Бид иргэдийн бүх өргөдөлд хариу өгнө
Bloomberg телевизийн ярилцах цагийн зочноор УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга Р.Бурмаа оролцлоо.
Таны даргалдаг өргөдлийн байнгын хороонд хамгийн ихээр зонхилж байгаа асуудал, өргөдөл юу байна вэ?
Хувийн хүсэлт байдаг. Бид ирж байгаа өргөдлүүд дээр их хурлын бүрэн эрхийн асуудал биш бол хариуд нь тайлбартай зөвлөгөө өгч байгаа.
Хаашаа хандахаа мэдэхгүй байсан иргэдэд холбогдох байгууллага руу нь холбосон захидал илгээдэг. Тодорхой асуудлууд дээр нь нээлттэй сонсгол хийж байна. Иргэдийн бүх өргөдөл дээр судалгаа анализ хийж байгаа.
Иргэдээс ирж байгаа хүсэлтийг хараад танд дүгнэлт хийх боломж байдаг уу?
Манайх хаана ямар талын асуудлыг шийддэг гэдэг мэдээллийг иргэддээ бага өгдөг. Урьд өмнөх их хурал, сонгуулийн үеэр бэлэн мөнгө амлах амлалтууд их явж байсан хор холбогдол одоо болтол байна.
Их хурал руу хандвал асуудлаа шийдчих юм уу. Хэдэн төгрөг, зээл, байр орон сууц өгчиж магадгүй гэсэн байдал байдаг.
Эмэгтэй гишүүд хамтарч тамхины эсрэг хууль батлуулсан. Эмэгтэй гишүүдийн хамтарч хийх дараагийн алхам юу байх вэ?
Эмэгтэйчүүдийн гишүүд дотроо ажил үүргийн хуваарь аваад ажиллаж байгаа. Эрчүүд дийлэнх байсан их хурал нийгмийн асуудлаа илүү орхигдуулсан байсан.
Мөн нийгмийг бухимдуулж байгаа, эмэгтэй гишүүдийн ярьж гарсан зүйл бол хариуцлага, шударга ёс, ил тод, авлигагүй байх гэдэг асуудал. Энэ чиглэлээр буюу сайн засаглалын чиглэлээр ажиллах маш том шаардлага байгаа.
Улс төрийн нам гэдэг сонгуулийн сурталчилгаа хийж хэдэн төгрөг авахын төлөө ажилладаг нам биш.
Миний хийж байгаа бас нэг ажил бол Улс төрийн намыг хариуцлагатай болгох чиглэл байгаа. Улс төрийн намын тухай хуулинд өөрчлөлт оруулахаар өргөн бариад байна.
Улс төрийн нам гэдэг бол сонгуулийн сурталчилгаа хийж хэдэн төгрөг авахын төлөө ажилладаг нам биш. Өнөөдөр улс төрийн намын шинэчлэл гэхээр гишүүнчлэлтэй байх уу, гишүүнчлэлгүй байх уу гэдэг маргаан яваад. Цаана нь байгаа хариуцлагын механизмын талаар ярихгүй байна.
Хариуцлагатай байхын тулд хууль шүүхийн өмнө хянагддаг байх ёстой. Улс төрчдийгөө бэлтгэдэг, бодлогын хувилбаруудыг нь хийдэг, судалгаа нь байдаг ард иргэдтэйгээ байнга уулзаж, санаа бодол эрэлт хэрэгцээнд нь тулгуурласан шийдвэр гаргадаг байх ёстой гэдгээрээ улс төрийн нам шинэчлэгдэх ёстой.