гарч байгаа биз дээ?
Тойрогтоо ажиллах томилолтын мөнгө гэж гарч байна. Бусад байгууллага хэрхэн төсвөө танаж байна, түүнтэй л адил УИХ таналтуудыг хийж эхлээд байна.
-Засгийн газар татварын бус орлого нэмэгдүүлэх тал дээр ямар шийдлүүдийг ярилцаж байна вэ?
Төсвийн орлогыг нэмэгдүүлэх чиглэлээр тодорхой санал санаачлагууд гарч байна. Гэхдээ энэ Засгийн газар байгуулагдаад үндсэндээ хоёр сар л болох гэж байна шүү дээ.
Энэ хугацаанд гадна дотноос шинээр эх үүсвэр татах, бий болгох боломж нөхцөл одоогоор хараахан бүрдээгүй, хязгаарлагдмал байна. Гэлээ гээд гараа хумхин суугаа гэж ойлгож болохгүй.
Эдийн засгийн хүндрэлийг даван туулах тусгайлсан хөтөлбөр гаргахаар Засгийн газар дээр ажиллаж байна. Энэ хөтөлбөрийг намрын чуулганы эхээр хэлэлцэн баталж таарах байх.
Энэ хүрээнд бид иргэдийн амьжиргааг дэмжих чиглэлээр тодорхой санал санаачлагуудыг гаргаж байгаа. Тэр бүгдийг Засгийн газрын төвшинд авч үзээд боломжтой гэж үзвэл авч хэрэгжүүлнэ гэж ойлгож байгаа.
-Харин төсвийн алдагдлыг нөхөх арга замын тухайд. Засгийн газраас татвар нэмэх санал оруулж ирсэн ч УИХ буцаачихлаа шүү дээ. Тэгэхээр татвараас олох орлого сох дутаж таарна биз дээ?
Хэд хэдэн арга зам байна гэж бид үзэж байгаа. Нэгдүгээрт, концессоор болон Хөгжлийн банкны шугамаар хийсэн төсөл, арга хэмжээнүүдийн хэдийг нь санхүүжүүлж, хэдийг нь санхүүжүүлээгүй юм, жишиг үнэтэйгээ үнэхээр нийцэж байна уу үгүй юү гэдгийг дахин хянаж үзье гэж байгаа юм. Хоёрдугаарт, татварын бааз суурийг нэмэгдүүлэх чиглэлээр ямар арга хэмжээ авч болох вэ гэдгийг судалж байна.
Түүнчлэн манайхаас экспортолдог зарим бүтээгдэхүүнд үнийн өсөлт гарах прогнозтой байна. Өөрөөр хэлбэл, нүүрсний үнэ ирэх онд нааштай байх төлөвтэй байна. Үүнийг дагаад бид тодорхой чиглэлүүд дээр тусгайлсан арга хэмжээ авч, татварын орлогыг нэмэгдүүлэх чиглэлээр ажиллана.
Мөн төсвийн тэвчиж болох зардлуудыг тэвчиж, хязгаарлахаас гадна үргүй зардлуудыг танах чиглэлд томоохон өөрчлөлт хийх ёстой гэж үзэж байгаа.
Энэ чиглэлээр Засгийн газарт УИХ, намын бүлгээс тодорхой үүрэг чиглэл өгсөн байгаа. Тийм учраас энэ дагуу авах арга хэмжээний тухай тогтоолын төслийг баталж гаргаснаар үндсэн ажил, арга хэмжээнүүдийг авч эхлэх байх.