Шинэ үеийн Цэрмаа юугаараа өөр вэ?
"Өнөр бүл" киноны гол дүр Цэрмаа, "Өнөр бүл өнөө цагт" киноны гол дүр Цэрмаа
2016.05.13

Шинэ үеийн Цэрмаа юугаараа өөр вэ?

"Эдүгээчилсэн монгол кино" төсөл эхэллээ. Төслийн нээлт болгож, "Монгол кино нэгтгэл", "Hulegu pictures" хамтын бүтээл "Өнөр бүл өнөө цагт" кино энэ сарын 15-нд албан ёсны нээлтээ хийж, үзэгч түмэндээ олон хүний хөдөлмөрөөр бүтсэн бүтээлээ толилуулах гэж байна. "Өнөр бүл" киноны зохиолыг Д.Дожоодорж бичиж байсан бол эдүгээчилсэн киноны зохиолыг Т.Номуунзул бичсэн байна. Киноны ерөнхий продюсероор Н.Отгонбат, гүйцэтгэх продюсероор Ч.Билгүүн, Т.Номуунзул нар ажиллаж байгаа бол найруулагчаар С.Баттулга, ерөнхий зураглаачаар А.Энхгэрэл, хөгжмийн зохиолчоор Г.Даваахүү, ерөнхий зураач О.Гүен, дууны найруулагч О.Нарангэрэл, дууны оператор Г.Эрдэнэхүү, эвлүүлэгчээр О.Цэнгүүн нарын өргөн бүрэлдэхүүнтэй баг ажилласан юм.

"Өнөр бүл өнөө цагт" киноны постер

Киноны гол дүр "Шинэ үеийн Гармаа"-гийн дүрд жүжигчин Д.Баттөмөр, "Шинэ үеийн Цэрмаа"-гийн дүрд "Боловсрол суваг" телевизийн редактор Б.Болормаа нар тогложээ. "Өнөр бүл" киноны "Гармаа"-гийн дүрд мэргэжлийн жүжигчин Ч.Алтан-Өлзий тоглож байсан бол "Цэрмаа"-гийн дүрд дуучин Ц.Чулуунцэцэг тоглож байсан. Тэгвэл энэ удаад "Шинэ үеийн Цэрмаа"-гийн дүрийг сэтгүүлч мэргэжилтэй бүсгүй бүтээж байгаа гэдгээрээ онцлог. Тэр хэрхэн тоглох бол? Үзэгч та энэ сарын 15-наас эхлэн кино театруудаар гарах "Өнөр бүл өнөө цагт" киноноос үзээрэй. Манай сурвалжлах баг тус киноны хэвлэлийн бага хурлын үеэр киноны уран бүтээлчидтэй хэдэн хором ярилцсанаа хүргэж байна. 

"Гармаанууд"

"Цэрмаанууд"

АЖ Г.Мягмарнаран

Г.Мягмарнаран: За энэ киног хийе. Та бүхний санаа сонирхолтой байна, эр зоригийг чинь үнэлж байна гэдгээ хэлсэн.

АЖ Г.Мягмарнаран тус кинонд тоглож, хамтран ажиллах саналыг авсан даруйдаа ихээхэн шүүмжлэлтэй хандаж байжээ. Гэсэн ч тэрээр кино багийнхантай ойлголцож, "Өнөр бүл өнөө цагт" киноны үйлдвэрийн даргын дүрд тоглосон байна.

"Сэтгэлд хоногшсон энэ сайхан киног дахин хийнэ гэдэг амар биш. Би киноны найруулагч, проюдсер нартай олон дахин санал солилцсон. Та нар яагаад энэ бүтээлийг сонгох болов, аймгийн заан байж улсын аваргыг амлах дайны юм байж болох уу? гэх зэргээр асуудлыг хурцаар гаргаж тавьсан. Өнгө, будаг төдий зүйл болохоор бол энэ киног хийгээд ямар ч хэрэг байхгүй гэдгээ илэрхийлсэн юм. Ингэж ярьж байхдаа би залуусын зүрх зориг, юм хийе гэсэн чин эрмэлзлэлийг мохоож байна уу даа гэж бодсон. Гэхдээ энэ нь тэднийг мохоох биш харин ч хурцалж өгсөн гэж бодож байна. Кино багийнхан надад кино хийж буй зорилго, киногоороо дамжуулан нийгэмд хэлэх санаагаа сайтар тайлбарлаж, ойлгуулсан. Зохиолтой танилцаж үзээд нэг л зүйлийг анхааруулсан. За энэ киног хийе. Та бүхний санаа сонирхолтой байна, эр зоригийг чинь үнэлж байна гэдгээ хэлсэн. Би ч өөрийнхөө зүгээс зөвлөгөө өгч, хамтран ажиллалаа. “Өнөр бүл” киноны үйлдвэрийн даргын дүрд бидний багш Б.Пүрэв тоглосон. Харин би “Орчин үеийн үйлдвэрийн дарга”-ын дүрд тоглолоо."

МУСТА, кино найруулагч С.Баттулга

С.Баттулга: Алтан үеийн, сэтгэл хоногшсон киног өнөө цаг руу буулгаж найруулна гэдэг маш амаргүй бөгөөд хариуцлагатай ажил байлаа

Найруулагч С.Баттулга киног 1980 оны үйл явдал, нөхцөл байдлыг өнөө цагт тэр үеийнхээр нь харуулна гэсэн бол тус киног найруулахаас татгалзах байсан гэдгээ хэвлэлийн хурлын үеэр илэрхийлсэн юм. Харин орчин үед хөрвүүлэн, 36 жилийн дараах үйл явдлыг харуулж байгаа гэдгээрээ өөрт нь ойр гэдэг утгаараа киног найруулжээ. 

“Өнөр бүл өнөө цагт” кино нь “Монгол кино” нэгтгэл, Хүлэгү pictures-ийн анхны уран бүтээл гэдгээрээ онцлог. Манай кино багийнхан ямар киног эдүгээчилж хийх талаар хоорондоо ярилцаж, санал бодлоо солилцсон. Нилээд ярилцсаны эцэст “Өнөр бүл” МУСК бол Монголчуудын зүрх сэтгэлд хоногшсон сайхан кино гэдэг утгаар нь сонгосон. 1980 онд олны хүртээл болсон уг киног 36 жилийн дараа эдүгээчилж хийлээ. “Өнөр бүл” кино хийгдэж байх үед харилцаа холбоо сайн хөгжөөгүй, хөдөлгөөнт бус суурин утсаар хүмүүс хооронд харилцдаг байсан. Тэгвэл мэдээллийн технологи, харилцаа холбоо өндөр хөгжсөн өнөө үед залуусын амьдрал, хайр дурлал хэрхэн өрнөж байгааг энэ киногоороо харуулахыг зорьсон. Алтан үеийн, сэтгэлд хоногшсон киног өнөө цаг руу буулгаж найруулна гэдэг маш амаргүй бөгөөд хариуцлагатай ажил байлаа."

МУСТА, жүжигчин Д.Баттөмөр

Д.Баттөмөр: Ард түмний хайртай дүрд дахин тоглоно гэхээр эхэндээ эмээж байлаа.

Жүжигчин Д.Баттөмөр "Өнөр бүл" киног хүүхэд насандаа хэд үзээд ч уйддаггүй байж. Тэгвэл өнөөдөр тэр "Шинэ үеийн Гармаа"-гийн дүрд өөрт байгаа бүхий л нөөц боломжоо дайчлан тоглосон байна. 

“Монгол кино” нэгтгэл, “Хүлэгү” pictures-ийн анхны уран бүтээл “Өнөр бүл өнөө цагт” киноны Гармаагийн дүрд тоглосондоо маш их баяртай байна. 1980 онд Зохиолч Д.Дожоодорж, найруулагч Д.Жигжид нарын туурвисан “Өнөр бүл” киног хүүхэд насандаа үзээд баясан инээж, жүжигчдээр нь бахархаж байлаа. Энэхүү гайхалтай уран бүтээлийн эдүгээчилсэн хувилбарын гол дүрд тоглох завшаан олдсонд маш их олзуурхсан. “Гармаа”-гийн дүрийг МУГЖ Ч.Алтан-Өлзий маш сайн бүтээж, ард түмэнд хайрлагдсан, хүндлэгдсэн, олонд танигдсан жүжигчин болсон. Тиймээс ард түмний хайртай дүрд дахин тоглоно гэхээр эхэндээ эмээж байлаа. Нэгэнт олны сэтгэлд хоногшсон дүрд дахин шинээр тоглоно гэдэг асар хүнд, маш том хариуцлага гэж ойлгож, дүр дээрээ ажилласан. Кино багийнхан тэр дундаа найруулагчтай тулж ажилласны үр дүнд “Шинэ үеийн Гармаа”-г үзэгч түмэндээ хүргэж байгаад уран бүтээлчийнхээ хувьд баяртай байна. 1980 оны энэхүү уран бүтээлийг одоогийн хүүхэд, залуучууд тэр бүр мэдэхгүй байгааг манай кино багийн судалгаа харуулж байна. Тиймээс ч “Өнөр бүл өнөө цагт” киног хийснээр алтан үеийн сэтгэлд хоногшсон бүтээлийг хойч үедээ таниулах, алдаршуулах зорилгоор энэ киног хийсэн."

"Өнөр бүл өнөө цагт" кино дэлгэцэнд гарах гэж байгаатай холбогдуулан фото зургийн уралдаанд зарласан байна. Уралдааны ялагч нэг сая төгрөгийн эзэн болох юм. 

Өнөр бүл, өнөө цагт УСК-ны фото зургийн уралдаанд ирүүлсэн А.Баттулгын зураг

 

"Өнөө бүл өнөө цагт" киноны хэвлэлийн бага хурлын үеэр

"Өнөр бүл өнөө цагт" кино группийнхэн