Ч.Улаан: Шууд нэгдэнэ гэдэг нь түргэдсэн, гоомой асуудал
УИХ-ын гишүүн Ч.Улааныг “VIP” ярилцлагадаа урьж, хоёр намын хамтарч ажиллах, цаашлаад нэгдэх асуудлын хүрээнд яриа өрнүүллээ.
-Сүүлийн үед МАН, МАХН хамтарч Ерөнхийлөгчийн сонгуульд оролцох, цаашлаад нэгдэнэ гэдэг асуудал шуугиан тарьж байна. МАН-ын дарга ч энэ талаар байр сууриа илэрхийлсэн. Таны хувьд үүн дээр ямар байр суурьтай байгаа вэ?
-Чөлөөтэй байр сууриа илэрхийлж байх шиг байна. Албан ёсны байр суурийг аль нэг нам нь тодорхой гаргаагүй байгаа шүү дээ. Хоёр нам эвсэж, хамтарч ажиллана гэдэг бол байж болох асуудал гэж хувьдаа бодож байна. УИХ-ын 2012 оны сонгуульд оролцохоос эхлээд эвсэж, хамтаръя гэж маш идэвхтэй тавьж байсан юм. Харамсалтай нь тэр үед энэ асуудалд анхаарал хандуулаагүй, ач холбогдол өгөөгүй. Тэгээд өнөөдрийн нөхцөл байдал бий болоход шууд нөлөөлсөн. Цаашдаа хоёр нам эвсэж, хамтарч ажиллаж болно. Хуулийн хүрээнд харилцан ойлголцож, тохиролцоод явах хэрэгтэй. Яагаад гэвэл хоёулаа зүүний чиглэлийн нам. Зорилго, чиглэл үндсэндээ ижил. Алсын, эцсийн хүрэх цэг адил. Тийм учраас эвсэж, хамтарч ажиллах нь оновчтой хэлбэр болно гэж бодож байна.
-Нэгдэнэ гэж яриад байгаа асуудал зөв шийдэл мөн үү?
-Өнөөдрийн яриад байгаа шиг бие биетэйгээ шууд нэгдэнэ гэдэг нь арай жаахан түргэдсэн, гоомой асуудал байх. Хоёр намыг нэгтгэхийн тулд нэлээд ажиллах хэрэгтэй. Мөн бэлтгэл хангах ёстой. Хамгийн гол нь хоёр нам шинэчлэгдэж, бие биедээ хүлээн зөвшөөрөгдөх нь чухал. Өнөөдөр санал нэгддэг олон асуудал байв ч санал нэгдэхгүй зүйл бий.
-Нэг чиглэлийн нам ч үзэл бодлын хувьд өөр болсон нь нэгдэх асуудалд тээг, саад болохыг үгүйсгэхгүй биз?
-Үзэл бодол, үйл ажиллагаа, арга барил, бий болсон нөхцөл байдлаас шалтгаалсан олон зүйл байгаа. Энэ асуудал жирийн намын гишүүд, дэмжигчдээс гарч байгаа санал. Энэ саналыг хэрэгжүүлэх ямар боломж байна гэдгийг цаашид судалж, анхаарах ёстой асуудал мөн.
-МАХН-ын зарим гишүүн МАН-ыг цэвэршиж, шинэчлэгдсэний дараа нэгдэж болно гэж үзэж байгаа. Хэрвээ энэ нам цэвэршвэл нэгдэх бүрэн боломжтой гэсэн үг үү?
Манай үзэл бодол, үйл ажиллагаанд нийцсэн шинэчлэлтийг хүсэн хүлээнэ
-Хоёр нам нэгдэхийн тулд тодорхой бэлтгэл хангах ёстой. Ингэхийн тулд хэн, хэн нь шинэчлэгдэх учиртай. Хэрвээ бидэнтэй нэгдэе гэж санал гаргаж байгаа бол манай үзэл бодол, үйл ажиллагаанд нийцсэн шинэчлэлтийг хүсэн хүлээнэ. Бид ч гэсэн нөгөө намын өөрчлөлт, шинэчлэлтийг дэмжсэн, санал нэг байгаагаа нотолсон үйл ажиллагаа явуулах ёстой. Тэгж байж нэгдэнэ. Түүнээс биш одоогийн байгаагаар шууд механикаар нэгдэхгүй. Яагаад гэвэл хоёр нам хуваагдаж, хоёр салсан хүчин зүйл өнөөдөр арилаагүй байгаа. Тэгэхээр ямар үндсээр нэгдэх юм.
-Хэрвээ нэгдлээ гэхэд нэр их чухал байгаа шүү дээ. МАН-ынхан бол МАХН нэгдэх нь зөв алхам гэж байгаа?
-Нэгдэх гэдэг дараагийн асуудал. Мэдээж хэрэг хоёр нам нэгдэх юм бол түүхэн уламжлалтай нэрээ авч явах ёстой. МАХН гээд хаалтан дотор МАН гэдэг юм уу. Түүхэн нэрээ авч явна. Тэгэхээр яригдаагүй асуудлыг урьдчилж хэлэх нь зүй зохистой биш болов уу.
-Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-тай хамтарч ажиллаа гэхэд МҮАН-ынхан эвслийн асуудлаа хэрхэх бол?
-Ерөнхийлөгчийн сонгуульд хамтарч ажиллана гэж манай нам албан ёсоор байр сууриа илэрхийлээгүй байгаа. “Шударга ёс” эвсэл өнөөгийн Засгийн газрыг байгуулахдаа эрх барьж байгаа Ардчилсан намтай хамтран ажиллах гэрээ байгуулсан. Тэр гэрээ хүчин төгөлдөр хэрэгжиж яваа. Тэр гэрээний дагуу орон нутгийн болон Ерөнхийлөгчийн сонгуульд нэг субъект болж оролцох тохиролцоотой. Энэ тохиролцоо хүчинтэй хэвээрээ байна. Энэ гэрээг байгуулсан намуудын удирдах дээд байгууллагын шийдвэр гараагүй. Нэг ёсондоо энэ тохиролцоо, гэрээг өөрчилье гэсэн үг шүү дээ. Тиймээс бид маш тодорхой гэрээтэй, түүнийхээ дагуу ажиллаж байгаа. Одоо бол Ерөнхийлөгчийн сонгуульд хамтаръя гэсэн зарим гишүүний санал явж байгаагаас намын албан ёсны байр суурийг илэрхийлээгүй байна.
-Нэг зүйлийг асуухгүй өнгөрч болохгүй нь. “Чингис бонд”-ыг үр ашиггүй зүйлд зарцуулах нь гэсэн хардлага байгаа. Тэгэхээр томоохон дэд бүтэц рүү энэ бондыг хандуулж чадаж байгаа юу?
-Үр ашигтай төслийг сонгож, хэрэгжүүлнэ гэснээс биш хатуу нэр заагаагүй. Нэг зүйлийг зааглаж ойлгох хэрэгтэй. 1,5 тэрбум ам.долларын “Чингис бонд”, цаана нь 600 сая ам.долларын Хөгжлийн банкны бонд байгаа. Энэ хоёрын зааг, ялгааг ойлгох хэрэгтэй. Хольж, хутгаж болохгүй юм. Мэдээж хэрэг “Чингис бонд”-оос санхүүжүүлэх төслүүдийг тогтсон журмын дагуу, сонгогдож шалгараад ард түмэнд зарлаад хэрэгжинэ. Нууж, хаах юм байхгүй. Асуудлыг шийдэхээр бүх юм тодорхой болно