Эмэгтэй гишүүд парламентыг хэрхэн өөрчлөв
Монгол Улсын парламент түүхэндээ анх удаа 11 эмэгтэй гишүүнтэйгээр дөрвөн жилийн хугацаанд ажиллалаа.
Өмнө нь 2-3 эмэгтэй гишүүн л парламентад суудаг байсан. Харин энэ удаад 11 эмэгтэй гишүүн, албан бус бүлэг байгуулах хэмжээнд ажилласан юм. Тэгвэл парламентад эмэгтэй гишүүд олон байснаараа ямар давуу тал бий болох вэ гэх асуулт байсан. Парламент дахь бүсгүйчүүд энэ талаар “Эмэгтэй гишүүд эрчүүдийн санаагүйг сануулж, улс төрийн хатуу ширүүнийг зөөлрүүлж, нийгмийн асуудлыг илүүтэй анхаарна” гэх товчхон тайлбар өгдөг юм.
Үнэхээр ч өнгөрсөн хугацаанд эмэгтэй гишүүд түүчээлж, нийгмийн шинж чанартай олон чухал хуулиудыг батлуулсан. Олон жил хүлээгдсэн Хүүхэд харах үйлчилгээний тухай хууль, Тамхины хяналтын тухай хуулийн шинэчлэл, Хамтын тэтгэврийн сангийн тухай хууль, Хүүхдийн эрхийн тухай хууль, Хүүхэд хамгааллын тухай хуулиуд, Гэр бүлийн тухай хуулийн шинэчлэл, Гэр бүлийн хүчирхийллийн эсрэг хууль гэх зэргээр дурьдаж болно.
Гэхдээ зөвхөн нийгмийн асуудалд анхаарч ажилласан гэвэл бас өрөөсгөл болно. УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг Тавантолгойн асуудлаар ажлын хэсгийг ахалж ажилласан. Мөн УИХ-ын гишүүн С.Одонтуяа Хөгжлийн урт хугацааны бодлогын баримт бичгийг батлах тухай, “Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн тухай хуулиудыг батлахад АН-ын ажлын хэсгийг ахалжээ. С.Одонтуяа гишүүний хувьд мөн Хамтын тэтгэврийн сангийн тухай хуулийн ажлын хэсгийг ахалж, УИХ-аар батлуулахад голлох үүргийг гүйцэтгэсэн билээ. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль, Гэр бүлийн тухай хуулиудад мөн эмэгтэйчүүдээ түүчээлж оролцсон юм.
Парламентад эмэгтэй гишүүд олноор сонгогдсоны дараа Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Эмэгтэйчүүд олонтой парламент хариуцлагатай болдог. Эмэгтэйчүүд авлигад өртдөггүй” хэмээж байсан. Үнэхээр ч он гарсаар эмэгтэй гишүүдийн төлөөлөл парламент, улстөрчдийг хариуцлагажуулах асуудлыг бодитойгоор хөндөж эхэллээ. Энэ хүрээнд УИХ-ын гишүүн С.Одонтуяа улстөрчдийг оффшор дансанд мөнгө байршуулахгүй байх санаачилага гаргаж байна
Өмнө нь Монгол Улсын Их хурал дөрвөн жилийн хугацаанд нийгмийн хамгааллын ийм олон хууль, тогтоолуудыг баталж байсан түүх ховор. Зөвхөн Тамхины хяналтын тухай хууль л гэхэд олон жилийн турш гацсан, хүлээлтийн байдалтай байсаар ирсэн. Мөн Хөгжлийн бэрхшээлтэй иргэний эрхийг хамгаалах тухай хуулийг анх удаа баталсан бол Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийг шинэчлэн найруулж, УИХ-аар батлууллаа. Түүнчлэн Хүүхдийн эрхийг хамгаалах тухай, Хүүхэд хамгааллтын тухай хуулиудыг онцлох хэрэгтэй. Хүүхдүүд цэцэрлэгт хамрагдаж чадахгүй, дутагдалтай байгаа энэ үед Хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийг батлуулсан нь ч бас иргэдийн талархлыг хүлээсэн алхам болсон юм.
Мэдээж зөвхөн эмэгтэйчүүд энэ хуулиудыг батлаагүй. Эмэгтэйчүүд түүчээлж, идэвх санаачилга, хүчин чармайлт гаргасны хүчинд УИХ-аар батлуулж, бодитой ажил хэрэг болгож чадсан биз ээ. Үнэндээ монголчууд УИХ-д эмэгтэйчүүд олон байх төдийлөн шаардлага байхгүй гэж үзэж байсан цаг саяхан. Тэгвэл энэ сэтгэхүйг парламент дахь бүсгүйчүүд өмнөх дөрвөн жилд өөрчилж чадлаа. Эмэгтэй гишүүд тус тусдаа парламентын нэгэн шинэ өнгө, төрх болсон дөрвөн жилийг ардаа үдэж байна.
Удахгүй болох сонгуулиар эмэгтэйчүүд хүчтэй байж, амжилтаа баталгаажуулах биз ээ.
Эмэгтэй улстөрчдийн онцлох эшлэлүүд: