БОАЖ-ын сайд Д.Оюунхорол, БНСУ-ын элчин сайдыг хүлээн авч уулзлаа
БОАЖ-ын сайд Д.Оюунхорол, БНСУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд У Сун
2016.09.14

БОАЖ-ын сайд Д.Оюунхорол, БНСУ-ын элчин сайдыг хүлээн авч уулзлаа

БОАЖ-ын сайд Д.Оюунхорол өнөөдөр БНСУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд У Сун-ыг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд Элчин сайд У Сун цаг зав гарган хүлээн авч уулзаж буй БОАЖ-ын сайд Д.Оюунхоролд талархал илэрхийлж, амжилт хүслээ. Өнгөрсөн долдугаар сард БНСУ-ын ерөнхийлөгч Пак Гын Хэ-г Монголд айлчлах үед байгаль орчны салбарт хамтран ажиллах баримт бичгүүдэд хоёр тал гарын үсэг зурсныг  Элчин сайд дурдлаа.

Хоёр улсын Засгийн газрын хамтарсан “Ногоон хэрэм” төслийн эхний үе шат дуусч буй   бөгөөд төслийн хүрээнд байгуулсан мод үржүүлгийн газрууд, ойн зурвас болон ойжуулсан талбайг БОАЖЯ-нд хүлээлгэж өгөхөөр бэлтгэл хангаж буйгаа  Элчин сайд мөн онцоллоо. “Ногоон хэрэм” төслийн хоёр дахь үе шатыг ирэх жил эхлүүлэхээр талууд хамтран ажиллаж буй аж.

Түүнчлэн Азийн ойн  хамтын ажиллагааны байгууллагад Монгол Улсыг  элсвэл ойн салбарт илүү өргөн хүрээнд хамтран ажиллах боломж нээгдэхийг Элчин сайд У Сун хэлэв. Тус байгууллагын хүрээнд  өдгөө Солонгос, Индонези зэрэг улсууд хамтран ажиллаж байгаа аж.

Элчин сайд У Сун ирэх аравдугаар сард БНСУ-д болох усны долоо хоногийн арга хэмжээнд БОАЖ-ын сайд Д.Оюунхоролыг оролцохыг урьж, аялал жуулчлалын цаашдын хамтын ажиллагааны талаар мөн  байр сууриа илэрхийллээ.

БОАЖ-ын сайд Д.Оюунхорол хоёр улс байгаль орчны салбарт уламжлалт найрсаг харилцаатай, байгаль орчноо хамгаалах  Солонгосын туршлагаас Монгол Улс суралцаж ирснийг онцоллоо.

Уур амьсгалын өөрчлөлтөд илүү өртөж буй Монгол оронд цөлжилттэй тэмцэх, элсний   нүүдлийг зогсооход тодорхой үр дүн үзүүлсэн “Ногоон хэрэм” төслийн  эхний үе шат амжилттай хэрэгжсэнийг БОАЖ-ын сайд онцоллоо.

“Ногоон хэрэм” төслийн эхний үе шатанд бий болсон мод үржүүлгийн газрууд, ойн зурвас болон ойжуулсан талбайг БОАЖЯ хүлээн авч, цаашид арчлан тордох асуудлыг шийдвэрлэх Түр хороо байгуулсан гэв. БНСУ-ын ерөнхийлөгч Пак Гын Хэ-гийн  айлчлалын үед “Ногоон хэрэм” төслийн хоёр дахь үе шатыг хэрэгжүүлэхээр эцэслэн тохирсонд сайд Д.Оюунхорол баяртай байгаагаа хэллээ.

Түүнчлэн БНСУ-ын усны салбарт үр дүнтэй ажиллаж буй туршлагаас хуваалцах хүсэлтэй байгаагаа уламжлав. Мөн хоёр улсын иргэдийн харилцан зорчих урсгалыг дэмжиж, аялал жуулчлалын чиглэл, бүтээгдэхүүн үйлчилгээг сайжруулах чиглэлээр идэвхтэй хамтран ажиллах шаардлагатайг онцоллоо.

Ирэх аравдугаар сарын 13-15-ны өдрүүдэд Монголд болох “Нүүдлийн аялал жуулчлал ба хотуудын тогтвортой хөгжил” сэдэвт Торгоны замын олон улсын бага хуралд БНСУ-ын холбогдох албаны хүмүүсийг оролцуулах талаар Элчин сайдыг анхаарлаа хандуулахыг БОАЖ-ын сайд хүслээ. Тус улс руу эрүүл мэндийн шалтгаанаар зорчиж буй хүмүүст визийн хөнгөлөлт үзүүлэхэд анхаарал хандуулахыг ч уламжлав.

Байгаль орчны салбарт мэргэжилтэн бэлтгэх, давтан сургахад БНСУ-ын талыг туслалцаа үзүүлэх, хоёр улсын тусгай хамгаалалттай газруудын хамтын ажиллагааг эрчимжүүлэх асуудлуудаар мөн байр сууриа илэрхийлэв.

Азийн ойн   хамтын ажиллагааны байгууллагад Монгол Улсыг  элсүүлэх  асуудлаар ажиллаж байгаагаа БОАЖ-ын сайд   хэллээ. Сайд Д.Оюунхорол ирэх оны эхээр БНСУ-ын Байгаль орчны сайдын урилгаар тус улсад айлчлахаар төлөвлөж буй  бөгөөд хоёр улсын байгаль орчны салбарын хамтын ажиллагааны санамж бичгийг  шинэчлэн тодотгох шаардлагатайг онцлов