Х.Баделхан: Төрийн өмчит ААН-үүдийн хэд нь ашигтай, хэд нь алдагдалтай ажилласан бэ?
2016 оны 6 дугаар сарын 21-нд өргөн мэдүүлсэн Монгол Улсын нэгдсэн төсвийн 2015 оны гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлан, Монгол Улсын 2015 оны төсвийн гүйцэтгэлийг батлах тухай УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар хийлээ. Хэлэлцэх асуудлын үеэр УИХ-ын гишүүн Х.Баделхан асуулт асуулаа.
Тэрээр эргэн төлөгдөх нөхцөлтэй зээл болоод төрийн өмчит компаниудын талаар асууж, сонирхсон юм.
УИХ-ын гишүүн Х.Баделхан
- Эргэн төлөгдөх нөхцөлтэй авсан зээл, хөрөнгө оруулалтын хэмжээ хоёрын хоорондын харьцаа 2015 онд ямар байсан бэ?
- Төрийн өмчит 103 компаниудын хэд нь ашигтай, хэд нь алдагдалтай ажилласан бэ?
Үндэсний аудитын газрын дарга, Монгол Улсын Ерөнхий аудитор А.Зангад
Эргэн төлөгдөх нөхцөлтэй авсан зээлийн талаар тайлангийн 11 дүгээр хуудсанд Буцаан төвлөрүүлэхээр төлөвлөсөн зээлийн 46 хувь нь төлөгдөөгүй байна гэж тайланд дэлгэрэнгүй тусгасан. Эргэн төлөгдөх нөхцөлтэй Хөгжлийн банкны зээлийн талаар би өөрийн тавьсан тайланд нийт дүнгээр хэлсэн.
2015 оны Төсвийн тухай хуульд Хөгжлийн банкны эргэн төлөгдөх нөхцөлтэй авсан зээлийг тусгаж эхэлсэнтэй холбоотой дүн тавьсан байгаа. Төрийн өмчит компаниудын ашиг, алдагдлын талаар энд тодорхой хэлэх боломжгүй байна. Жагсаалтаар гаргаад өгье.