Хуулиа мэддэг, ёс зүйтэй төрийн түшээдээр хүч сэлбэх цаг болсон
-Одоогийн УИХ-ын гишүүд, улс төрийн нам эвслийн бодлого, үйл ажиллагааны алдаа юундаа байна вэ? Иргэдийн итгэл яагаад алдрав?
-Төрийн түшээ гэж ямар төлөвшилтэй хүнийг хэлэх вэ? Мөнгөөр биш ухаанаар улс төрд манлайлах хүнийг яаж гаргаж ирэх вэ?
-Нийгэмд хүлээлт үүсгээд буй шинэ залуу, манлайлах чадвартай төрийн түшээ Монголд байна уу? Хэрвээ байна гэвэл түүнийг төрийн түшээ гэдгийг нь яаж батлах вэ?
-Төрийн түшээ гэж ямар босго, шалгуур давсан хүнийг хэлэх вэ?
Энэхүү асуултын хүрээнд Vip76.mn цахим хуудасны зүгээс салбарын экспертүүдийн санал бодол, байр суурийг хүргэж байна. Эрхэм уншигч та мэргэн оюундаа тунгааж, ончтой сонголт хийгээрэй. Сонгууль айсуй...
Судлаач хүний хувьд өнөөгийн төрийн албан хаагчид, төрийн түшээд ямар байна гэж хардаг вэ?
"Үндсэн хууль"-ийн 46.2-д төрийн жинхэнэ албан хаагч нь "Монгол Улсын иргэн байх бөгөөд Үндсэн хууль, бусад хуулийг чандлан баримталж ард түмнийхээ тусын тулд, иргэний ёсоор төрийн ашиг сонирхолд захирагдан ажиллана" гэж заасан. Энэ бол төрийн албан хаагчийн чиг үүрэг, баримтлах зарчмыг маш товч тодорхой заасан заалт. Мөн түүнчлэн "Төрийн албаны тухай" хуулинд төрийн албыг улс төрийн, захиргааны, тусгай, үйлчилгээний гэж 4 ангилснаас захиргааны болоод тусгай албанд ажиллагчдыг хамтад нь “төрийн жинхэнэ албан хаагч” гэж үздэг. Эдгээр албанд тодорхой шалгуурт тэнцсэн хүнийг ажиллуулах нь зүйтэй.
Манайхан төрийн тогтолцоо буруу байна гэж ярьдаг. Үнэхээр тогтолцоондоо асуудал байгаа бол засчих хэрэгтэй.Тогтолцооноос бурууг хайхын өмнө нэгэнт батлагдсан, дагаж мөрдөх ёстой хуулиа биелүүлж байна уу гэдэгтээ анхаарал хандуулах нь зүйтэй санагддаг. Өнөөдөр Үндсэн хууль болон бусад хууль тогтоомжийг чанд баримтлан ажиллаж буй төрийн албан хаагчид ховор байна. Хуулиа биелүүлэхийн оронд өөрсдийн ашиг сонирхолд нийцүүлж өөрчлөх хандлага их давамгайлж байна. Хуулийн дагуу тодорхой шалгууруудад тэнцсэн хүнийг төрийн албан хаагчаар томилдоггүйгээс өнөөгийн төрийн албаны тогтолцоо буруу юм шиг ойлгогдоод байна.
"Бидний гол алдаа бол өнөөдөр хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хуулиа уншиж судалдаггүй, сахин биелүүлдэггүй явдал. Үүнээс үүдэн төрийн алба ядруу, хүчгүйдсэн байдалтай болсон."
Гэхдээ хүмүүс тогтолцоо л ярьдаг шүү дээ?
Би 20 гаруй жил "Удирдлагын академи"-д багшилж, олон жил энэ чиглэлээр эрдэм шинжилгээний ажил хийж буй судлаач хүний хувьд Монгол улсын төр, төрийн албаны тогтолцоог бүхэлдээ гажуудсан гэж хэлэхгүй.
Бид цаашид төрийн албанд албан тушаалын “шат өгсөх”\merit\ тогтолцоогоор явах нь зүйтэйл дээ. Хэрвээ энэ тогтолцоог амжилттай хэрэгжүүлж чадвал төрийн албаны залгамж чанар хадгалагдаж, төрд үнэнч, шударга ажиллах хүн гарч ирэх боломж бүрдэнэ.
Өнөөдөр төрийн албаны тогтолцоонд сонгуулийн үр дүнгээс хамаарч, намын харьяаллаар төрийн албан тушаалд бэлтгэгдээгүй, танил тал, ах дүү, найз нөхдөө томилогддог “буруу жишиг” үйлчилж байна. Өөрөөр хэлбэл, зөв тогтолцоог буруу хэрэгжүүлээд байна.
Үндсэн хуулийн 16.10-д "Аль нэгэн нам, олон нийтийн бусад байгууллагад эвлэлдэн нэгдсэний төлөө болон гишүүний нь хувьд хүнийг ялгаварлан гадуурхах, хэлмэгдүүлэхийг хориглоно. Төрийн зарим төрлийн албан хаагчийн намын гишүүнийг түдгэлзүүлж болно" гэж заасан. Энэ бол үндсэн хуулийн заалт. Гэтэл өнөөдөр шүүгчид хүртэл “намын харьяалалтай” байх шиг харагдаад байх боллоо.
Монгол улсын үндсэн хуулийг өөрчилнө гэдэгт би эргэлздэг. Улс төрчид Үндсэн хуулийн суурь зарчмыг алдагдуулдаг шүү дээ.
“Улсын Их Хурлын гишүүн Засгийн газрын гишүүн байх” өөрчлөлтийг Үндсэн хуульд оруулах гэж дордсон 7 өөрчлөлтийг хийсэн хэмээн одоо хүртэл ярьсаар л байна.
Хоёр танхимтай парламенттай улс л нэг танхим нь нөгөө танхимаа хянах бүрэн бололцоотой байдаг учир энэ хоёр албан тушаал хамтдаа байдаг юм. Болохгүй гэдэг нь өнөөдрийн “тухайн сонгуулийн хугацааны Засгийн газар 3 удаа огцроход л УИХ-ын гишүүн олдохгүй болох” гээд байгаагаас харагдаж байна. Энэ хоёр албан тушаалыг давхар хаших сонирхолтой хүн хичнээн их байдаг гээч. Ингэж болохгүй. Нэгэнт бүрэлдэн бий болсон хууль, эрх зүйн орчныг улам боловсронгуй болгох шаардлагатай байгаа болохоос биш үндсээр нь өөрчилж, холион бантан хутгаж болохгүй.
Нөгөө талаас хууль зөрчигчдөд хариуцлагын механизм үйлчлэхгүй байна гэдэг?
Хуулинд хариуцлагын механизм тусгагдаагүй гэж хүмүүс ярьдаг. Угтаа бол УИХ-ын гишүүнийг эргүүлэн татаж болдог. Гэтэл өнөөдрийн үйлчилж буй хууль тогтоомжийн өөрчлөлтөөр эргүүлэн татахгүй байх бүх нөхцлийг бүрдүүлсэн байна.
"Эрх мэдлийн далбаан дор хэн нэгэн буруутай этгээд, ямар нэгэн ноцтой асуудлыг нуун дарагдуулдаг үзэгдэл гаарч байна."
Энэ бол маш буруу зүйл. Хэрвээ хуулиа өөрчилмөөр байвал хамгийн түрүүнд УИХ-ын гишүүнийг эргүүлэн татдаг үндэслэлийг хуульчлах хэрэгтэй.
УИХ-ын гишүүн болсон тохиолдолд халдашгүй дархан байдал үүсч, бүрэн дархлаатай хүн болдог.
Бид одоогоор хэнийг ч эргүүлэн татаж, хэнд ч хариуцлага хүлээлгэж чадахгүй байна.
Миний гишүүнчлэлтэй Монголын эмэгтэйчүүдийн ТББ-ын үндэсний сүлжээ "МонФемНет"-ийн 10 дахь удаагийн “Эмэгтэйчүүдийн нүдээр” чуулганаар "Төрийн хариуцлага" сэдвийг хөндсөн. Чуулганаар төр гэж хэн нэгэн биш эзэн биегүй зүйл рүү бүх бурууг чихдэг болсныг хатуу шүүмжилсэн. Чуулганы гарц хайсан шийдвэрийг жил бүр Ерөнхийлөгчид танилцуулж хэвшээд байна.
2015 оны чуулганы танилцуулгын дараа Ерөнхийлөгчийн хуулийн бодлогын зөвлөх тусгайлан хүлээж аваад энэ санаа Ерөнхийлөгчийн өргөн барьсан “Сонгогдох, томилогдох албан тушаалтнуудад хариуцлага хүлээлгэх тухай” хуульд байгаа гэсэн одоо болтол УИХ-аар хэлэлцэгдэхгүй л байна.
Хуулиа сахин биелүүлдэг хүмүүсийг яаж гаргаж ирэх юм бэ?
Иргэд, сонгогчдыг мэдээллээр маш сайн хангах хэрэгтэй. Иргэдийн шууд оролцоо чухал гэж ярьдаг. Гэтэл мэдээлэлгүй иргэдийг шууд оролцуулах нь хамгийн аюултай. Төрийн албан хаагчдад тавих шалгуурыг тодорхой болгож, тухайн шалгуурт нийцсэн хүн сонгохыг зөвлөх хэрэгтэй. Иргэдийг мэдээлэлжүүлнэ гэдэг ШУ-ны гүн гүнзгий мэдлэг мэдээлэл олгоно гэсэн үг биш. Гол нь энгийн, ойлгомжтой байх ёстой.
Би өөрийн зүгээс баг, дүүрэг, хорооны иргэдэд сургалт явуулж, уулзалт хийхэд тэдний ихэнх нь мэдээлэл дутмаг байгааг хэлдэг.
Тэгвэл төрийн түшээ ямар байх ёстой вэ? Ямар төлөвшилтэй хүн төрд хэрэгтэй байна?
Төрийн дээд албан тушаал хашиж буй хүн хуулиа судалж, хуулиа байнга биелүүлдэг байх ёстой. Энэ бол номер нэг асуудал. Тиймээс нэгдүгээрт, төрийн албан хаагч нь хуулиа мэддэг хүн байх хэрэгтэй. Хуулиа мэдэхгүй бол биелүүлж чадахгүй шүү дээ. Хоёрдугаарт, ёс зүйтэй хүн байх ёстой.
Өнөөдөр ёс зүйн тодорхой хэм хэмжээг баримталдаг төрийн албан хаагч ховор байна. Төрийн албан хаагч, төрийн хүн өөрийнхөө биш бусдын төлөө явах ёстой. Энэ нь ёс зүйтэй байхын нэр юм.
"Хөндлөнгийн хүний нүдээр харахад, одоо бол яаж эрх мэдэлтэй болох вэ, эрх мэдлээ яаж ашиглах вэ гэсэн бодол л томчуудын толгойд эргэлдээд байх шиг. Бусдын биш өөрийнхөө төлөө гэсэн ашиг сонирхол давамгайлаад байна."
Монголын төр тулга тойрсон шинжтэй байна. Улс төрийн албан тушаалтнуудын нэг хэсэг нь төлөөллийн ардчиллаар сонгогдож, нөгөө хэсэг нь томилогддог. Төлөөллийн ардчиллын үндсэн зарчим болох бусдын төлөө гэдгээ умартах юм бол ёс зүйгүй болно.
Хүмүүс төрийн хүн сайтар боловсорсон байх ёстой гэдэг. Одоо албан хаагчдыг бэлтгэдэг тогтолцоо хүртэл намчирхлын салхинд чилбүүрдүүлж байна. Миний бодлоор нэн тэргүүнд ёс зүйтэй байхыг шаардах ёстой.
"Сонгогчид миний өмнөөс эрх мэдэлтэй болж, намайг төлөөлөх чадвартай хүн мөн үү? гэж бодох нь зүйтэй юм."
Өөрөөр хэлбэр итгэл даах хүн мөн үү, үгүй юу гэдэг тухай яриад байна. Бусдыг удирдана гэдэг нь үлгэр жишээ бай гэсэн үг. Түүн дотор ёс зүй, хууль сахин биелүүлэх дэг ёс ч орно.
Үүгээрээ та өнөөдрийн эрх барьж буй хүмүүс ёс зүйгүй байна гэж хэлэх гээд байна уу?
Миний хэлдэг, хүмүүсийн дургүйг хүргэдэг зүйл бол ерөөсөө энэ. Ёс зүйгүй энэ байдал нь маш олон сөрөг үр дагавартай.
Эмэгтэйчүүдийн байгууллагыг төлөөлдөг хүний хувьд эмэгтэй улс төрч байх хэрэгтэй гэж үздэг биз?
Эмэгтэйчүүд эх хүн болохын хувьд байгалиас заяасан ёс зүйтэй хүмүүс. Монголын улс төрд 19+1 буюу 20 ба түүнээс дээш эмэгтэй гарч байж шийдвэрт нөлөөлж чадна. Би залуу эмэгтэй улс төрчдийг дэмждэг. Тэднийг ч бас ёс зүйтэй байхыг шаарддаг.