Байнгын хороод хуралдаж байна
2016.07.22

Байнгын хороод хуралдаж байна

 20:20

УИХ-ын Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаан болж, УИХ-ын гишүүн Д.Оюунхоролыг Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад нэр дэвшүүлсэн тухай Ерөнхий сайдын саналыг хэлэлцэн дэмжлээ. Санал хураалтад 12 гишүүн оролцож, 100 хувийн саналаар дэмжигдлээ.

Санал хураахын өмнө УИХ-ын гишүүн А.Сүхбат: Монгол Улсын хөгжил уул уурхай биш гэдэг нь улам тодорхой болж байна. Амьтан ургамал байдаг газар өрөвдөлтэй байдалд орж байна. Байгалиа хамгаалахад тууштай зоригтой тэмцэж ажиллаарай.

Газар нутаг маань овоолготой шороо болж үлдэж байна, нөхөн сэргээлт хийдэггүй. Малчдын бэлчээрийг хамгаалахад анхаарч сайн ажиллаарай. Уугуул нутгийн эрх ашгийг сайн харж хандаарай, аялал жуулчлалыг хөгжүүлэхэд анхаарч ажиллаарай.

УИХ-ын гишүүн С.Жавхлан: Хэнийг ч ялгахгүй ажиллаарай. Монгол хүн л байвал ширхэг чулууг ялгалгүйгээр нэгбүрчлэн хайрлах ёстой. Монгол хүний ёс жудгыг барьж ажиллаарай. Өндөр хариуцлага хүлээгдэж байгаа. Аварга маань бас хэллээ. Энэ талаар олон зүйлийн мэдээлэл авдаг, иргэний хөдөлгөөнийхөнтэй хамтарч тэмцэж байсан. Бүх хүний хүсэж мөрөөдөж байгаа саналыг ажилд тусгаж, яваарай гэж хүсэж байна. Таны цаашдын ажилд амжилт хүсье гэлээ. 

20:22

УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдаан болж, УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэнг Сангийн сайдад нэр дэвшүүлснийг хэлэлцэн, дэмжлээ. Энэ асуудлыг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд оруулахаар болж, байнгын хорооны хуралдааныг өндөрлүүлэв. 

20:06

УИХ-ын Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан болж, Батлан хамгаалахын сайдад УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнийг нэр дэвшүүлсэн тухай асуудлыг хэлэлцэн, дэмжлээ.

Санал хураалтад оролцсон гишүүдийн 91.7 хувь нь дэмжин, чуулганы нэгдсэн хуралдаанд оруулахаар болов.

Сайдад нэр дэвшигч нь хуульч мэргэжилтэй, төрийн албанд 25 жил ажилласан байна.

Тус байнгын хорооны хуралдаанаар мөн Гадаад харилцааны сайдад УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргилыг нэр дэвшүүлсэн тухай Ерөнхий сайдын саналыг гишүүдийн 83.3 хувийн саналаар хэлэлцэн дэмжлээ.

Нэр дэвшигчид хандан гишүүд “Гадаад хөрөнгө оруулалтыг татах чиглэлд идэвхи санаачилгатай ажиллах ёстой” гэж захилаа.

19:54

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Зам тээврийн сайдад Д.Ганбатыг нэр дэвшүүлсэн асуудлыг хэлэлцэн дэмжлээ.

Санал хураалтад оролцсон гишүүдийн 75 хувийн саналаар Д.Ганбатыг Зам тээвэр, хөгжлийн сайдаар томилохыг дэмжсэн юм.

Санал хураахын өмнө гишүүд нэр дэвшигчдэд хандан “Төр бизнес их хийсэн, үүнийг зогсоогоорой, Өнгөрсөн дөрвөн жилд ийм зүйл ажиглагдсан. Бүлгийн 65 гишүүний итгэлийг дааж ажиллана гэдэгт итгэж ажиллаарай” гэж байлаа.

Мөн УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр “Хийх ажил их, хугацаа богино, багаа өндөр инженерийн мэргэшсэн багаар бүдрүүлэхийг хүсье. Авлига хээл хахуульд автахгүй байх ёстой, ийм шаардлагыг бид тавих болно” гэсэн бол

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны дарга Д.Тэрбишдагва “Монгол далайд гарцгүй улс. БНХАУ-аас Монголд газрыг хөнгөлөлттэй үнээр санал болгосныг зогссон, заавал ч үгүй хэрэгжүүлэх ёстой. “Талын зам” төсөл Зам тээврийн сайдын энэ дөрвөн жилд хийх ажил шүү” гэлээ.

Мөн тус байнгын хорооны хуралдаанаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдад Ц.Дашдоржийг нэр дэвшүүлснийг гишүүдийн олонхийн саналаар дэмжин, эл асуудлыг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд оруулахаар болж шийдвэрлэснээр байнгын хорооны хуралдаан өндөрлөлөө.