Галшар адуу, Бөмбөгөрийн улаан ямааг үүлдрээр баталлаа
Хүнс, Хөдөө аж ахуйн сайдын зөвлөлийн хуралдаанаар Хэнтий аймгийн Галшар суманд үржүүлж буй Галшар угшлын адуу, Ховд аймгийн Алтай суманд үржүүлж буй Алтайн улаан ямаа, Баянхонгор аймгийн Бөмбөгөр суманд үржүүлж буй Бөмбөгөрийн улаан ямааг үүлдрээр баталжээ.
Эдгээр шинэ үүлдрүүд нь олон жилийн хугацааны судалгаа, шинжилгээ, үржил селекцийн ажлын дүнд ашиг шим өндөртэй, бусад нутгийн малаас ялгарах онцлог давуу шинжүүдтэй нь тогтоогдсон байна.
Тодруулбал, 120 гаруй жилийн өмнөөс Галшар үүлдрийн хурдан адууг Сэцэн хан аймгийн Хардал жанжин бэйсийн хошуунд үржүүлж эхэлсэн байдаг бөгөөд монгол адууны дотроос хурд, тэсвэрээрээ илүү байдаг нь олон наадмын амжилтаар баталгаажсан аж. Галшар үүлдрийн адуу одоогийн байдлаар 19 мянга орчим байдаг байна. Мөн шинэ үүлдрээр батлагдсан Алтайн улаан ямааны онцлогийн тухайд гол цөм сүрэг нь Ховд аймгийн Алтай суманд байдаг. Үржил селекцийн ажил 1976 оноос хийгдэж эхэлжээ. Өнөөдрийн байдлаар нийт 12 аймаг 80 суманд тархсан, шилмэл хээлтэгч хээлтүүлэгчийг өсгөж, 3.5 сая ямааг тус үүлдрээр сайжруулсан байна. Үүний дүнд нэг ямаанаас гарах ноолуурын хэмжээ ойролцоогоор 80 орчим граммаар нэмэгдсэн ажээ.