Харанга хамтлаг Алдарын од хүртлээ
2016.08.01

Харанга хамтлаг Алдарын од хүртлээ

“Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд “Хонхны дуу” клубын санаачилгаар Монголын рок попын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан хамтлаг, дуучдыг алдаршуулах зорилгоор “Алдрын од”-оор шагнаж, хүндэтгэлийн самбарыг байршуулдаг уламжлалтай болсон.

Энэ жилийн “Алдрын од”-ын эзнээр Харанга хамтлаг шалгарсан бөгөөд өнөөдөр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд “Алдрын Од” хүндэтгэлийн зүүсгэлийг нь гардуулан өгч, Харанга хамтлагийн хүндэтгэлийн самбарыг СТӨ-ний хажууханд байршууллаа. 

Хүндэтгэлийн самбар байршуулах нээлтийн үеэр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд “Хүн амын тоо нь 1 саяас дээш давсан дэлхийн томоохон хотууд соёл урлагийнхаа салбарт үнэтэй хувь нэмэр оруулсан уран бүтээлчдээ алдаршуулан, нэрийг нь мөнхөлдөг. Энэ л жишгийн дагуу Монголын рок поп урлагийн түүхэнд үнэтэй хувь нэмэр оруулсан уран бүтээлч хамтлаг дуучдыг шалгаруулж, “Алдрын од”-ын эзнээр тодруулж, алдаршуулдаг уламжлал 2015 оноос эхлэн тогтсон. “Алдрын од”-ын эзэн болсон Харанга хамтлагийн гишүүдэд баяр хүргэж, цаашдын уран бүтээлд өндрөөс өндөр амжилт хүсье” гэлээ.

Харанга хамтлагийн ахлагч Ц.Энхманалай, “Өнөөдөр бид маш их баяртай байна. Бидний хийсэн, бүтээснийг үнэлж энэ шагналыг олгож байгаа ч энэ нь илүү ихийг бүтээгээрэй гэсэн захиас болов уу гэж бид ойлгож байна. Бид цаашдаа оюун ухаанаасаа шүүж, шүүрдэж авсан олон уран бүтээлүүдээ толилуулсаар байх болно” гэлээ. “Алдрын од” гардуулах ёслолын ажиллагаанд Харанга хамтлагийн гишүүдийн гэр бүл, найз нөхөд, сонсогч фенүүд нь хүрэлцэн ирсэн байлаа гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.