БСШУЯ төрийн байгууллагуудаас анх удаа ISO 9001 стандартыг нэвтрүүллээ
Боловсрол, соел, шинжлэх ухааны яам чанарын удирдлагын тогтолцооны олон улсын стандарт (ISO 9001:2015) нэвтрүүлж буйг батламжилсан "Гэрчилгээ"-г олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн Австралийн баталгаажуулалтын байгууллагаас хүлээн авлаа.
Энэ нь Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам олон улсын хүлээн зөвшөөрөгдсөн байгууллагаас баталгаажуулсан гэрчилгээ авч буй анхны төрийн захиргааны төв байгууллага, Чанарын удирдлагын тогтолцооны ISO 9001:2015 стандартыг үйл ажиллагаандаа нэвтрүүлж буй анхны байгууллага болсноороо онцлогтой юм.
Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр анх энэхүү стандартыг судлан, яамныхаа үйл ажиллагаанд нэвтрүүлэх санаачлага гарган тус яам 2014 оноос хойш энэ чиглэлээр туршлагатай "Монголын чанарын холбоо"-ны мэргэжлийн зөвлөх баг авч ажиллуулсан байна. Энэхүү холбоо нь 1993 онд байгууллагдан 20-оод аж ахуйн нэгж, байгууллагад чанарын удирдлагын талаар зөвлөх үйлчилгээ үзүүлж ажилласан байгууллага юм байна.
Монгол Улс 2000 оноос хойш төрийн байгууллагад чанарын удирдлагын тогтолцоо нэвтрүүлэх нь зүйтэй хэмээн үзэн олон улсын стандарт, үйл ажиллагаа, баталгаажуулалтын талаар судалж эхэлжээ. Энэ зорилгоор Засгийн газар 2008 оны 265 дугаар тогтоолоор "Төрийн байгууллагад чанарын удирдлагын тогтолцооны олон улсын ISO 9000 стандартыг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө"-г баталсан байна.
Чанарын удирдлагын тогтолцооны стандарт гэдэг нь тухайн байгууллагын зорилго, үндсэн чиг үүргийг хэрэгжүүлэхэд шаардлагатай үйл ажиллагааг үйл явцуудаар задлан тогтоож, түүний дэс дараалал, үйлдэл, ашиглах эрх зүйн болон арга зүйн баримт бичгүүд, гарах үр дүнд тавих шаардлагыг маш тодорхой, нарийвчлан тогтоосон журам, түүний хэрэгжилт, явцын хяналтыг тасралтгүй хэрэгжүүлэн, засан сайжруулснаар уг байгууллагын удирдлагын арга барил боловсронгуй болж хэвших үйл явцаас бүрддэг байна.. Энэ ажлын хүрээнд тус яам олон удаагийн сургалт зохион байгуулж, чанарын удирдлагын тогтолцооны үндсэн 6 журам, нэгж, албан тушаалтны дээрхи чиглэлээр нарийвчлан задалж тогтоосон, дэс дараатай үйл ажиллагааны алгоритмыг зургаар илэрхийлсэн "Албан тушаалын гарын авлага" боловсруулж баталгаажуулжээ.
Яаманд чанарын удирдлагын тогтолцооны олон улсын стандартыг нэвтрүүлсэнээр Төрийн албаны зарчим, ард түмэндээ үйлчилж, төрд чин үнэнчээр зүтгэх мөн чанар, төрийн бодлого боловсруулахад мэргэшлийн зөвлөгөө өгөх, уг бодлогыг хэрэгжүүлэх үйл ажиллагааг төрийн захиргааны удирдлагаар хангах, төрийн суурь үйлчилгээг иргэнд адил тэгш, чанартай, хүртээмжтэй хүргэх болон яамны хэвийн үйл ажиллагааг хангахад албан хаагчид хоёргүй сэтгэлээр зүтгэх нөхцөлийг бүрэн бүрдүүлэх ач холбогдолтой юм. Түүнчлэн төрийн албан хаагчдын улс төрийн нөлөөллөөс ангид байх нь илүү баталгаажих, тухайн албан тушаалыг эрхлэх мэдлэг, боловсрол, туршлага, ур чадвартай, мэргэшсэн байх явдал нь хамгаалагдах, тасралтгүй суралцах, ажилдаа чин сэтгэлээсээ хандах, ирээдүйдээ итгэлтэй ажиллах нөхцөл бүрдэж өгнө.
Удирдлагын энэхүү арга манай улсын төрийн байгууллага ялангуяа төрийн захиргааны төв байгууллагад шинэ нийгмийн шинэ зорилтуудыг хэрэгжүүлэхэд нийцсэн, Үндсэн хууль Төрийн албаны тухай хууль болон бусад хууль тогтоомжид заасан нэн чухал ач холбогдолтой шинэ арга гэж мэргэжилтнүүд үзэж байна. Түүнчлэн Боловсрол, соел, шинжлэх ухааны яам чанарын удирдлагын тогтолцооны стандартыг нэвтрүүлснээрээ шинэчлэл, өөрчлөлтийн манлайлагч, ухаалаг, зарчимч, шударга төрийг илэрхийлэгч болж чадлаа хэмээн мэргэжлийн байгууллага, мэргэжилтнүүд үнэлж байна.
Чанарын удирдлагын тогтолцооны стандартыг яамны харьяа боловсрол, соёл, шинжлэх ухааны байгууллагадаа үе шаттай нэвтрүүлэх арга хэмжээ авна, санаачлан хэрэгжүүлэх байгууллагуудаа яамны зүгээс бүх талаар дэмжин ажиллана гэдгээ сайд Л.Гантөмөр мэдэгдлээ.