ИЛҮҮ САЙХАН НИЙГМИЙН ТӨЛӨӨ МАРКЕТЕРҮҮДИЙН ОРОЛЦОО ЧУХАЛ
"Дижитал энд Инбаунд Маркетинг" ХХК, Гүйцэтгэх захирал Б.Батмөнх
2024.08.28

ИЛҮҮ САЙХАН НИЙГМИЙН ТӨЛӨӨ МАРКЕТЕРҮҮДИЙН ОРОЛЦОО ЧУХАЛ

Жижиг дунд бизнес эрхлэгчид маркетингийн багтай байх нь цөөн. Учир нь маркетингийг цогцоор нь хийе гэвэл багадаа 6-7 хүнтэй баг ажиллах шаардлагатай тул тэдгээр хүмүүсийг сар бүр цалинжуулах санхүүгийн боломж хязгаарлагдмал.

Бүхий л салбарт хүний нөөцийн асуудал толгойн өвчин болсон энэ үед маркетингийн салбарт ажиллах дизайнер зураглаач, эвлүүлэгч, гэх мэт мэргэжилтэн, ажиллах хүч хомс байна. Жижиг дунд бизнес эрхлэгчдэд тулгарч буй эдгээр асуудлуудыг хараад 1-2 хүний сарын цалинтай тэнцэх хэмжээний төсвөөр дижитал маркетингийн цогц үйлчилгээг хэрхэн, үр дүнтэй хүргэх вэ гэдэгт манай компанийн үндсэн үйл ажиллагаа төвлөрдөг. Ингэхдээ, тухайн компани ямар зах зээлд, зорилтод худалдан авагч, үйлчлүүлэгч нь хэн гэдгээс хамаараад маркетингийн концефц боловсруулж төлөвлөгөө гарган, түүний дагуу гүйцэтгэлийг нь хийдэг. 

Дижитал маркетинг нь бизнесийн байгууллагуудын хувьд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ хайлтын систем, сошиал медиа, имэйл, өөрийн веб хуудас гэх мэт дижитал сувгуудыг ашиглан одоогийн болон боломжит хэрэглэгчдэдээ мэдээлэл хүргэж, харилцаа үүсгэдэг маркетингийн аргачлал. Дижитал сувгуудад зөвхөн интернэтээр хязгаарлахгүй бидний өдөр бүр ашигладаг гар утас, зөөврийн компьютер, суурин компьютер, таблет, телевизийн сувгууд, видео тоглоом, апп, дижитал брошур гэх мэт зүйлсийг ч хамруулж болно. Уламжлалт маркетингийн хэрэгслүүд нь хэрэглэгчийг тогтсон цагт хэрэгцээт мэдээллээ авахад тусалдаг бол дижитал маркетинг нь ухаалаг төхөөрөмжөөр дамжуулан хэрэглэгчид хэзээ ч, хаанаас өөрт хэрэгцээт мэдээ мэдээлэл, контентыг хүлээн авах боломж олгодог. Дижитал маркетингийн бас нэгэн гол давуу тал нь харьцангуй бага зардал, хэмжиж болох үр дүн гэж хэлж болох юм. Дижитал сувгууд хурдацтай хөгжих болсноор маркетинг, сурталчилгааны шинэ боломж, арга хэрэгслүүд гарч ирсээр байгаа.

Интернэт хэрэглэгчдэд нийцсэн сурталчилгаа явуулахын тулд онлайн зан төлөвт суурилсан сурталчилгаа ч хурдацтай хөгжиж байна.Дижитал маркетингийн онцлог нь технологиос шууд хамааралтай бөгөөд технологи хөгжих тусам жижиг дунд бизнесүүд, том бизнесүүдтэй өрсөлдөх боломжтой болж буй. Нэг үгээр хэлбэл, дижитал маркетинг нь том жижиг компаниудаас үл хамааран өрсөлдөх боломжийг олгодог. Уламжлалт маркетингийн үед жижиг дунд бизнес эрхлэгчид телевиз, радио, сонин, сэтгүүлд өндөр үнэ төлж бүтээгдэхүүн үйлчилгээгээ олон нийтэд хүргэх нь санхүүгийн хувьд хүнд тусдаг байсан бол дижитал маркетинг руу шилжсэнээр байгууллагууд сошиал сувгуудынхаа тусламжтай зорилтот хэрэглэгчдээ хянах, веб сайтаараа дамжуулаад хэрэглэгчдийн дата мэдээллийг цуглуулах боломжтой болсон.

Сонгуулийн тухай хуулиар эмэгтэй нэр дэвшигчдийн квотыг 30%-д хүргэсэн. Энэ хүрээнд, нэр дэвшигчдэд УИХ-ын сонгуультай холбоотой цогц мэдээлэл олгох зорилго бүхий “Эмэгтэйчүүдийн манлайллын сүлжээ” төсөлд миний бие маркетинг, PR хариуцсан зөвлөхөөр ажиллаж байна. Горилогч эмэгтэйчүүдийн 80% нь анх удаагаа нэр дэвшиж байгаа бөгөөд тэдэнд зориулж зөвлөөгөө өгч ажиллаж байна.

Эхний алхам танигдах. Өмнө нь хэлсэнчлэн нийт нэр дэвшигч эмэгтэйчүүдийн 80% нь анх удаа сонгуульд өрсөлдөж байгаа тул сонгогчдын шийдвэр гаргалтад тухайн хүн хэрхэн танигдсан эсэх нь чухал нөлөөтэй. Тэгэхээр өөрийгөө хэрхэн зөвөөр таниулах тал дээр хамгийн эхэнд үндсэн дүр төрх имижээ хэрхэн бүрдүүлэхээс эхэлнэ. Өөрөөсөө өөр зан араншинтай, өөр үзэл бодолтой хүний дүр эсгэх нь эргээд сөрөг үр дагаварт хүргэдэг.

Хоёрдох алхам мэдрэмж төрүүлэх. Хувь хүний зан чанар, туулсан амьдрал, зарчим, храктер, ажлын туршлага, гэр бүлийн байдал гээд өнөөдрийг хүртэл өөртөө бүрдүүлсэн карьер, үнэт зүйлсийг олон нийтэд таниулж, мэдрэмж төрүүлэх явдал. Энэ нь сонгогчдод итгэл үнэмшил төрүүлэх хамгийн чухал алхам.

Сүүлийн алхам. Сонгогчид тус бүрийн улс төрийн болон нийгмийн асуудлууд руу хандсан төлөвлөгөө, шийдэл саналаа танилцуулах. Анх удаагаа нэр дэвшиж буй эмэгтэйчүүд эхний ээлжид дээрх алхмуудыг мөрдөх нь зүйтэй.

Маркетингийн салбарынхны бусад салбараас ялгарах хамгийн том давуу тал нь массын сэтгэл зүйг сайн сайханд хөтлөх боломжтой юм.

Манай хамт олон БОАЖЯ, ЦЕГ нарын байгууллагатай хамтарч, “Яараад яах вэ дээ”, “Нүдээ нээ”, “Нэг хором” г.м нөлөөллийн ажлуудад оролцсон. Үр дүнд нь зам тээврийн осол 60%-иар буурсан байх жишээний. Ослын шалтгаан буурсан төдийгүй, эрдэнэт хүний алтан амь, эрүүл мэнд, эд хөрөнгө, сэтгэл санаа гээд олон зүйлсийг хамгаалж чадсан. Энэ мэт нийгэмд эерэг нөлөө үзүүлж, сайн сайханд уриалсан, иргэдийн ахуй амьдралд ахиц, дэвшил гаргах ажлуудыг маркетингийн салбарынхан идэвхийлэн хийх учиртай. Тиймээс, шийдлээ хүлээн буй шил дараалсан асуудлуудад ханцуй шамлан орж ажиллах нь манай компанийн алсын хараа. 

Сэтгүүлч

Сэтгүүлч Б.Хонгорсайхан