Сэрэмжлүүлэг: Хэт халалтын дараа бороо орсноор үерийн гамшиг дагуулж болзошгүй
Ойрын өдрүүдэд ихэнхи нутгаар цаг агаар 30-35 хэм хүртэл халж, бүгчим халуун байгаатай холбоотойгоор иргэд гол ус бараадан амарч зугаалах нь их болсон.
Ингэхдээ санамсар болгоомж алдсаны улмаас усанд осолдох, амь насаа алдах тохиолдол буурахгүй байна. Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан долдугаар сарын 9-нөөс 17-ны өдрүүдэд бүх нийтээр амарч, долдугаар сарын 18-ны даваа гаригт ажил цуглана.
Тиймээс олон хоног үргэлжлэх амралтын өдрүүдэд ард иргэд аялал, амралтаар явахдаа гол усны ойролцоо амарч зугаалахгүй, сонор сэрэмжтэй байж, бага насны хүүхдийг гол усны эрэг дагуу явуулж, тоглуулахгүй байх, хүүхдэд тавих хараа хяналтаа дээшлүүлэх, баталгаатай гүүр, гарам, гарцтай газраар автомашинтай зорчиж, аюулгүй байдлаа хангахыг Онцгой байдлын ерөнхий газраас онцгойлон анхаарууллаа. Түүнчлэн цаг агаарын урьдчилсан төлөв байдлаас үзвэл хэт их халалтын дараа хур бороо орох нь үерийн гамшиг дагуулж болзошгүй тул учирч болзошгүй гамшгаас сэрэмжилж, голын эрэг хөндийд байрлахгүй байхыг сануулж байна.