Америкийн оюутны хотхонуудад амьдардаг Хятадын шинэ үеийн баячууд
2016.05.26

Америкийн оюутны хотхонуудад амьдардаг Хятадын шинэ үеийн баячууд

Гадаадад суралцаж буй хятад оюутнууд хичээнгүй, мөнгөндөө гамтай, идеалист гэж үнэлэгддэг байсан. Одоо тийм байхаа больжээ.

Хорь хүрэхгүй жилийн дотор АНУ-д суралцдаг хятад оюутнуудын дүр төрх тун хурдацтай хувьсан өөрчлөгджээ. 1980 оны Дэн Сяопины “Нээлттэй хаалга”-ы бодлогын ачаар хятад оюутнуудад  АНУ-д суралцаж, тэтгэлэг авах боломж анх олдож байсан. Тухайн үеийн оюутнууд бол хятад үндэстний хамгийн шилдэг нь байв. Олон улсын тэтгэлэгт хамрагдаж, Бээжингийн Засгийн газраас мөнгөн тусламж хүртдэг байсан бөгөөд эх орноо ядуурал, тогтворгүй байдлаас гаргаж, боломжоор дүүрэн улс болгохыг зорьдог байжээ. Түүнчлэн тэдний ихэнх нь АНУ-д үлдэж, ногоон карттай болж, өөрсдийгөө Америкийн нийгэмд шингээхийг хүсдэг байсныг дурдах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл америк мөрөөдлийг хэрэгжүүлэхээр шийдсэн үе саяхан мэт санагдана.

Харин 2015 оны оюутнуудын хувьд Америкт суралцах явдал бол Хятад мөрөөдөлд хүрэх тулгуур шат болох аж. Хятадын дундаж давхаргынхны худалдан авах чадвар сайжирч, тус давхаргад хамаарах иргэдийн тоо нэмэгдэхийн хэрээр 1980-аад оны хичээнгүй, даруухан оюутнуудын дүр төрх нь эх нутагтаа эргэн очиж, гэр бүлийн бизнесээ эрхлэн явуулах зорилготой чинээлэг гэр бүлийн хоёр дахь үеийн залуусаар солигджээ.

... Шинэ үеийн баячууд сургалтын төлбөрөө бүтнээр нь төлдөг бөгөөд голдуу санхүү, бизнесийн менежмент, эдийн засгийн чиглэлээр суралцаж, цагийг хятад найзуудынхаа хамт өнгөрүүлдэ ...

Тухайлбал Лос-Анжелас дахь Калифорнийн Их сургуульд хятад оюутнуудын дэд хотхонууд олноор бий болсон.  

1981 онд эрдэм өвөрлөхөөр АНУ-г зорьсон Эрхфей Лиу өөрийн суралцаж байсан түүхээ ийнхүү хуучлав: “Бид Америкт гар хоосон буусан. Бид гадуур хооллодоггүй, үдэшлэгт явдаггүй байсан. Америк оюутнууыг ямар баян юм бэ л гэж боддог байсан үе. Тухайн үед АНУ-ын цалингийн доод хэмжээ нь бидний хувьд тун өндөр санагддаг байлаа. Миний нэг эмэгтэй найзын аав нь тухайн үеийн Хятадын нөлөө бүхий 10 өндөр албан тушаалтны нэг байсан юм. Тэгсэн мөртлөө л оюутны зээлээ төлөхийн тулд гурван жилийн туршид айлд гэрийн үйлчлэгч хийж, цагийн ажил эрхэлдэг байсан”. Лиуг төгсөх жил БНХАУ-ын нэг хүнд ноогдох ДНБ 249 ам.доллартай тэнцэж байв.

Гэтэл одоо БНХАУ-ын ДНБ нь $7,593 байх бөгөөд  энэ тоо нь 1984 оныхоос даруй 30 дахин их юм. Хятадын хурдацтай өсөлт хэдэн зуун тэрбумтнуудыг төрүүлж, хэдэн сая хүмүүсийг дундаж давхаргад аваачсан тул хүүхдүүдээ гадаадад суралцуулж, төлбөрийг нь бүтнээр нь төлөх бол тийм ч том асуудал биш аж.

Үүнээс гадна 2014 оны Колумбын Их сургуулийн шинэ жилийн үдэшлэгийг хятад оюутнууд спонсорлож байснаас гадна 2014 оны 11 сард хятад оюутнуудад зориулсан загварын шоуг зохион байгуулж байв. Энэ мэт олон арга хэмжээнүүдийг ивээн тэтгэх болсноор хятад оюутнууд америк оюутнуудаас баян гэх явган яриа дэгдээд уджээ. Үүний өөр нэгэн шалтгаан бол гадаад оюутнуудын сургалтын төлбөр хавьгүй өндөр байдаг. Түүнчлэн хятад оюутнуудын суралцдаг хотуудад амьдрах өртөг ч гэсэн өндөр. Гэтэл хятад оюутнуудад энэ нь тийм ч том асуудал биш юм.

Өнөөдрийн оюутнуудын ялгарах онцлог нь дан ганц зузаан хэтэвч биш юм. Тэдний гадаадад суралцах зорилго хүртэл өөрчлөгджээ. Өмнөх үеийн оюутнууд өөрийгөө хөгжүүлснээр Хятадын нийгэмд шинэчлэлийг авчирч чадна гэсэн бодлыг өвөртөлж явдаг байсан. Харин шинэ үеийн оюутнууд хавдрыг эмчилж сурах юм уу, эсвэл эх орондоо үйлчлэхийн тулд гадаадад суралцаагүй.

... Тэд өөрсдийн борлогдох чадварыг сайжруулахыг хүсдэг тул дийлэнх нь бизнес, санхүү, менежментийн чиглэлээр суралцдаг. Харин урлагийн чиглэлээр суралцдаг оюутан маш цөөн юм ...

Эдгээр оюутнуудын эцэг эхчүүд хөрөнгөө төрөлжүүлэхийг хүсдэг. Үүнээс гадна Америк сургуулийн сургалтын төлбөрийг төлөх нь нийгэмд эзлэх гэр бүлийн статусаа өргөх бас нэгэн арга юм. Хүүхэд нь гадаад суралцдаг гэх нь эцэг эхчүүдийнх нь хувьд  BMW унаж, Louis Vuitton брэндийн цүнх барьсантай адил хэрэг болдог. Тэдний хүүхдүүд элсэлтийн шалгалтад бэлтгэх нь тун ховор. Учир нь бага ангиас нь эхлэн сонгосон сургуулийнхаа олон улсын факультат нь сургадаг тул гадаадад сурах амархан аж.