Санхүүгийн сахилга батад онцгой анхаарах цаг ирсэн
УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан
2016.09.15

Санхүүгийн сахилга батад онцгой анхаарах цаг ирсэн

УИХ-ын ээлжит бус чуулганаар 2016 оны төсвийн тодотгол болон Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийг баталсан. Энэ талаар УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалантай ярилцлаа.

-УИХ-ын ээлжит бус чуулганаар 2016 оны төсвийн тодотголыг хэлэлцлээ. 4.4 их наяд төгрөгийн алдагдалтай байсан төсвийн тодотголд УИХ багагүй засвар хийсэн. Батлагдсан төсвийн тодотголд ямар байр суурьтай байгаа вэ?

Монгол Улсын эдийн засгийн нөхцөл байдал туйлын хүнд байгааг хүлээн зөвшөөрөхөөс аргагүй.

Хүнд үед татвараар төсвийн орлогыг бүрдүүлэх нь оновчтой шийдэл биш

Ийм хүндхэн үед Засгийн газар төсвийн тодотголыг оруулж ирсэн. Эдгээр төсөл хөтөлбөрөөс ямар ч байсан найман төрлийн татвар нэмэхтэй холбоотой асуудлыг татаж авлаа. Дээр нь зарим нэг зардлыг танасныг буцааж тавьсан. Тухайлбал, төрийн зарим албан хаагчид олгодог 36 сарын цалингийн нэмэгдэл байлаа.

Цэргийн албан хаагчдын нөхөн олговрыг хасахааргүй боллоо. Гадаадад сурч байгаа оюутнуудын цалин, тэтгэмжийг хасахаар төсөл оруулж ирсэн. Үүнийг ч мөн хэвийн явуулна. Түүнчлэн Төсвийн тухай хуулиар хөрөнгө оруулалтаа нэмэхээр түлхүү ярьж байна.

-УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд төсвийн тодотголд багагүй шүүмжлэлтэй хандаж, найман төрлийн татвар нэмэх саналыг эргүүлэн татах шийдвэр гаргасан. Орон нутгийн сонгууль болохтой холбогдуулан ийм шийдвэр гаргалаа хэмээн шүүмжлэх хүн цөөнгүй байна?

Төсвийн алдагдлыг бууруулахын тулд Засгийн газар татвар нэмэх саналыг гаргасан. Гэтэл энэ саналыг зарим хүн багагүй улстөржүүлэх шиг боллоо. Өөрөөр хэлбэл, МАН ард түмнийхээ халаас руу гар дүрж байна, амлалтаасаа буцаж байна. Олон хүнийг ажилгүй болгох нь гэж ярилаа шүү дээ.

Эцсийн дүндээ бид аль болох хэмнэлттэй л ажиллах ёстой. Гэхдээ энэ хүнд үед татвараар төсвийн орлогыг бүрдүүлэх нь оновчтой шийдэл биш гэж үзсэн. Тэгээд ч татварын орлогоос тийм их хэмжээний мөнгө төвлөрөхгүй. Тийм учраас үүний оронд хариуцлагын асуудлыг сайн ярья. Өөрөөр хэлбэл, үргүй зарсан мөнгийг эрж хайя гэж байгаа юм.

-Тэтгэвэрт гарч буй төрийн албан хаагчдад олгодог 36 сарын тэтгэмжийг хасах асуудал нийгэмд багагүй маргаан дагуулсан. УИХ- ын дарга уг тэтгэмжийг үргэлжлүүлэн олгох үүргийг Засгийн газарт өглөө. Та үүнд ямар байр суурьтай байгаа вэ?.

Тушаалаар амьдардаг буюу цол, мөрдөстэй хүмүүсийн тэтгэмжийг хасаж болохгүй гэдэг байр суурийг би анхнаасаа илэрхийлсэн. “Монгол Улсын төлөө зүтгэе” гэсэн тангарагтай хүмүүсийг Монголын төр орхиж болохгүй. Цалин, хангамжийн хувьд өндөр биш шүү дээ.

36 сарын тэтгэмжээрээ амьдрал ахуйгаа залгуулдаг хүмүүс ч бий. Энэ бол Монгол Улсын төлөө зүтгэснийх нь төлөө төрөөс өгч байгаа нөхөн олговор. Тиймээс үүнийг бид хасаж болохгүй. Ингээд эцэст нь бид эдийн засаг хүндрэлтэй байгаа үед хэдэн төрийн албан хаагчаа торгож, 36 сарын тэтгэмжийг нь хасахгүй, хэвээр үлдээх шийдвэр гаргалаа.

-Монгол Улсын өрийн босго хэдийнэ хуулийн хязгаар давчихсан. Цаашдаа энэ босгыг хязгаарлах тал дээр ямар арга хэмжээ авах вэ?

Бидэнд өгч байгаа мэдээллээр өрийн босго 80 хол гарсан гэж байна. Гэхдээ эцсийн байдлаар тодорхой тогтоогдохгүй байна. Учир нь төсөв нэгдсэн байгаагүй. Дөрвөн өөр төсөвтэй байсан учраас нэгдсэн тоо гардаггүй. Одоо бид энэ бүхнийг нэгтгээд эцсийн байдлаар тооцоо гаргах хэрэгтэй байна.

Ингэхгүй бол зарим нь өөртөө зориулж тоо зохиочихоод яваад байна шүү дээ. Цаашдаа нэгдсэн тоог Их хүнд нөхцөлд, татуу төсвийг тал бүр тийш хүргэх гэж ихэд хичээлээ гаргасны дараагаар хэрхэн буулгах, хуулийн хэмжээнд барих талаар анхаарч ажиллахаас өөр гарцгүй.

-УИХ-ын ээлжит бус чуулганы үр дүнг та хэрхэн дүгнэж байна вэ?

Ээлжит бус чуулган хэлэлцэхээр төлөвлөсөн асуудлуудаа эцэслэсэн. Их хүнд нөхцөл байдалд, татуу төсвийг тал бүр тийш хүргэх гэж эхийг нь эцээж, тугалыг нь тураахгүй байх гэж л үзлээ дээ. Ямар ч байсан үүргээ гүйцэтгэлээ гэж бодож байна. Гэхдээ бид цаашдаа их хариуцлагатай ажиллах, Монгол Улсын санхүүгийн сахилга батад онцгой анхаарах цаг ирж байна.

Энд нэг зүйлийг тодотгож хэлэхэд, Ардчилсан намынхан бүх зүйл сайхан байгаа л гээд байсан. Гэтэл булавч бултайж, даравч далдайна гэдэг болж байна. Бодит байдлыг нь бид хангалттай харлаа. Одоо бид эрүүлээр сэтгэх ёстой.