Иргэд ухамсаргүй үйлдлээсээ болж усанд осолдох нь ихэссэн
2016.07.18

Иргэд ухамсаргүй үйлдлээсээ болж усанд осолдох нь ихэссэн

ОБЕГ-ын Гамшгийн шуурхай удирдлагын газрын ахлах мэргэжилтэн, дэд хурандаа Ж.Дамдинсүрэнгээс голын усны түвшин нэмэгдсэн эсэх болон Баян-Өлгий аймгийн Өлгий суманд болсон үерийн тухай зарим зүйлийг тодрууллаа. 

-Өнгөрсөн өдрүүдэд нийт нутгаар бороо орсон. Борооны улмаас хэд хэдэн голын усны түвшин нэмэгдэж, аюултай байдал үүссэн. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юу. Ямар голын усны түвшин нэмэгдсэн бэ?

-Үндэсний баяр наадмын өдрүүдэд орсон борооны улмаас томоохон голуудын түвшин нэмэгдэж, үерийн хэмжээнд хүрсэн. Тухайлбал, Орхон, Сэлэнгэ, Ховд, Туул, Хараа, Ерөө зэрэг томоохон гол, мөрний түвшин нэмэгдлээ. Тиймээс иргэдийг хөдөө, орон нутагт аялал зугаалганд явахдаа голын уснаас хол байхыг анхааруулж байна. Тэр дундаа бага насны хүүхдийг хараа хяналтгүй голд ойртуулахгүй байх, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ голын усанд орохгуй байхыг иргэд анхаарах хэрэгтэй.

-Баяр наадмын өдрүүдэд иргэд голд осолдсон гэх дуудлага нийслэл болон хөдөө орон нутгийн Онцгой байдлын газарт ирсэн гэж байсан. Ер нь улсын хэмжээнд үер, устай холбоотой хэчнээн дуудлага ирсэн бэ?

-Нийт нутгийг хамран үргэлжлэн орсон борооны улмаас хөдөө орон нутаг дахь Онцгой байддын газруудад “усанд автсан, үерт нэрвэгдсэн” гэх дуудлага олон ирсэн. Онцгой байдлын алба хаагчид дуудлагын дагуу шуурхай арга хэмжээ авч ажиллалаа. Ер нь Улаанбаатар, Баянхонгор Дорноговь, Дундговь, Архангай, Өмнөговь, Хэнтий, Төв аймгийн нутгаар бороо орсон. Тухайлбал, Баянхонгор аймгийн Баянхонгор сумын нутаг дэвсгэрт долдугаар сарын 12-13-нд усархаг бороо орсон. Борооны улмаас тус аймгийн Жаргалантын ам гэдэг газраас Шар бууцын ам хүртэлх 10 орчим км газарт үерийн ус бууж, авто машин явах боломжгүй болсон. Мөн Дорноговь аймгийн Айраг сумын дөрөвдүгээр багийн нэг иргэний таван ханатай гэр, байшин усанд автсан гэх дуудлага ирсэн. Завхан аймгийн Цэцэн уул суманд долдугаар сарын 13-ны өдрийн 14:00-16:00 цагт орсон хүчтэй борооны улмаас үер бууж, сумын төвийн зам усанд автан, гуу жалга үүссэн.
 
Мөн ус, шаварт суусан дуудлага их ирсэн. Тодруулбал, Баянхонгор аймгийн Баянхонгор суманд “таван зорчигчтой авто машин суусан” гэх дуудлагын дагуу онцгой байдлын алба хаагчид ажилласан. Өмнөговь аймгийн Ханхонгор суманд “зургаан зорчигчтой суудлын авто машин шаварт суусан” гэх дуудлага хүлээж авсан. Ирсэн дуудлагын дагуу харьяа дүүрэг, аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид шуурхай арга хэмжээ авч ажилласан байгаа.
 
Он гарсаар улсын хэмжээнд 57 хүн усанд осолдож, амиа алдсан. Тодруулбал, 20 хүүхэд, 37 насанд хүрсэн хүн усанд осолдож амиа алдлаа. Ирсэн дуудлагуудыг ажиглаж байхад иргэд өөрсдийн буруутай үйлдлээс болж, өөрийгөө болон бусдыг аюулд оруулсан тохиолдол их байлаа.
 
Үерлэсэн голд орох, согтууруулах ундааны зүйл хэрэглэж, найз нөхөдтэйгөө муудалцан голын усанд орох, эсвэл явж болохгүй газраар явж шаварт суух зэрэг зөрчлийг гаргасан. Манай Онцгой байдлын алба хаагчид шуурхай арга хэмжээ авч, дуудлага бүрт хүрч ажиллан иргэдийг авран туслах ажиллагааг явуулсан. Он гарснаас хойш эрэн хайх, авран туслах ажиллагааг 18 аймгийн 36 суманд 38 удаа, нийслэлийн таван дүүрэгт 18 удаа явуулсан байна. 

-Хөдөө орон нутагт айлууд голд их ойрхон буудаг шүү дээ. Үүнээс болж үерт нэрвэгдэх тохиолдол гардаг. Үер, усны амнаас хол байлгах, иргэдийг аюулгүй газарт шилжүүлэх тал дээр ямар ажил хийсэн бэ? 

-Ихэнх тохиолдолд үер, усны аман дээр буусан айлууд үерт автаж байна. Мөн урин дулаан цаг ирэхээр малчид зусланд гардаг. Зусланд гарахдаа зөв, оновчтой газрыг сонгодоггүй. Эрт дээр үеэс малчид газрын өндөр, нам, жалга гуу, дов толгойг харж буудаг байсан. Одоо ямар ч хамаагүй газар л буудаг болж. Үүнээс болж үер, усны аюулд өртөх тохиолдол гарч байгаа.
 
Тухайлбал, Баян-Өлгий аймгийн Өлгий суманд үер боллоо. Өлгий сум нь өөрөө нам дор газар байрладаг. Тиймээс үерийн ус тогтсон. Бороо 30 минут л орсон. Тэр хугацаанд хөндий газрыг үерийн ус дүүргэсэн байгаа юм. Манай Улаанбаатар хотод ч гэсэн нам дор байрласан газрууд олон бий. Бага зэрэг бороо орохоор л ус дүүрээд ороод ирдэг.
 
Тэгэхээр иргэд, тэр дундаа малчид зусланд гарахдаа буух газраа зөв сонгох хэрэгтэй. Үерийн аюул ямар хүнд, аймшигтай болохыг бид бүгд харж байна шүү дээ. Иргэд үүнд ухамсартай хандаж, голын усанд хамаагүй орохгүй байх хэрэгтэй. 

-Усны түвшин нь нэмэгдсэн голуудад аюулгүйн зурвас хийсэн үү? 

-Манай байгууллага авран туслах үйл ажиллагаа явуулдаг. Усны түвшин нэмэгдсэн гол бүрт аюулгүйн зурвас хийх боломж, бололцоо байхгүй. Ер нь урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг аймаг, дүүргийн Онцгой байдлын газрууд хийдэг. Томоохон гол, мөрөнтэй аймгуудад завьт эргүүл гарч ажилладаг юм. Урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг олон хийж байгаа боловч иргэдийн хариуцлага ухамсар маш муу байдаг. Хэлж, анхааруулаад байхад үерлэсэн гол руу ордог. Үүнээс болж амь насаа алдсан тохиолдол их байна. Усны ослын дуудлага наадмын өдрүүдэд их байлаа. Бороо нийт нутгаар цаашид үргэлжлэн орно. Тийм учраас иргэд голын усанд орохдоо анхаарал болгоомжтой байх, үерлэсэн голд орохгүй байхыг анхааруулж байна.

-Баян-Өлгий аймгийн Өлгий суманд болсон үер яг хэдэн цагийн үед болсон бэ. Тус аймаг дахь танай салбар ангид хэдэн цагт дуудлага ирсэн бэ? 

-Өлгий суманд долдугаар сарын 10-ны өдрийн 16:50 цагт хүчтэй аадар бороо 30 минут үргэлжлэн орсны улмаас тус сумын нэг, зургаа, ес, 11 дүгээр багын айл айл өрхүүд үерт нэрвэгдсэн. Баян-Өлгий аймгийн Онцгой байдлын алба хаагчид, орон нутгийн 40 иргэн, зургаан автомашин, нэг ковштойгоор 18:52 цагт үерийн голомтод ажиллаж эхэлсэн. Эхний цагийн байдлаар байшингийн нурангид нэг хүн дарагдсан, 18 байшин нурж, 110 орон байр, эд хөрөнгө усанд автсан, голын усанд нэг хүн боогдсон байсан. Мөн гурван хүн дарагдсан гэх мэдээлэл аймгийн Онцгой байдаын газарт ирсэн. Мэдээллийн дагуу гурван хүний амийг аварч, эмнэлэгт хүргэсэн. Усанд боогдсон 154 хүнийг аюулгүй газарт шилжүүлсэн. Голын усанд боогдсон нэг гэрийн таван иргэнийг завиар аюулгүй газарт гаргаж, иргэдийн эд хөрөнгийг авран хамгаалах ажиллагааг явууллаа.

 
Түүнчлэн хүчтэй борооны улмаас дөрвөн настай хүүхэд ус тогтсон нүхэнд унаж, амь эрстсэн байсныг гарган Цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн. Үер нэрвэгдсэн хүмүүст 70 ширхэг гэр, 14 мянган ширхэг цэвэр ус, махан нөөш, 3.5 тонн гурил, будаа, 700 кг цай, давс, 1400 кг элсэн чихэрийг тусламжаар хүргэсэн.
 
Үерийн дараа ариутгал, халдваргүйжүүлэлт хийх ёстой. Тиймээс ариутгалын хлорын шохой 200 кг, хлорамин 90 кг-ыг тус тус эхний удаад хүргүүлээд байна. 

-Ирэх наймдугаар сард цаг агаарын байдал ямар байх вэ. Бороо үргэлжлэн орох уу. Энэ талаар танайд Ус, цаг уурын хүрээлэнгээс мэдээлэл, өгсөн үү?

-Ер нь цаашид бороо үргэлжлэн орох төлөвтэй байна. Энэ сарын 18- 19-нд нутгийн хойд хэсгээр, 20-нд баруун болон төвийн аймгуудын зарим газраар, 21-нд баруун, төв, говийн аймгуудын нутгаар түр зуурын дуу цахилгаантай бороо орно. Борооны өмнө салхи түр зуур ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 8-13 градус, өдөртөө 21-26 градус, Их нууруудын хотгор болон говийн бүсийн нутгаар шөнөдөө 15-20 градус, өдөртөө 27-32 градус, бусад нутгаар шөнөдөө 11-16 градус, өдөртөө 24-29 градус дулаан байна. Хугацааны сүүлчээр нутгийн хойд хэсгээр бага зэрэг сэрүүснэ. Ойрын өдрүүдэд бороо, хур ихтэй байх тул иргэдийг хөдөө аялал зугаалганд явахдаа голын усанд орохгүй байхыг анхааруулж байна.