2016.09.02

Ж.Бат-Эрдэнэ: Өөрийн оронд ашигтай нөхцөлөөр хувиргах боломж бий юу?

Өчигдрийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын суурь конвенцийн Парисын хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг /Засгийн газар 2016.08.23-ны өдөр өргөн мэдүүлсэн, соёрхон батлах/ хэлэлцэж баталсан юм.

Хууль санаачлагч УИХ-ын гишүүн, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Оюунхорол хуулийн төслийг танилцуулсаны дараа УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан, Д.Тэрбишдагва, Ж.Бат-Эрдэнэ, Ж.Энхбаяр нар асуулт асууж, санал хэлсэн юм.

УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ: "Энэхүү конвенцид нэгдэн орсон орнуудад нилээдгүй үүрэг, хариуцлага ногддог. Хөгжингүй орнууд тэр дундаа БНХАУ-д байгаль орчны салбарт томоохон хөрөнгө оруулалттай төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх эрэлт хэрэгцээ байдаг. Энэ мэт асуудлыг харгалзан үзэж Монгол орны байгаль орчинд тулгамдсан асуудал, тэр дундаа нөхөн сэргээх, ойжуулах, жимсний мод тарих зэргээр өөрийн оронд ашигтай нөхцөлөөр асуудлыг гарган тавьж, гадны төсөл хөтөлбөр оруулж ирэх боломж хэр байна?" гэсэн асуултыг хууль санаачлагчаас асуулаа. 

Асуултад УИХ-ын гишүүн, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны сайд Д.Оюунхорол хариулсан юм. 

Тэрээр Парисын хэлэлцээрт нэгдсэнээр “Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох Монгол Улсын стратегийг боловсруулж, жишиг төсөл боловсруулна гэдгээ хэллээ. Мөн уул уурхайн нөхөн сэргээлт орхигдсоноос үүдэлтэй хөрсний доройтол, Монгол орны нийт газар нутгийг хамарсан цөлжилт, олон гол мөрөн ширгэж байгаа өнөөгийн нөхцөл байдал бидний өдөр тутмын амьдралд ихээр нөлөөлж байгааг дурдлаа.

Тиймээс ч тус яамны зүгээс Ганга нуур, Орхон голын нөхцөл байдалтай газар дээр нь танилцаж, ширгэж буй шалтгааныг тодруулж, дүгнэлтээ гаргах юм байна. Эдгээр болон бусад голын ай савд үйл ажиллагаа явуулж буй уул уурхайн компаниудад байгалийн нөөцийг зохистой ашиглах тухай үүрэг даалгавар өгч байна. Тэрээр Монгол Улсад байгаль орчны чиглэлийн хууль тогтоомж хэрэгжих нь тааруу, УИХ-аас байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх асуудалд төсөв хөрөнгө хуваарилдаггүй, хасч танадаг гэдгийг дурдаад хойшид түүнд анхаарал хандуулахыг нийт гишүүдээс хүссэн юм.