МАЗХ-ноос ЗТЯ-ны дэд сайд асан Х.Ержанд батламж гардууллаа
Монголын авто замчдын холбооны ерөнхийлөгч Т.Бямбаа өнөөдөр Зам, тээврийн дэд сайд асан Х.Ержанд батламж гардууллаа.
Х.Ержан Зам, тээврийн дэд сайдаар 2012-2015 онуудад тасралтгүй ажилласан, шинэчлэлийн Засгийн газрын 2012-2016 оын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт тусгагдсан аймгийн төвүүдийг Улаанбаатар хоттой хатуу хучилттай авто замаар холбох зорилтот ажлыг хэрэгжүүлэхэд гар бие оролцсон нэгэн юм.
2012-2014 онд ЗТЯ, замчид 2500 км, 2014-2015 онд 885.2 км хатуу хучилттай зам барьсан нь Монголын авто замын 90 жилийн түүхэн дэх хамгийн том бүтээн байгуулалт болсон. Өөрөөр хэлбэл, Монголд 2012 оноос өмнө барьсан нийт хатуу хучилттай замын урт 2012 оноос хойшхи 3-4-хөн жилд барьсан замын урттай дүйхүйц хэмжээтэй байдаг.
МАЗХ-ноос энэхүү түүхэн бүтээн байгуулалтын ажилд гар бие оролцсоныг нь үнэлж ЗТЯ-ны дэд сайд асан Х.Ержанд дээрх батламжийг гардууллаа. Тэрбээр “Сүүлийн хэдэн жил улс орны бүтээн байгуулалтад оролцож, багагүй зүтгэж явсан зүтгэлийг минь үнэлж буйд талархлаа илэрхийлье. Би цаашид ч энэ салбартайгаа сэтгэл зүрх холбоотой, дэмжиж ажиллана” гэдгээ хэлсэн юм.