Төрд гарах хүнд цензур хэрэгтэй
Хуульч Ц.Амарсанаа
2016.05.17

Төрд гарах хүнд цензур хэрэгтэй

Залуу хүний хувьд сонгууль өгөх гэдэг бол нийгмийн маш том хариуцлага байх гэж боддог. Таны хувьд?

Сонгууль гэдэг яг үнэндээ залуусын гэлтгүй иргэдийг залхааж байна шүү дээ. Уг нь бол сонгууль өгөх гээд өвөө эмээ нар хамгийн гоё хувцасаа өмсөөдл өглөө эртлэн босоод гардаг байсан. Одоо бол зарим тойрогт ирц нь ч хүрэхгүй байна. Энэ бол харамсалтай л зүйл.

Энэ жилийн сонгуулийн талаар иргэд олон янзаар ярилцаж байна. Таны бодлоо хэрхэн болж өнгөрөх бол?

Сонгууль бол хүн төрөлхтний томоохон нийгмийн шинжлэх ухааны салбарын ололт. Магадгүй хэт их бэлтгэсэн мэдээлэл гарч аль нь үнэн, худал болохыг мэдэхгүй болсон сонгогчид эргэлзээний дундаас сонголт хийсэн ч яалаа, байсан ч яалаа гэх болж байх шиг.

Миний хувьд иргэний хувиараа сонгууль өгнө. Сонголтын хувьд хүн бүрийн өөрийн л сонгох эрх. Харамсаад байгаа ганц л зүйл байгаа нь иргэд өнгөрснөө мартах юм даа. Арга ч үгүй биз. Амьдралын өдөр тутмын нухчаанд дарагдаад өнгөрснөө мартдаг бололтой. Зөв хүмүүс л төрд гарч ирээсэй гэж хүсч байна.

Зөв хүн гэж ямар хүнийг хэлээд байна?

Төрд гарах хүнд цензур хэрэгтэй. Урдах ажлаа мэддэг, хариуцлагатай, итгэл даахуйц хүн байх хэрэгтэй. Бусдын төлөө дуугарч чаддаг, гаргасан шийдвэртээ бат зогсдог хүнийг зөв хүн гэж дүгнэх болов уу. Ард түмнийг хэн төлөөлж чадна тэр сонгогдох учиртай. Монгол Улсын Их Хурал бол хууль тогтоох, төрийн эрх барих дээд байгууллага гэдгийг хэзээ ч мартаж болохгүй. Төрийн байгуулалтын хувьд дээд, доод танхим гэж байдаг бол өөр хэрэг. Ард түмнийхээ төлөө зүтгэж чаддаг хүн үгүйлэгдэж байна.