"Халбага зөгийн бал" аян хоёр сар үргэлжилнэ
2016.06.02

"Халбага зөгийн бал" аян хоёр сар үргэлжилнэ

Хүнс, Хөдөө аж ахуйн яам, “Монголын зөгийчдийн нийгэмлэг” ТББ хамтран “Халбага зөгийн бал” хэрэглээний боловсрол олгох аяныг зургаадугаар сарын 1-нээс наймдугаар сарын 1-нийг хүртэл зохион байгуулахаар боллоо.

Тус аян зөгийн балны зохистой хэрэглээний  боловсрол олгох, зөгийн аж ахуйг сурталчлах зорилготой.  Аян үргэлжлэх хугацаандаа үндсэн  дөрвөн төрлийн агуулга бүхий мэдээллийг олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон сошиал сувгуудаар хүргэх юм. Үүгээр дамжуулан зөгийн балны ач тус, хэрэглээний тухай мэдлэгийг олон нийтэд олгох юм.

Аяны үйл ажиллагааг нээж ХХАА-н сайд Р.Бурмаа хэлсэн үгэндээ, “Монгол Улсын Засгийн газраас зөгийн аж ахуйг хөгжүүлэх асуудлыг сүүлийн жилүүдэд бодлогоор дэмжсний үр дүнд олон улсын байгууллага, төсөл, хөтөлбөрүүд энэхүү салбарт анхаарал хандуулж хамтран ажиллаж эхэллээ. ХХААЯ-аас 2013 онд 30 жил тасарсан Зөгийчдийн 3 дугаар чуулганыг зохион байгуулсан нь зөгийн аж ахуйн өнөөдрийн эрчимтэй хөгжлийн суурь болсон юм. Дээрхи төр засгийн бодлого, дэмжлэг, зөгийн аж ахуй эрхлэгчдийн маань хичээл зүтгэлийн үр дүнд бид 2015 онд улсын хэмжээнд түүхэндээ анх удаа түмэн бүл зөгийтэй боллоо. Ингэснээр бид өмнө нь дотооддоо 30-50 тонн зөгийн бал үйлдвэрлэж байсан бол одоо 150 тонн зөгийн бал үйлвэрлэж дотоодын хэрэглээний  30-аад хувийг хангаж байна. Цаашид бид бодлогоор зөгийн аж ахуйг дэмжсэнээр үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх бүрэн боломжтой” хэмээв. 

Нээлтийн үйл ажиллагаанд ХХААЯ, “Монголын зөгийчдийн нийгэмлэг” болон зөгийн аж ахуй эрхлэгчдийн төлөөлөл оролцсон юм. Аянтай холбоотойгоор “Зөгийн балны ач тус” илгэлийг танилцуулж, дотооддоо үйлдвэрлэсэн зөгийн балны амталгаа хийгдэв.

 “Халбага зөгийн бал” аяныг улсын хэмжээнд анх удаа зохион байгуулж  байгаа юм. Тус аян монгол хүний эрүүл мэндэд олон олон эерэг нөлөөлөл үзүүлж, үндэсний үйлдвэрлэлээсээ хүн амын хэрэгцээгээ хангаж чаддаг болохоо харуулна гэдэгт итгэлтэй байгаагаа нээлтэд оролцогчид хэлж байлаа.