2015 онд Засгийн газрын бонд, урьдчилгаа төлбөрийн хүүнд 67 тэрбум төгрөг өгсөн
Монгол Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого 2015 онд 5,981.1 тэрбум төгрөгт хүрч, төлөвлөсөн дүнгээс 3.3 хувь буюу 141.7 тэрбум төгрөгөөр дутуу төвлөрсөн байна. Харин 2015 оны төсвийн орлогын гүйцэтгэлийг 2014 оны мөн үетэй харьцуулахад 295.5 тэрбум төгрөгөөр буюу 4.7 хувиар буурсан байна.
Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн дагуу 2015 онд Төсвийн тогтворжуулалтын санд 2.3 тэрбум төгрөгийг төвлөрүүлсэн байна. Нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого 2009 оноос хойш таван жил тасралтгүй өсч байсан бөгөөд харин 2015 онд 4.7 хувиар буурлаа.
Тайлант онд татварын орлогын бүрдүүлэлт 5,119 тэрбум төгрөгт хүрч, төлөвлөсөн дүнгээс 8.3 тэрбум төгрөгөөр илүү буюу 0.2 хувиар давсан байна.
Татварын орлогын төрлүүдээс нэмэгдсэн өртгийн албан татвар 149 тэрбум, онцгой албан татвар 52 тэрбум, нийгмийн даатгалын шимтгэл, хураамж 30.8 тэрбум төгрөгөөр тус тус төлөвлөгөөнөөс тасарсан ч,аж ахуйн нэгжийн орлогын албан татвар 169.7 тэрбум, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр 62.4 тэрбум төгрөгөөр тус тус төлөвлөгөөнөөс давсан нь нийт татварын орлого өндөр байхад голлон нөлөөлжээ.
Харин татварын бус орлогын гүйцэтгэл 862.1 тэрбум төгрөгт хүрч, төлөвлөснөөс 150 тэрбум төгрөгөөр тасарч, 85.2 хувийн биелэлттэй байна. Хувьцааны ногдол ашиг 84 тэрбум, төсөвт байгууллагын өөрийн орлого 25.9 тэрбум, өмч хувьчлалын орлого 28.6 тэрбум төгрөгөөр тус тус төлөвлөснөөс тасарсан нь нийт татварын бус орлого дутуу биелэхэд голлон нөлөөлжээ.
Монгол Улсын нэгдсэн төсвийн орлогын гүйцэтгэлийг төсөв тус бүрээр нь авч үзвэл улсын төсвийн орлогын төлөвлөгөөний биелэлт 95 хувь, орон нутгийн төсвийн орлогын биелэлт 98 хувь, хүний хөгжил сангийн орлогын биелэлт 118 хувь, нийгмийн даатгалын сангийн орлогын биелэлт 96 хувь байна.
Монгол Улсын нэгдсэн төсвийн нийт зарлага 2015 онд 7,138 тэрбум төгрөгт хүрч, төлөвлөсөн дүнгээс 5.2 хувь буюу 392.3 тэрбум төгрөгөөр дутуу зарцуулагдсан байна.
Бараа, үйлчилгээний зардал 152.1 тэрбум, дотоод эх үүсвэрээс олгох хөрөнгийн зардал 290.8 тэрбум төгрөгөөр тус тус дутуу зарцуулагдсан нь нийт зардлын гүйцэтгэлд голлон нөлөөлсөн байна.
Тайлант 2015 онд улсын төсвийн зарлага 5,218.5 тэрбум төгрөг байхаар төлөвлөснөөс 4,996.9 тэрбум төгрөгийн гүйцэтгэлтэй гарч, 95.8 хувийн буюу 221.6 тэрбум төгрөгийн дутуу биелэлттэй байна.
Орон нутгийн төсвийн зарлага 2,079 тэрбум төгрөгт хүрч, төлөвлөсөн дүнгээс 10.3 хувь буюу 238 тэрбум төгрөгөөр дутуу зарцуулагдсан байна. Орон нутгийн төсвөөс улсын төсөвт 13 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлсэн байна.
Хүний хөгжил сангийн зарлага 308 тэрбум төгрөгт хүрч, төлөвлөсөн дүнгээс 6.2 хувь буюу 20 тэрбум төгрөгөөр бага байна. Тус сангаас 2014 онд 0-18 насны хүүхэд бүрт сар бүр олгох 20 мянган төгрөгт 225.7 тэрбум төгрөг, төр хариуцах иргэний ЭМД-ын шимтгэлээр 12.0 тэрбум төгрөг тус тус зарцуулсан байна.
Мөн Засгийн газрын бонд болон урьдчилгаа төлбөрийн хүүний төлбөрт 67 тэрбум, хөрөнгө оруулалтад 3 тэрбум төгрөгийг тус тус зарцуулжээ.