Ард Аюушийн үр сад гэдгээрээ бахархдаг
“Ард Аюушийн амьдрал, эрх чөлөөний төлөөх тэмцэл” эрдэм шинжилгээний бага хурал Монголын Үндэсний музейн хурлын танхимд боллоо.
“Ард Аюуш” сангийн санаачилгаар Монголын Үндэсний музей, ШУА-ийн Олон улсын харилцааны хүрээлэн, Архивын ерөнхий газар хамтран зохион байгуулж буй уг хуралд “Ховд” их сургууль, ШУА-ийн Түүх археологийн хүрээлэн, Олон улсын харилцааны хүрээлэн, Хэл, зохиолын хүрээлэн, МУИС, Монголын үндэсний музейн судлаач эрдэмтэд Ард Аюушийн амьдрал, тэмцлийн талаар сонирхолтой илтгэлүүдийг тавьж хэлэлцүүлсэн юм. Тухайлбал, Ард Аюуш судлалын өнөөгийн байдал, цаашдын зорилтын талаар доктор М.Ганболд, Ард Аюушийн дүр кино, гэрэл зураг, архивын баримтад хэрхэн үлдсэнийг доктор Да.Эрдэнэбат, Аюушийн “Ард” хэмээх алдрын талаар доктор Д.Сүхбаатар, түүний төрсөн оныг нягтлан судалсан тухайгаа доктор Д.Базардорж нарын эрдэмтэд хурлын үеэр танилцуулсан.
“Ард Аюушийн амьдрал, эрх чөлөөний төлөөх тэмцэл” эрдэм шинжилгээний бага хурлыг санаачилсан УИХ-ын гишүүн, Хөдөлмөрийн сайд Гарьдхүүгийн Баярсайхан “Ард Аюуш” санг тэргүүлдэг бөгөөд түүхэнд мөнхөрсөн энэ эрхэм хүний үр садынх нь үргэлжлэл гэдгээрээ бахархдаг нэгэн. Тэрбээр хурлын нээлтийн үеэр хэлсэн үгэндээ “Монголчууд бид нийтээрээ харийн эрхшээл засаглалын дор улс төрийн хязгаарлагдмал эрхтэй, эдийн засгийн байнгын дарамттайгаар толгой гудайн явсан харуулсалт цаг эдүгээгээс тийм ч хол биш билээ.
Харийн эзэрхийлэлтэй зэрэгцэн хамжлагат ёсон хэмжээлшгүй ноёлж ард олныг маань чөдөрлөн тушиж байсан тэр бэрх цагийн хуулийн заалт эрх зүйн хүрээнд заалдан тэмцэлдэж ялалт байгуулж чадсан гайхамшигт үйлийг бүтээсэн гавьяат хүн бол бидний өвөг Ард Аюуш билээ. Өнөөдрөөс 100 гаруй жилийн өмнө шударга ёс, тэгш эрхийн төлөө тэмцэнэ гэдэг хялбар зүйл байгаагүй. Зориглон хөдөлсөн нэг нь тэмцэл заргаасаа няцах, эсхүл тэвчээр алдан зэвсэг агсан боссоноос болж түмний хөвгүүдийг хөлдөө чирэх явдал ч гарч байв. Тэгвэл Ард Аюуш тэр бүгдийн дундаас алсын хараатай хөдлөхдөө зөвхөн хуулийн заалтыг ярьж, тухайн цагтаа хүчин төгөлдөр үйлчилж байсан хамжлагат ёсны хязгаарлагдмал эрх зүйн зохицуулалтын хүрээнд зохицон тэмцэж, улмаар ялж чадсанаараа гайхагддаг билээ. Та бидний төсөөлөхөд л бараан хараар харагдах хамжлагат ёсны хууль эрх зүйн хүрээнд шударга бустай тэмцэж, ялж дийлж чадсан Ард Аюушийн амьдрал тэмцлийн түүхэн сургамжийн ач холбогдол өнөөдөр улам бүр үнэ цэнэтэй болж байна. Түүний тэмцэж явсан, дийлж чадсан бодит жишээ, алдар гавьяа, нэр төр бүдгэрэх ёсгүй юм” хэмээн онцолсон.
Алдаржавын Аюуш 1859 онд Засагт хан аймгийн Дархан бэйлийн хошуу, одоогийн Ховд аймгийн Цэцэг суманд төржээ. 1911 онд өөрийн хошууны ардуудыг удирдан захирагч ноён Маньбазарын эсрэг 10 орчим жил заргалдан тэмцсэнийхээ төлөө хүнд эрүү шүүлт хүлээж гянданд хүртэл хоригджээ. Тэрбээр хошууны засаг ноёд, хятад худалдаачдын эсрэг зарга үүсгэн тэмцэж, янз бүрийн эрүү шүүлт хүлээж, тэр бүхнийг өөрийн зориг тэвчээрээр даван гарч ард олны дунд “Ард Аюуш” хэмээн алдаршсан талаар болон Үндэсний төв архивын сан хөмрөг дэх Ард Аюушийн удирдсан хөдөлгөөний түүхэнд холбогдох баримтууд, түүхт энэ хүний дурсгалыг мөнхжүүлэх, дүрийг нь уран зохиол, уран зураг, кино дэлгэцнээ үлдээсэн тухай зэрэг олон сэдвээр хурлын үеэр олон сонирхолтой яриа хөөрөө өрнөсөн.
Ард Аюушийн үр сад гэж өдгөө 600 гаруй хүн байгаа талаар зохиолч Ж.Баттулга сонирхуулсан бөгөөд “Бидний өндөр өвгө Очир гэж хүн Сүрэнжав, Алдаржав, Эрин гэж гурван хүүтэй байсан. Хоёр дахь хүү Алдаржавын хүү нь Аюуш. Манай Ж.Гарьдхүү ах том ахынх нь үр сад харин би хамгийн бага хүүгийнх нь үргэлжлэл юм шүү дээ. Бид бүгд “Хөх” овогтой нэг бүлийнхэн” хэмээн өөрсдийгөө товч танилцуулсан. Мөн Ард Аюушийн талаар эцэг эхээс дуулж сонссон сонирхолтой түүхээсээ ч хуваалцсан юм. Ард Аюуш Ардын хувьсгал ялсны дараа Цэцэг сумынхаа даргаар ажиллаж, 1930 онд МАХН-ын YIII их хурлын төлөөлөгчөөр Улаанбаатарт ирж байжээ. Тэрээр 1939 онд 80 настайдаа бурхан болсон байна. Ард Аюуш Цэвэг, Далхаа гэж хоёр хүүтэй байсан талаар эрдэм шинжилгээний бага хуралд оролцсон том хүү Цэвэгийнх нь ач охин Бэгзийн Цэцэгбал ярьсан юм. Мөн энэ хуралд Ард Аюушийн төрсөн нутаг Ховд аймгийн Цэцэг сумаас ч хүмүүс ирсэн байлаа. Тэд бүгд л эх орны зоригт хүү, шударга ёсны төлөө тэмцэгч эрхэм хүний үйл хэргийг хойч үедээ таниулан сурталчлах ёстойг хэлж байв.
Сонирхолтой яриа хөөрөө, судалгааны чухал баримт материал гээд сонин зүйл ихтэй болсон уг хурлын ач холбогдлын талаар судлаачид Ард Аюуш судлалыг хөгжүүлэх, судалгааны сүүлийн үеийн ололтыг танилцуулахад чухал үүрэг гүйцэтгэлээ хэмээн үнэлж байсан төдийгүй дэлгэрүүлэн судлах зүйл их байгааг ч ярьж байсан билээ.