Монгол, Кувейтын судалгааны төв хэвийн ажиллаж байгаа
2016.09.05

Монгол, Кувейтын судалгааны төв хэвийн ажиллаж байгаа

БОАЖ-ын сайд Д.Оюунхоролоос Монгол, Кувейтын судалгааны төвийн үйл ажиллагааны талаар тодрууллаа.


-Монгол, Кувейтын  судалгааны төвийн үйл ажиллагаа өнөөдөр ямар байдалтай байна вэ?

-Кувейт улсын санхүүжилтээр баригдсан Монгол, Кувейтын эрдэм шинжилгээний төвийн менежмэнтийг “Монгол, Кувейтын  судалгааны төв” ТББ гүйцэтгэж байна. 

Төрийн зарим чиг үүргийг төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлэх Засгийн газрын тогтоол энэ оны нэгдүгээр сард гарч,  ТББ-ын тэргүүнээр би сонгогдон ажиллаж байгаа. Хоёр улсын Засгийн газар хоорондын “Харилцан ойлголцолын санамж бичиг”-ийн хүрээнд баригдсан уг эрдэм шинжилгээний  төвийн барилгыг 2015 оны аравдугаар сард хүлээлгэн өгсөн байдаг. 

Гэвч ашиглалтын зардал нь шийдэгдэхгүй, дээр нь барилгын чанар маш муу, инженерийн шугам сүлжээний холболт хийгдээгүй зэргээс болж зарим барилга нь эвдэрч, цуурч, мөөгөнцөртсөн байсан.

ТББ байгуулагдаж, ашиглалт, менежмэнтийн үйл ажиллагааг хэвийн явуулах нөхцөл бүрдсэнээр одоогоор тус төвд байгаль орчны чиглэлээр хурал, зөвлөгөөн, сургалт, семинар зохион байгуулж байна.

Цаашдаа аялал жуулчлал, байгаль орчны судалгаа, шинжилгээ хийдэг томоохон төв болгон хөгжүүлэх зорилго тавьж байгаа.

Хэн ч гэсэн хардах эрхтэй юм болохоор эрдэм шинжилгээний төвийг хэн нэгэн хувьдаа авчихсан мэтээр буруу ташаа мэдээлэл цацагдсан.Тийм  асуудал байхгүй. 

ТББ-ыг байгуулахад манай зарим эрдэмтэн, судлаачид ч  оролцож,  тусалж ирсэнд талархаж явдаг. 

-Уг төвийн барилгын өмчлөлийн асуудал хөндөгдөж байсан. Өнөөдөр яг хаанахын өмчлөлд байна вэ?

-Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Төсвийн хөрөнгө оруулалтаар бий болсон хөрөнгө нь төрийн болон орон нутгийн өмч байна.

Төсөвт авсан зээл, хандив, дэмжлэг, тусламжаар бий болсон хөрөнгө үүнд нэгэн адил хамаарна” гэсэн заалт байдаг. Энэ судалгааны төв дээр энэ хуулийн заалт хэрэгжиж байгаа. Цаашид харин өмчийн ашиглалтын асуудлыг төрд хариуцуулах чиглэлээр ажиллаж байна. 

Тэнд ажиллаж байгаа хүмүүсээ цалинжуулах, урсгал зардлаа санхүүжүүлэх, Улаанбаатар хотоос зайтай оршдог зэргээс болоод бас хүндрэл бэрхшээл гардаг.

Энэ бүх асуудлыг шийдвэрлээд үйл ажиллагааг  хэвийн явуулахын тулд олон хүн хичээж зүтгэж байгаа. Хотоос алслагдмал уулын мухарт сэтгэлээрээ ажиллаж байгаа төвийнхөө ажилчдад талархаж явдгаа хэлмээр байна.