Их, дээд сургуулийн сургалтын төлбөр нэмэгдэхгүй
БСШУС-ын сайд Ж.Батсуурь
2016.08.02

Их, дээд сургуулийн сургалтын төлбөр нэмэгдэхгүй

2016-2017 оны хичээлийн шинэ жил эхлэх гэж байна. Үүнтэй холбогдуулан БСШУС-ын сайд Ж.Батсуурь, тус яамны сургуулийн өмнөх, бага боловсролын хэлтсийн дарга Б.Гантулга, Санхүү эдийн засгийн газрын дарга Д.Батмагнай, Суурь, бүрэн дунд боловсрол хариуцсан хэлстийн дарга А.Туяа нар мэдээлэл /өчигдөр/ хийлээ.

Ж.Батсуурь: МУИС-ийн захирал төлбөрөө нэмэхгүй гэсэн

Энэ хичээлийн жилд сургалтын төлбөр нэмэгдэхгүй байх бодлого баримталж, үүний дагуу Төрийн өмчийн их, дээд сургуулиудын захиралд албан тоот, зөвлөмж хүргүүлж ажиллалаа. Мөн ихэнхи сургуулийн захирлуудтай биечлэн уулзсаны дагуу энэ хичээлийн жилд сургалтын төлбөрийг огт нэмэгдүүлэхгүй байхаар тохирлоо. Өөрөөр хэлбэл өнгөрсөн жилийн сургалтын төлбөртэй адил төлбөрөөр оюутан сургана гэсэн үг юм.

Мөн хувийн их дээд сургуулиудын холбоо гэж байдаг. Энэ холбооны удирдлагуудтай уулзсан. Тэд ч гэсэн сургалтын төлбөрөө нэмэхгүй байх тохиролцоонд хүрсэн. МУИС-ийн төлбөр нэмэгдсэн гэдэг зүйлийг оюутнууд хэлж байна. Тус сургуулийн ректор Р.Бат-Эрдэнэтэй би өөрөө биечилж уулзаж саналаа хэлсэн. Тэрбээр надад энэ хичээлийн жилд сургалтын төлбөрөө огт нэмэгдүүлэхгүй байхаар ярилцаж шийдсэн гэдэг хариу өгсөн.

Б.Гантулга: Цэцэрлэгийн элсэлтийг сугалаагаар шийдэж магадгүй

Жил бүрийн намар цэцэрлэгийн хүрэлцээний асуудал хөндөгддөг. Гэхдээ энэ жил цэцэрлэг олноор баригдаж ашиглалтад орж байгаа, мөн өрөө тасалгааны ашиглалтыг сайжруулах замаар цэцэрлэгт хамрагдах хүүхдийн тоог нэмэх, дэргэдээ цэцэрлэг ажиллуулах сонирхолтой аж ахуйн нэгжид тусгай зөвшөөрлийг нь саадгүй олгох замаар эл асуудлыг хамгийн боломжтой төвшинд барьж ажиллах чиглэлийг салбарын сайд нь бүх газарт хүргүүлсэн. Улмаар цэцэрлэгийн насны хүүхдийн элсэлтийн тоог 16 мянгаар нэмэгдүүлэх арга хэмжээг авч хэрэгжүүллээ. Энэ хугацаанд 6 мянга орчим хүүхдийн багтаамжийг нэмэгдүүлсэн.

Тэгэхээр 60 цэцэрлэг нэмэгдэж баригдана гэсэн үг. Энэ бүхнээр тооцоод үзэхэд аймгуудын хэмжээнд цэцэрлэгт хамрагдалт 84.6 хувьтай байх бол нийслэлд 70 гаруй хувьтай байх тооцоо гараад байна. Боломжгүйг нь Хүүхэд харах үйлчилгээнд хамруулах ажил хийгдэнэ. Шинээр сургалтын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл авсан 2225 хүүхдийн хүчин чадалтай 44 төрийн бус өмчийн цэцэрлэг байгаа. Энэ цэцэрлэгүүдэд элсэх хүүхдийн тоо, ачаалал зэргийг харгалзан зарим дүүргүүдэд цэцэрлэгийн бүртгэлийг сугалаагаар шийдэж магадгүй. Энэ ажлыг манай яам биш Нийслэлийн Боловсролын газраас хэрэгжүүлнэ. Мөн нэгдүгээр ангид 27 мянган хүүхэд элсэнэ. Тэдний бүртгэлийг ч мөн НБГ хариуцан ажиллана.

Д.Батмагнай: Засварын ажил 15-нд дуусна

2016 оны боловсролын их засварт 89 төсөл арга хэмжээ хэрэгжүүлж, 6.8 тэрбум төгрөг зарцуулахаар баталсан. Үүний 49 төсөл арга хэмжээний эрхийг орон нутагт олгосон байгаа. Одоогийн байдлаар 10 сургууль, 7 цэцэрлэг, 4 шинжлэх ухааны байгууллага нийт 23 обьектын засварын ажил бүрэн дуусссан. Бид сайдаас чиглэл аваад бүх орон нутагт хийгдэж байгаа их засварын ажлыг энэ сарын 15 гэхэд дуусгахаар үүрэг чиглэл өгөн ажиллаж байна. Цаашдаа сургуулийг тоог нэмэх чиглэлээр олон ажил хийж байна. Тухайлбал, Концесын гэрээгээр дөрвөн сургууль баригдана. Үүнд 14, 32, 73, 38 дугаар сургуулийн ажил багтаж байгаа юм. Эдгээр сургуулийн барилгын ажил 30 гаруй хувьтай явж байна. Мөн 33 дугаар сургуулийн өргөтгөлийн ажил эхэлсэн байгаа. Их засварын мэдээг долоо хоног болгон орон нутаг нийслэлээс авч байна. Одоогийн байдлаар улсын хэмжээнд сургууль засварын ажил 64 орчим хувьтай явж байна. Үүнээс 90 хувийн гүйцэтгэлтэй засвар нь хийгдсэн барилга нэлээд хэд байгаа.

А.Туяа: 1-7 дугаар ангийн сурах бичгийг хэвлэж дууссан

Энэ жилийн хувьд 1-7 дугаар ангийн сурах бичгийг нөхөн хангалтаар бүрэн хэвлээд Боловсрол, соёлын газруудад хүргэсэн байгаа. Тиймээс хичээлийн жил эхлэхээс өмнө 1-7 дугаар ангийн хүүхдүүд бүрэн сурах бичигтэй болно. Харин 8-9 дүгээр ангийн сурах бичгийн хувьд одоогийн байдлаар худалдан авалтын үйл ажиллагаа дуусаад хэвлэлийн газрууд дахин хэвлэж байна. Улмаар наймдугаар сарын 18 гэхэд хэвлэлтийг дуусгана.  Бас нэг асуудал гэвэл 6-12 дугаар ангийн сурах бичгийг зах зээлд борлуулах ажил байдаг. Компаниудтай үнийн хэлцэл хийж зөвшөөрсний дагуу зах зээлд борлуулах компанийн эрхийг сайдын тушаалаар батлан олгосон байгаа. Өнөөдрөөс эхлэн эрх авсан компаниудтай гэрээ байгуулах ажил явагдаж байна.

Сурагчдын дүрэм хувцсыг бага дунд боловсролын тухай хуулинд заасны дагуу аймаг нийслэлийн боловсролын газар өөрийн харъяа сургуулиудад өмсгөх хүүхдийн дүрэм хувцасны загварыг баталдаг. Бид энэ загварыг хоёр жилийн өмнө баталсан. Ханган нийлүүлэх ажлыг дүрэмт хувцасны компаниуд хийдэг. Нэгдүгээр ангид 65 мянган хүүхэд элсэнэ. Тэдгээр хүүхэд шинэ дүрэмт хувцсаа авна байх. Хамгийн гол зохицуулалт бол сургуулиуд сурагчын дүрэмт хувцас үйлдвэрлэдэг компанитайгаар гэрээ байгуулна. Харин эцэг эхчүүд орон нутгийн олон нийтийн байгууллагуудтайгаа хамтран тэдэнд хяналт тавих зарчмаар ажиллах хэрэгтэй. Цаашид батлагдсан загварын дүрэм хувцсаар үргэлжлүүлэн жигдрүүлэх ажил үргэлжилнэ. Сурагчын дүрэм хувцасны материал шүүмж дагуулдаг. Гэвч материал нь эдэлгээ даах, хүүхдийн эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй. Хүүхэд дор хаяж хоёр жил өмсөх шаардлага тавьж баталсан. Үүний дагуу үйлдврэлэж байгаа.Үнэд БСШУ спортын яам ямар ч холбоогүй. Захиалсан сургууль нь аль компанид захиалав. Захиалагч нь сургууль учраас үүнд хяналт тавих үүрэгтэй.