Тэнгэрээс мэндчилгээтэй, санахын жаргалтай баяр
2016.09.15

Тэнгэрээс мэндчилгээтэй, санахын жаргалтай баяр

“Уртын дууны ирээдүйд санаа зовох хэрэггүй болох нь. Сайхан дуулдаг олон залуустай болж, тэд уянгалуулахыг гайхуулж байна. СУИС энэ баярыг утга төгөлдөр маш сайхан зохион байгууллаа” хэмээн Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, ардын авьяастан Г.Дадьсүрэн гуай хэлсэн юм.

Тэрбээр Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин, Төрийн шагналт, Фукуокагийн азийн соёлын шагналт, зууны манлай уртын дуучин, профессор Намжилын Норовбанзадын мэндэлсний 85 жилийн ойг тохиолдуулан СУИС, "Норовбанзад" сангаас зохион байгуулсан Олон улсын уртын дуучдын уралдаан, Уртын дууны баярт уригдаж оролцсон билээ.

Олон улсын уралдаан хөлтэйхэн болсон. Энэ олон сайхан залуу дуучдаас хэн нь түрүүлэх бол хэмээн Уртын дууны баярын шагнал гардуулах ёслолыг тэсэн ядан хүлээж байлаа. Намрын дунд сарын шинийн наймны өдөр "АСЕМ вилла" хотхоны их өргөөнд болсон уртын дууны баяр олон сайхан хүнийг нэг дор цуглуулж чадсан, гайхамшигт учрал тохиолоор дүүрэн байсныг зориуд тэмдэглэе.

Баярын эхэнд Ардын жүжигчин А.Шархүүхэн, А.Нэргүй тэргүүтэй дотны анд болон шавь нар нь “Уяхан Замбуутивийн наран” дууг дуулахад дуулж буй тэд төдийгүй уригдаж ирсэн зочид нулимсаа арчиж, уртын сайхан дуунд бүүвэйлэгдэж байв. Тэд ийнхүү СУИС-ийн захирал Э.Сонинтогосын хэлсэнчлэн уртын дууны хатан хааныг санан дурсахын жаргалыг эдэлсэн юм.

Уртын дууны энэхүү баярт БСШУС-ын сайд Ж.Батсуурь, УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин, “Норовбанзад сан”-ийн тэргүүн, Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, охин Б.Дэлгэрмаа, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд дарга Б.Нэргүй, академич Ш.Бира, Б.Төмөртогоо, Д.Цэрэнсодном, Хөдөлмөрийн баатар Р.Раш болон Монголын соёл, урлаг, шинжлэх ухааны нэрт зүтгэлтнүүд ирсэн байлаа.

Баярыг нээж БСШУС-ын сайд Ж.Батсуурь хэлсэн үгэндээ “Монголын уртын дуу бол нүүдэлчин монголчуудын соёл, урлаг, гоо сайхны сэтгэлгээг гойд илтгэдэг гүн ухаан, ардын мэдлэг, хүн-байгалийн харилцааны өвөрмөц арга, хэрэгсэл төдийгүй өөр ямар ч үндэстэнд давтагдахгүй хосгүй шинжтэй соёлын биет бус өв билээ.

Тийм ч учраас Монголын төрөөс энэ хосгүй өвийг хадгалж хамгаалах, хойч үедээ өвлүүлэн, түгээн дэлгэрүүлэх тодорхой бодлого баримталж ирсний үр дүнд ЮНЕСКО-д уртын дуугаа бүртгүүлж, уртын дууг өндөр түвшинд дуулж байгаа дуучдыг улсын бүртгэл, мэдээллийн санд бүртгэн баримтжуулж, алдаршуулах ажлыг зохион байгуулж ирсэн юм. Уртын дууны өв санг хамгаалах, баяжуулах, түгээн дэлгэрүүлэх төрийн бодлогыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд өнөөдрийн уртын дууны баяр ч хамааралтайг” тэмдэглэсэн юм.

АСЕМ вилла хотхонд болсон Уртын дууны баярын нэг содон эзэн нь Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Банзрагчийн Дэлгэрмаа байлаа. Банзрагч гуайн үр хүүхдүүд, Норовбанзад гуайн шавь нар шүтэн бишрэгсэд хамтраад их дуучны нэрээр нэрлэсэн санг 2003 онд байгуулж, тэр цагаас хойш Монголын соёл, урлаг, утга зохиол, боловсролын байгууллага, энэ салбарын залууст урам дэм болсон олон сайхан ажлыг зохион байгуулсан.

Соёл урлагийн дээд шагнал - Норовбанзад шагналыг ээжийнхээ 80 насны ойгоор бий болгож, уртын дуугаар ОХУ-д эрдмийн зэрэг хамгаалсан Д.Оюунцэцэг, ҮДБЭЧ-ын гоцлол хөгжимчин, Ардын жүжигчин Ч.Батсайхан, ДБЭТ Аида дууриараа хүртэж байсныг Б.Дэлгэрмаа баяр хүргэж хэлсэн үгэндээ дурдсан юм. Их дуучны отгон охин тэрбээр үе үе нүдэндээ тунарах нулимсаа тогтоон барьж, хамтдаа зургаа татуулах гэсэн хүн бүрийг гомдоохгүйг хичээж, уригдан ирсэн хүмүүст хүндэтгэл үзүүлэн, хамгийн завгүй хүний нэг байлаа.

Уртын дууны баярын үеэр “Уртын дууны хатан хаан” цомог, “Дуулим хорвоод дуулах гэж төрсөн минь учиртай” номын хоёрдахь хэвлэлтийг танилцуулж, эрхэм хүндтэй зочдод дээжийг нь гардуулах ёслол болсон нь бас нэгэн шигтгээ байлаа. Номын нээлт, уралдааны шагналтнуудыг тодруулсны дараа хүндэтгэлийн тоглолт эхэлсэн юм. Энэ үеэр тэнгэр хүчтэй дуугарч, нартай бороо хэсэгхэн зуур хаялж, солонго хоёронтоо татсан бөгөөд үүнийг харсан зочид "Багш маань бидэнд баярлаж байна" хэмээн сүслэн сууцгаасан юм.

Хүндэтгэлийн тоглолтод үе үеийн "Норовбанзад" шагналтнууд, багшийнхаа нэрэмжит анхны уралдааны шагналт Б.Батмэнд, олон улсын уралдааны Гран при болон, Тэргүүн байрын шагналтнууд ая дуугаа өргөж намба, ухаан зааж “Өвгөн шувууг” дуулсан Г.Дадьсүрэн гуай аргагүй л энэ баярын чимэг нь байв.

Уртын дууны хатан хаан Н.Норовбанзад агсны ойд зориулсан энэхүү наадам уригдсан олны чин зүрхэнд хүрч, уртын дууг хайрлан хамгаалах залуус улам үлширч буйг илтгэсэн нэг ёсны тайлан, нөгөө талаасаа уртын дуугаар, үндэсний өв соёлоороо бахархсан, сурталчилсан томоохон баяр болж өндөрлөв. Н.Норовбанзад бол үнэхээр 100 жилд ганц тохиох, бурханы ховор нандин элч байжээ.

Уралдаанд өрсөлдсөн 201 уртын дуучдаас шалгарагсадыг танилцуулбал: 
А ангилал:

  •  Тэргүүн дээд /Гранпри/ – Ц.Түмэнжаргал /Төв аймаг, ҮДБЭЧ- ын уртын дуучин/
  •  Тэргүүн байр – Э.Болормаа /Архангай аймаг, Шүүхийн шийдвэр биелүүлэх ерөнхий газрын ажилтан/
  •  Дэд байр - З.Сарангэрэл – /ӨМӨЗО-ны Дуу бүжгийн чуулгын дуучин/
  •  Гутгаар байр – Г.Энхбаатар / Архангай аймаг, ҮДБЭЧ-ын уртын дуучин/
  •  Тусгай байр – Г.Отгонзул / Архангай аймаг, Язгуур хамтлагийн дуучин/
  •  Шилдэг хөгжмимчин: Б.Шаравнямбуу / Сүхбаатар аймаг, СУИС-ийн концертмейстер багш/

Б ангилал:

  •  Тэргүүн байр - Э.Хүрэлбаатар /Говь-Алтай аймаг, Налайх дүүргийн Соёл урлагийн ордны уртын дууны багш/
  •  Дэд байр - О.Оюун-Эрдэнэ /Өмнөговь аймаг, Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан/
  •  Гутгаар байр – Ц.Өлзийбат /Дундговь аймаг/
  •  Тусгай байр – Ү.Дэлгэрмаа / Говь-Алтай аймаг, "Зүүнхараа чуулга"-ын уртын дуучин/
  •  Шилдэг хөгжимчин – М.Алтанбат / Говь-Алтай аймаг, СУИС- ийн морин хуурын багш/
  •  Шилдэг хөгжимчин – Чадраабал / ӨМӨЗО-ны Сөнөд зүүн хошуу, морин хуурч/