Ж.Батсуурь гишүүн автобуснуудыг шүүмжлэв
2012.04.24

Ж.Батсуурь гишүүн автобуснуудыг шүүмжлэв

 

УИХ-ын Эдийн засгийн болон Төсвийн байнгын хороо өнөөдөр хамтран хуралдаж Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хооронд байгуулах "Улаанбаатар хотын нийтийн тээврийг хөгжүүлэх хөрөнгө оруулалтын хөтөлбөр"-ийн Санхүүжилтийн ерөнхий хэлэлцээрийн төслийг зөвшилцлөө.Уг хэлэлцээрийн талаар ЗГХЭГ-ын дарга Ч.Хүрэлбаатар танилцуулсан юм.Манай улсын нийслэлийн хүн ам 1.5 саяд хүрч, нийт иргэдийн 60 хувь, жилд 220 сая зорчигч, өдөрт 600 гаруй мянган хүн нийтийн тээврийн хэрэгслээр үйлчлүүлж байдаг юм байна. 


Харин хүн амын өсөлт нэмэгдэхийн хэрээр шинэ бүтээн байгуулалт, оновчтой зохион байгуулалт бүхий авто замын сүлжээ, дэд бүтэц шаардагдах болжээ.Тиймээс Азийн хөгжлийн банктай хамтран “Улаанбаатар хотын нийтийн тээврийг хөгжүүлэх хөрөнгө оруулалтын хөтөлбөр”-ийг 7-10 жилийн хугацаанд 3 үе шаттай хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.

Хөтөлбөрийн Санхүүжилтийн ерөнхий хэлэлцээрийн хүрээнд АХБ-аас 215.9 сая ам.доллар, Монгол Улсын Засгийн газраас 57 сая ам.долларын хөрөнгө оруулалтыг тус тус хийхээр тусгажээ.Энэхүү хөрөнгөөр Энхтайвны гүүрийг өргөтгөн, тусгай замын автобусны үйлчилгээг 64.5 км замд нэвтрүүлэн, тусгай замын автобус 146 ширхэгийг худалдан авах юм байна. Түүнчлэн цахим тасалбарын систем, тээврийн хэрэгслийн байршлыг автоматаар тогтоох удирдлагын системийг нэвтрүүлэн, нийт 12.3 км замыг засч өргөтгөн, троллейбусны 45.2 км замын дэд бүтцийг сайжруулахаар төлөвлөсөн аж.УИХ-ын гишүүн Ж.Батсуурь, нийтийн тээврийн автобусны маршрут тодорхойгүй, ШТС гэх мэт дуртай газраар зам товчлон явдаг, замын хөдөлгөөний дүрэм баримталдаггүй, хаагуур ч хамаагүй дайрч орж байдаг хэмээн шүүмжилж байсан.

Уг нь хөгжилтэй оронд иргэд автобус гурван минутын дараа ирнэ гэдгийг мэдэж тооцоолон гэрээсээ гардаг бол манайд нийтийн тээврийн автобус зогсоол дээр хэдийд ирэх нь тодорхойгүй байдаг гээд дээрх төслийг хэрэгжүүлснээр энэ мэт замбараагүй байдал үгүй болох эсэхийг тодруулсан юм.Нийслэлийн нийтийн тээврийн газрын дарга П.Наранцэцэгийн хэлснээр хотод 130-аад чиглэлд автобус нийтэд үйлчилж байгаагийн 70 хувь нь хотын төвөөр зорчдог аж. Хөдөлгөөний ачааллаас болоод автобуснууд нийт эргэлтийн хугацааныхаа 40 хувийг түгжрэлд зогсон алддаг байна. Ийм үед зарим жолооч нар зам товчлох гэх мэтээр маршрут зөрчдөгийг тэрбээр хүлээн зөвшөөрсөн.

Гэхдээ Нийтийн тээврийн газраас бүртгэл хяналтыг чангатгасаар ирсэн бөгөөд хөтөлбөрийн дагуу хөдөлгөөн тогтоогч GPS-ийг суулгаснаар жолооч нарын маршрут, цагийн хуваарийг бүрэн хянаад байх бололцоотой болох ажээ. Хөтөлбөрийг хэрэгжүүлэн автобусны тусгай замтай болсноор түгжрэл буурч, автобус тогтсон цагтаа буудал дээр ирдэг болно гэж тэрбээр тайлбарлалаа.УИХ-ын гишүүн Я.Батсуурь, гадныхан хөнгөлөлттэй зээл олгочихоод төслөө хэрэгжүүлэн өөрийн тоног төхөөрөмжөө шахчихдаг хэмээн болгоомжилж буйгаа илэрхийлж байсан. Харин ажлын хэсгийнхний тайлбарласнаар Монгол Улсын Засгийн газраас дээрх төслийг хэрэгжүүлэх тендерийг зарлах бөгөөд уг тендерт АХБ-ны гишүүн бүх орнууд оролцох эрхтэй юм байна.

Энэхүү асуудлыг хэлэлцэх үеэр Монгол Улсын гадаад өр нэмэгдсээр байхад дахин зээл авах гэж байна, АХБ-наас энэ удаад авах гэж байгаа зээл арилжааны нөхцөлтэй, өмнө нь авч байсан зээл 40 жилийн хугацаатай байсан бол энэ удаагийнх 20 жилийн хугацаатай, зээлийн үндсэн хүүгээс чөлөөлөгдөх хугацаа урьд өмнөхөөс хоёр дахин бага буюу 4 жилийн хугацаатай байна гэсэн шүүмжлэлүүд гарч байлаа. Монгол Улсын гадаад өрийн хэмжээ гишүүдийн хэлж байгаа, Засгийн газрын тайлбарлаж байгаатай ч нэлээд зөрж байсан учир Монгол Улсын гадаад өрийн асуудлаар дүгнэлт гаргах ажлын хэсгийн дүгнэлтийг хэлэлцэх хүртэл асуудлыг түр хойшлуулья гэсэн саналыг УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн гаргасан.

Гишүүд удтал хэлэлцээд юутай ч хоёр байнгын хорооноос ажлын хэсэг томилон асуудлыг нухацтай хэлэлцээд дахин хуралдаж хамтарсан дүгнэлтээ Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлэхээр тогтлоо.
Эх сурвалж
УИХ-ын Тамгын газар
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.