Д.Тэрбишдагва: Албан тушаалаар амаа таглуулдаг нь би биш
УИХ-ын гишүүн, Шадар сайд Д.Тэрбишдагва ярилцлаа. Түүний өнөөдрийг хүртлэх улс төрийн замнал, амьдралынх нь филисофи болоод цаг үеийн зарим асуудлын талаар дэлгэрэнгүй ярилцсан юм.
Нэгдлийн асуудлыг усанд хаясан чулуу шиг орхиж болохгүй
-МАХН-ын бага чуулган болж өндөрлөлөө. Чуулганы үр дүн нэлээд хэдэн асуултад хариулт өгнө гэсэн хүлээлт байсан ч талаар боллоо. Намын дэд даргын хувьд бага чуулганы үр дүнгийн талаар товч мэдээлэл өгөхгүй юу?
-Бага чуулганаар найман асуудал хэлэлцсэн. Хуралдаан өглөөнөөс шөнө дунд хүртэл үргэлжилж, эдгээр асуудлыг нэлээд нухацтай хэлэлцсэн байгаа. Халуун уур амьсгал дор шүүмжлэлтэй, бас шахаж шаардсан тийм ажил хэрэгч чуулган болсон гэж намын дэд даргын хувьд дүгнэж байна. Ер нь улс төрийн нам болон аливаа байгууллагыг удирдаж байгаа хүн гишүүдээ, ажилчдаа, ард түмнээ сонсох нь чухал юм. Миний ажлын арга барил бол хүний ярьж хэлэхийг дуустал сонсч, дүгнэлт хийн, эцсийн шийдвэр гаргадаг, гаргасан шийдвэрээ хэрэгжүүлэхэд онцгой анхаардаг. Үүнийгээ ч баримталж ажилладаг. Бага чуулган дээр олон асуудал ярилцсан. Намын дүрэм, бүтэц, зохион байгуулалтын талаар хэлэлцэж, өөрчлөлт орууллаа. Мөн Ерөнхийлөгчийн сонгуультай холбогдуулан нам, эвслүүдтэй хэрхэн хамтран ажиллах талаар гишүүд ил тод, илэн далангүй байр сууриа илэрхийлсэн. МАХН-ын Бага чуулган амжилттай болж өндөрлөсөн гэж дүгнэж болно. Намын удирдах байгууллагад сонгогдсон гишүүд өөрийн үүрэг, хариуцлагаа ухамсарлан, бодол саналаа илэн далангүй хэлж, зарим тохиолдолд удирлагынхаа үйл ажиллагааг зоригтой шүүмжилж байгаа нь нам эрүүл байгаагийн том илэрхийлэл. Хэдийгээр бид Засгийн эрх барилцаж буй ч УИХ-д шийдвэрлэх нөлөө үзүүлэх боломжгүй байгааг мэдэж байна. Гэсэн ч манай Шударга ёс эвслийн бүлэг үндэсний аюулгүй байдал, ард түмний эрх ашигтай холбоотой асуудлаар чамгүй амжилттай ажиллаж байгааг хэлье. Үүнийг ч Бага чуулган зохих ёсоор үнэлж дүгнэсэн.
-Ерөнхийлөгчийн сонгуулиар аль намтай эвсэж орох бол гэдэг асуултын хариултыг бага чуулганаас хүлээж байсан шүү дээ. АН-тай байгуулсан гэрээгээ баримтлах уу, эсвэл угшлаа бодож МАН-тай хэлэлцээр хийх үү. Энэ асуултад ямар хариулт өгөх вэ?
2013 оны зургадугаар сарын сүүлийн долоо хоногийн аль нэг ажлын өдрийг албан ёсоор санал хураалтын өдөр болгож зарлах гэнэ
-МАХН-ын гол баримталдаг зарчим бол хэлсэн ярьсандаа байх. Өнөөдрийнхөөсөө өөр зүйлийг маргааш нь ярьдаг байвал улс орон хөгжихгүй. Мөн хэлсэндээ хүрдэггүй байх нь ёс суртахуунгүй асуудал юм. Энэ агуулгаараа МАХН-МҮАН-ын Шударга ёс эвсэл эвслээрээ УИХ-ын сонгуульд орсон. Мөн Ерөнхийлөгчийн сонгуульд хамтарч орно гэсэн шийдвэр гарсан. Цаашдаа ч олон жил хамтарч ажиллана. Эвсэл бутарч, сарних тухай асуудал огт байхгүй. Харин ч эв нэгдэлтэй ажиллаж байгаа гэж хэлэх байна. Хоёрдугаарт, МАХН-МҮАН-ын Шударга ёс эвслийн АН-тай хийсэн гэрээ бий. Гэрээний дагуу Ерөнхийлөгчийн сонгуулиар АН-тай хамтарч ажиллахыг зорьж байгаа. Харамсалтай нь АН Орон нутгийн сонгуульд хамтарч оролцоогүй.
-Тэгвэл МАН-тай хамтрахгүй гэсэн үг үү?
-Бид хэлсэн, ярьсан байр сууринаасаа ухарсан юм байхгүй. Ерөнхийлөгчийн сонгуулиар МАХН МАН-тай, Шударга ёс эвсэлтэйгээ, АН-ынхантай хамтрах эсэх асуудлаар тодорхой яриа хэлэлцээр хийгээгүй байна. МАХН, МАН-ын ахмадуудын холбооныхон уулзаж, буурлууд маань угшил гарал нэгтэй намууд учраас цаашдаа нэгнийгээ дэмжиж явах ёстой гэсэн байр суурийг илэрхийлж, нэгдэх хэрэгтэй гэсэн хүсэлт шаардлага гаргасан. Тэрхүү нэгдэх тухай бичгээ МАХН-ын дэд даргын хувьд надад гардуулсан. Түүнчлэн “МАН-ыг шинэчлэх түр хороо”-ны гишүүд ч бидэнд хоёр намыг нэгтгэх уриалгыг өгсөн. Аливаа хөдөлгөөн, төрийн бус байгууллагууд санал гаргаж байхад усанд хаясан чулуу шиг орхичихож болохгүй. Тийм учраас дээрх бичгийн хариуг бэлтгэх ажлын хэсэг байгуулж, асуудалд дүгнэлт хийж, хэрхэн хариу өгөх талаар ажиллаж байна. МАХН, МАН хоёр угшил нэгтэй. Үзэл бодлын хувьд төсөөтэй намууд. Сүүлийн үед МАН-ын удирдлагуудын хэвлэлд өгсөн мэдэгдэл, ярилцлагаас харж байхад МАХН-ын нэрийг өөрчилсөн, стандарт бус Засгийн газар байгуулсан, Оюутолгойн гэрээний асуудал гээд олон зүйл дээр буруу алхам хийснээ хүлээж байна. Мөн боловсон хүчний тухайд ч гэсэн шүүмжлэлтэй хандаж, шударга зүйл ярьж байсан хүмүүсийн үгийг хүлээж аваагүй тухайгаа ярих боллоо. Энэ бүхнээс харахад, МАН эрүүлээр сэтгэдэг удирдлагуудтай болжээ хэмээн талархаж байгаа.
-Яагаад. Эрүүлээр сэтгэдэг удирдлагатай болсноор МАН, МАХН-ын нэгдэл болон бусад асуудлууд шийдвэрлэдэгдэнэ гэж үү?
Долдугаар сарын 1-ний үймээнээр таван хүний амь нас эрсдэснийг хаацайлах гэж сөрөг хүчнээ “өвөртөө оруулав уу”
-Учир нь миний дөрөв, таван жилийн өмнө ярьж байсан бүхэн зөв байсныг МАН-ын өнөөгийн удирдлагуудын хэлж байгаа зүйлүүд бататгаж байна. Тэр үед намын бага хурал дээр 34 хүн саналаа хэлсэн. Харин стандарт бус Засгийн газар байгуулахыг эсэргүүцэж ганцаараа эсрэг байр суурь илэрхийлсэн нь би. Үндсэн хууль зөрчиж байна, долдугаар сарын 1-ний үймээнээр таван хүний амь нас эрсдэснийг хаацайлах гэж сөрөг хүчнээ “өвөртөө оруулав уу” ингэснээр хяналтгүй болж, хариуцлагагүй байдал гаарна хэмээн байр сууриа илэрхийлж байлаа. Мөн Оюутолгойн гэрээг байгуулах нь зүйтэй ч эрдэмтэдийнхээ үгийг сонсч, ТЭЗҮ-г баталж байж батлахыг анхааруулсан. Намынхаа эв нэгдэл, ирээдүйг бодож, хэдхэн олигархи дураараа загнахаа больж, жирийн гишүүдийнхээ үгийг сонсч байхгүй бол нам дотроосоо задарч эхэлдэг шүү гэж мөн ч олон удаа сануулж, сүүлдээ ад үзэгдэж, эсэргүү энэ тэрээрээ цоллуулсан даа. Тухайн үед эвэртэй туулай үзсэн юм шиг эгдүүцэн хүлээж авч байсан цаг хугацаа бүхнийг харуулж байна.
Яагаад хамтдаа цэцэг өргөж болохгүй гэж
-Намын нэрийг өөрчилснөөс болж хоёр хуваагдаж, цаашлаад МАН сонгуульд ялагдал хүлээлээ. Намын нэр өөрчлөх цаг нь болоогүй гэж та мэдэгдэж байсан байх аа. Энэ талаар эргээд юу хэлэх вэ?
-Намын нэрийг өөрчлөхийг гишүүдийн 80 гаруй хувь дэмжиж байна гэж байсан ч одоогийн судалгаагаар бараг 80 гаруй хувь нь эсэргүүцэж байсан юм билээ. Бидний хэлж байсан шүүмжлэлийг дөрвөн жилийн дараагаас ярьж ажил хэрэг болгохоор ажиллаж байгааг харахад улс төрийн соёлтой, буруу зүйлээ хүлээх чадвартай удирдлагууд гарч иржээ гэсэн итгэл төрүүлж байна. Эдгээр удирдлагуудтай яагаад яриа хэлэлцээр хийж, дугуй ширээний ард сууж болохгүй гэж. Монголчууд хоорондоо эв нэгдэлтэй, Үндсэн хууль болон бусад хууль тогтоомжийг зөрчихгүйгээр хамтран ажиллахад болохгүй зүйлгүй. Иймээс гаргасан саналуудыг бид тодорхой хэмжээгээр судалж байгаа. Мэдээж энэ бүхэн хоёр, гурван дарга нар нь суугаад шийдчихдэг асуудал биш. МАХН ардчилал сайтай, зарчимтай, олонхиороо асуудлыг шийддэг нам. Энэ утгаараа асуудлаа ярилцаж, олонхиороо эцсийн шийдвэрийг гаргана.
-Өнөөдөр (гуравдугаар сарын 1-н)
Эх орончдын өдөр
. Гэтэл хоёр нам хамтдаа цэцэг өргөхөөс татгалзсан гэх. Энэ талаар тодруулахгүй юу?
-Эх орончдын өдрөөр яагаад хамтдаа Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөж болохгүй гэж. Энэ бол улс төрийн соёл. Нэгдэх, нэгдэхгүйгээс үл хамааран үндэс түүх нэгтэй намууд хамтдаа цэцэг өргөж, уулзалдаж байхыг “улс төрийн соёл” гэж үзэх хэрэгтэй. Эх орончдын өдрийг тохиолдуулан хийж байгаа энэ хоёр намын цэцэг өргөх ёслол нь Эзэн богд Чингис хаан болон Сүхбаатар жанжин тэргүүтэй үндэсний бахархал болсон хүмүүсийнхээ гавъяа зүтгэл, гэрээ захиасыг хүндэтгэн дээдэлж, тэдний үйл хэргийг амь насаараа хамгаалан залгамжилж ирсэн үе үеийн эх орончдынхоо гэгээн дурсгалыг хүндэтгэж байгаагийн илэрхийлэл билээ. Энэ бол нэг, хоёр намын асуудал биш. Тиймээс зөвхөн энэ хоёр нам гэлтгүй улс төрийн бүх намууд хамтдаа цэцэг өргөх ёстой, тийм чухал ач холбогдолтой үндэсний бахархалт өдөр гэж боддог. Үүнийг өнөөдөр биш юм аа гэхэд эрүүл саруулаар сэтгэх чадвартай манай хойч үеийнхэн хэзээ нэг цагт ажил хэрэг болгоно гэдэгт итгэж явдаг даа.
-Танай намаас санаачлан улс төрийн намуудын дунд спортын тэмцээн зохион байгуулж байгаа нь үүнтэй холбоотой юу?
-Эх орончдын өдөр учраас МАХН-аас санаачлан улс төрийн намуудад урилга хүргүүлсэн. Спортын тэмцээн уралдаан зохион байгуулж, оюун ухаан, хүч чадлаа сорьё гэж. Одоогийн байдлаар есөн намын төлөөлөл ирчихсэн, спортын төрлөөр өрсөлдөж байна. Спорт гэдэг нэгдүгээрт хүч сорьж шударга өрсөлдөнө. Хоёрдугаарт, эв нэгдлийн асуудал. Хэдийгээр хүмүүс хоорондоо өрсөлдөж, муудалцдаг ч тэмцээний дараа бүгдээрээ найзууд болдог. Тэгэхээр намууд улс төрөөс гадна спортоор өрсөлдвөл эв нэгдэл, соёлтой байх юм. Мөн шударга ёсны асуудал. Олны нүдэн дээр ил тод шударга шүүгддэг учраас. Спортын тэмцээний цаад гүнзгий агуулга нь эв нэгдэлтэй, шударга, улс төрийн соёлтой байя гэдгийг харуулж, бас ойлгуулахад чиглэсэн гэхүү дээ.
Энэ хүний толгойд “мэдээллийн сан” буй
-Намын даргаа эргэж очсон уу. Биеийн байдал нь ямархуу байна вэ?
-Н.Энхбаяр даргыг эргэж очиж байгаа. Намын дарга нь шоронд орчихсон байхад намын дэд дарга нь очихгүй бол хүний мөсгүй, хариуцлагагүй зүйл болох биз. Намынхаа даргыг эргэж очиж биеийнх нь байдалд байнга санаа тавьж байгаа. Улс төрийн хилс хэлмэгдүүлэлт эхэлж, манай орон улс төрийн хоригдолтой болсныг МАХН-ын гишүүд байнга хэлж, сануулдаг. МАХН-ын дарга учир бид очиж бодлогын шинж чанартай зарим зүйлийг ярилцдаг. Өдөр тутмын үйл ажиллагааг намын ерөнхий нарийн бичгийн дарга болон ажлын алба зөвлөлдөн амжуулж буй. Нөгөөтэйгүүр, сэтгэл санаа, биеийн байдал нь сайнгүй байхад хэтэрхий ачаалал өгч, санааг нь зовоох шаардлагагүй гэх байр сууринаас хандаж байгаа.
-Биеийн байдал нь нэлээд хүнд хүнд байгаа тухай мэдээлж байсан. Одоогоор биеийн байдал нь ямархуу байна вэ?
Монгол Улсын Ерөнхийлөгч асан
-Ханиад хүрсэн. Эрүүл хүнээс хүртэл салдаггүй ханиадыг шоронд хөдөлгөөн багатай нөхцөлд байгаа хүн хүрээд эдгэж өгөхгүй байна. Ер нь Д.Тэрбишдага Н.Энхбаярын эрүүл мэндийн талаар ярихаар сүр бадруулж байна хэмээн ойлгож мэднэ. Тиймээс тангараг өргөсөн эрүүл мэндийн салбарын тэргүүлэх эмч, мэргэжилтнүүдийн гаргасан дүгнэлтийг хэлье. Эмч нар “ Монгол Улсад шинжлүүлж болдоггүй, эсийн задрал явагдаад эхэлсэн. Яаралтай эмчлэхгүй бол амь насанд нь аюултай” гэж үзэж байгаа. Иймээс биеийн байдал болон сэтгэл санаанд анхаарах хэрэгтэй. Би гэлтгүй олон ээжүүдийн сэтгэл зовниж байна. Арга ч үгүй юм. Энэ хүний толгойд Монгол Улсын сүүлийн 20 гаруй жилийн түүх “мэдээллийн сан” буй. Алдаж, онож өнгөрүүлсэн цаг хугацаанаас авахыг авч, гээхийг нь гээх ухаан түүний тархинд бий учраас ард түмэн амь насанд нь зовниж байгаад би хүндэтгэлтэй ханддаг.
-Таныг Н.Энхбаяр даргыг дагаж явсны дараахан урвагч гэж цоллож байлаа. Ер нь таныг улс төрд хоёр өнцөгтэй харагддаг улстөрч гэх нь бий. Намаа шүүмжилж, “Элсний 13”-т багтаж байлаа. Өмнөх парламентад л гэхэд “Тэрслүү дөрөв”-ийн нэг нь мөн л та..?
“Намын эв нэгдлийг хангах, Оюутолгойн гэрээний алдаатай зүйлийг засч сайжруулах, Тавантолгойн ордыг эргэлтэд оруулах, Н.Энхбаяр гэдэг хүнийг ад шоо үзээд байх хэрэггүй. Харин эвлэж нийлэхээр асуудалд хандаач ээ”
-2008 оны УИХ-ын сонгуулийн өмнө МАХН-ын нэр хүнд нэлээд унаж, сонгуульд ялалт байгуулна гэхэд хүндхэн болсон байлаа. Энэ үед би Засгийн газрын гишүүн, Хүнс хөдөө аж ахуйн сайдаар ажиллаж байв. Ч.Улаан, Ц.Шаравдорж, Т.Очирхүү нар намаа шинэчлэх бичиг өргөн барина, өөрчлөлт хийхгүй бол намын рейтинг шалдаа буух нь гэхэд сайдын суудалдаа хоргодоод, өөрөө л албан тушаалтай үлдэж байвал болоо гэсэн явцуу эрх ашигт хүлэгдээгүй. Намаа бодож, шинэчлэл хийх бичигт нь гарын үсэг зурсан юм. Хэвлэлийнхэн “Элсний 13” элсэн цөлд ангаж үхэх үү эсвэл намдаа шинэчлэлийн салхи сэвэлзүүлэх үү гээд янз бүрээр л бичдэг байсан. Тэгээд намын 25 дугаар их хурлыг хуралдуулж, бодлогын томоохон баримт бичгийг баталж, намын удирдлагуудыг өөрчилсөн. Сонгуулийн өмнө МАХН-ынхан шинэчлэл өрнүүлсэн нь цагаа олсон, үр дүнтэй алхам болсон гэдэгтэй олон хүн санал нэгддэг юм билээ.
Сонгуулиар МАХН үнэмлэхүй ялалт байгуулсан ч Үндсэн хуулиа зөрчиж хамтарсан Засаг байгуулаад, сөрөг хүчингүй болсон парламент асуудлыг ханцуй дотроо наймаалцан шийддэг болж, хяналт, хариуцлагын тогтолцоо алдагдаж эхэлсэн дээ.
МАХН-ын удирдлагууд ч жирийн гишүүдийнхээ үгийг тоохоо больж, ажил засч, сайжруулах гэж үг хэлсэн нэгнээ адалж, нийгмийн сэтгэл зүйг үл анхаарах болсон. Б.Бат-Эрдэнэ, Ц.Даваасүрэн, Д.Балдан-Очир бид дөрөв энэ бүх байдалд дүгнэлт хийн намын дарга, Ерөнхий сайд С.Батболдод “Намын эв нэгдлийг хангах, Оюутолгойн гэрээний алдаатай зүйлийг засч сайжруулах, Тавантолгойн ордыг эргэлтэд оруулах, Н.Энхбаяр гэдэг хүнийг ад шоо үзээд байх хэрэггүй. Харин эвлэж нийлэхээр асуудалд хандаач ээ” хэмээн бичиг өргөн барьсан. Гэвч энэ шаардлагаас нэгийг нь ч тусгаж аваагүй, ажил хэрэг болгоогүй. Харин ч “Эсэргүү дөрөв” хэмээн гоочлохыг илүүд үзсэн биз. Намын дэргэдэх байгууллагуудын залуучууд жагсаад л.
Удирдлагууд нь хоорондоо зөрчилтэй. Дарга нар зөвхөн өөрийгөө дагасан хүмүүсийг албан тушаал ахиулдаг. Албан тушаалаа наймаалцаж, олигархижсан бүлэглэл бий болж, жирийн гишүүдийг үгийг сонсохоо больж, засч сайжруулах гэсэн, шударга шүүмжлэл өрнүүлсэн гишүүдээ үл тоох болсон нь зоримог шийдвэр гаргахад хүргэсэн гэж боддог. Зөвхөн Н.Энхбаярыг даргыг бодож, дагаж явсан, урвагч гэх нь оновчгүй тодорхойлолт юм. Надад өсөхөөс минь яс маханд шингэсэн нэг зан чанар бий. Ядарч яваагаа түлхэж биш түшиж, тулахыг эрхэмд үздэг. Миний хувьд дарга даамал хийгээд мандаж явахад нь өрөөнөөс нь салахгүй, долигонон гүйдэг, харин албан тушаалаас нь буухаар танихгүй мэт дүрээ хувиргадаг хүмүүст дургүй. Н.Энхбаяр даргыг эрх мэдэлтэй явахад “гүзээнд наалдсан дэлүү шиг” гүйлдэж, үүдийг нь сахиж, албан тушаал горилж явсан нөхдүүд олон бий. Харин би хэзээ ч тэгж байсангүй. Ажил хэргийн шаардлага гарвал уулзаж, хэлэх үгээ хэлдэг, тиймэрхүү л харилцаатай байсан.
-Ер нь намыг шинэчлэхийн тулд заавал жигүүр байгуулах шаардлага байсан уу, үгүй юү. “Элсний 13” бүлэг байгуулсан талаар хүмүүс нэлээд шүүмжлэлтэй ханддаг шүү дээ?
-Жигүүр гэхээсээ өмнө асуудлыг дотроо ярьж өөрчлөх хэрэгтэй гэдгийг би хэлдэг л байсан. Заавал жигүүр гэж байгуулах шаардлага байна уу, үгүй юү. Өөрөөр хэлбэл, эхний үед жигүүр байгуулаад хэрэггүй. Асуудлыг эрүүл саруулаар дотроо хэлэлцье. Өрөм дотроосоо өтдөг гэдэг шиг ингэж болохгүй гэдгийг байнга хэлж байлаа. Гэвч нэг хоёроороо саналаа хэлээд нэмэргүй юм байна. Нэгдэж нийлээд бичиг өргөн барьцгаая гэж шийдсэн хэрэг. Сүүлдээ хэдэн хүмүүс нийлсээр тохиолдлын шинжтэй 13 болчихсон. Үүнийг нь хэвлэлийнхэн “Элсний 13” гэж нэрийдсэн. Уг нь “Элсний 13” гэдэг өөрөө уйтгартай кино шүү дээ. Тийм л киноны баатрууд болж хувирсан. Тухайн үед Д.Одбаяр гишүүн бид хоёр Засгийн газарт ажиллаж байлаа. Гэсэн ч намаа шинэчлэх ёстой гэсэн байр суурьнаас хандаж, албан тушаалаа өгсөн.
-Намын дарга Ерөнхий сайдын албыг давхар хашихыг эсэргүүцэж, мөн л бяцхан тэмцэл өрнүүлж байсан санагдана. Гэвч та бүхний тэмцэл С.Баярын өмнө мухардаж байсан байх аа?
-Тухайн үед Засгийн ажил харьцангуй сайн явж байсан боловч намын нэр хүнд унаж, намд нэлээд шүүмжлэлтэй хандаж байв. Миний хувьд намын дарга нь намынхаа ажлыг хийгээд яваг, Ерөнхий сайд нь Засгийнхаа ажлыг л хийг гэсэн байр суурьтай байсан юм. Гэхдээ олонхиороо асуудлыг шийддэг нь ардчиллын зарчим. М.Энхболд, С.Баяр өрсөлдөхөд С.Баяр олонхийн дэмжлэг болж МАХН-ын дарга болов. Гэвч С.Баяр намын дарга болонгуутаа эрх мэдлийг өгсөн шиг өг, хариуцлагыг ч үүрье гээд Ерөнхий сайдын албыг давхар хашихаар болсон юм. МАХН-ын 25 дугаар их хурал өөрчлөлтийг авчирна гэсэн хүлээлт нийгэмд бий болсон байлаа. Үнэхээр гаргасан баримт бичгээ хэрэгжүүлээд, боловсон хүчний бодлогодоо шинэчлэл хийгээд явсан бол байдал өнөөдөр өөр л байх байсан. Харамсалтай нь, тэрхүү хурал дээр яригдсан зүйлүүд, бичиг баримтууд удирдлагуудын ширээний нүдэнд түгжигдэж, тоосон дарагдаад, хэрэгжээгүй.
Харин ч 2008 оны сонгуулийн дараанаасаа өмнөхөөсөө бүр дордуулсан бодлого явуулж эхэлсэн дээ.
-Засгийн газраас гарч, албан тушаалаа өгсөн нь намын удирдлагууд шахаж шаардсантай холбоотой гэх явган яриа байсан. Энэ үнэн үү?
-Тойрог олдохгүй болохоор нь Засгийн газраас гарсан гэхчилэн элдвээр бичдэг байв. Гэвч тийм зүйл байхгүй. Би Засгийн газарт сайн ажиллаж байсан гэдгээ хаана ч бардам хэлнэ. Тэр үед Хүнс хөдөө аж ахуйн яамныхан нойр хоолоо хасан уналтад орсон салбарыг сэргээхийн төлөө үнэхээр зүтгэж байсан юм шүү. Тиймээс ч сэргэлтийн эхлэлийг тавьж, дэвшил, өөрчлөлтийн суурийг өрсөн түүхэн үе ч гэж нэрлэж болно. Хөдөлмөрийн баатруудын зөвлөгөөн, Мянган малчны чуулга уулзалт, газар тариалан, усжуулалт, хүнсчдийн зөвлөгөөн, ахмад буурлуудын салбарын зөвлөгөөн, салбар удирдсан сайдуудын зөвлөгөөн, ХАА-н салбарын эрдэмтэдийн зөвлөгөөн хийсэн юм. “Бүгдээрээ ярилцвал буруугүй, бүлээн усаар угаавал хиргүй” гэдэг. Бодлогын том том баримт бичгүүдийн төслийг амьдрал мэдэх, туршлагатай хүмүүс, эрдэмтэд, мэргэжилтнүүдийнхээ оролцоотойгоор зөвлөлдөн хэлэлцэж, батлан гаргаж байлаа.
-2008 оны сонгуулийн дараа МАХН-ын дарга С.Баяр хамтарсан Засгийн газар байгуулах санаачлага гаргаж, гишүүд нь яралзтал гар өргөөд дэмжсэн гэдэг. Харин та л ганцаараа ширүүхэн шүүмжилсэн гэдэг юм билээ?
-Ард түмэн МАХН Засгаа барь, АН сөрөг хүчин байж эрх баригчдын алдаа гаргахаас сэргийлж, “хоточ банхар” шиг хянаж байг гэж сонголтоо хийсэн байсан. Гэтэл олон түмнийхээ шийдвэрийг үл хүндэтгэж, Монгол Улсын тулгуур хуулийг уландаа гишгэж, стандарт бус Засгийн газар байгуулах нь буруу гэж хурал дээр С.Баярын өөдөөс харж зогсоод шүүмжилсэн удаатай. Долдугаар сарын 1-ний үймээнийг саармагжуулах гэж ийм алхам хийж байгаа юм уу гэхэд дүрсхийтлээ уурлаж байсан нь санаанд бууж байна.
-Та тэгээд л Стандарт бус Засгийн газар хадаг бариад гуйгаад ирсэн ч сайд болохгүй гэж хэлж байсан бил үү?
-Тиймээ.
Нэр шинэчлэх цаг нь биш байсан
-Намын шинэчлэл гэдэгт нэрний утга ч хадгалагдаж байсан гэж зарим хүн тайлбарладаг. Нөгөөтэйгүүр, намын нэр өөрчлөх асуудлыг та ч ярьж байсан гэдэг шүү дээ. Тийм атлаа МАХН МАН болж хувирсныг буруушаах хандлага ажиглагддаг?
МАХН, МАН болж 2 хуваагдав
-МАХН-ын нэрийг өөрчлөх асуудлыг цаг үеэ олоогүй гэж үздэг. МАХН-ын нэрийг тодорхой хугацааны дараа өөрчлөхөд болохгүй зүйлгүй гэж ярьдаг л байсан хүний нэг нь би. Гэхдээ сонгуульд ялагдаад МАХН гэсэн нэрэнд хүмүүс дургүй болбол сольж болох юм гэж байр сууриа илэрхийлж байсан. Харин МАХН-ын гишүүдэд сонгогчдын 60 хувь нь саналаа өгөөд байхад намынхаа нэрний Х үсгийг ад үзэж, нэрийг нь солихоор зүтгэсэн нь цагаа олоогүй шийдвэр.
-Тухайн үед танай намын бүхий л гишүүд давхар дээлтэй байсан. Хуруу дарам цөөн хэдэн хүн л дан дээлтэй байсны нэг нь та. Намынхаа удирдлагуудыг сөрж, намаа шүүмжилж явдаг учраас албан тушаал өгөөгүй гэдэг бол нөгөө хэсэг нь таныг татгалзсан гэх?
-УИХ-д МАХН 46 суудалтай байсан. Гишүүн Ц.Шинэбаяр гарч, 45-уулаа болж байлаа. 45 гишүүнээс 42 нь байнгын хорооны дарга, дэд дарга, сайд гэсэн ямар нэгэн даргын албан тушаалын сэтэртэй. Гуравхан хүн л тэр үед албан тушаалын сэтэр зүүгээгүй үлдсэн гэдэг. Өөрсдөө ч сонирхоогүй. Тэр нь Б.Чойжилсүрэн, Ш.Сайхансамбуу, Д.Тэрбишдагва гурав. Надад байнгын хорооны дарга болох уу гэсэн санал ч ирж байсан. Дэмий биз дээ гээд хүлээж аваагүй.
-Яагаад?
-Миний ажлын туршлагыг харгалзаад санал болгож байсан байх. Гэвч “Уучлаарай Үндсэн хууль зөрчсөн Засгийн газрыг шүүмжилчихээд өөрөө албан тушаалд очиж, амаа таглуулдаг нь би биш ээ” л гэж хэлсэн. Надад ийм ёс суртахуун, хүмүүжил байхгүй.
Хэн нэгнийг дагасан гэхээсээ илүүүзэл бодолдоо л үнэнч үлдсэн
-Гэхдээ Н.Энхбаяр, Н.Удвал нарыг намын бүлгийн хуралдаан дээр өмгөөлж хэлснээс болсон юм биш үү?
-Н.Удвал, Н.Энхбаяр нар өөр гаригаас ирсэн хүмүүс биш шүү дээ. Бид нэг л угшилтай. Н.Энхбаяртай чи уулзсан гэнэ лээ гэж загнаж, зандарсан байдалтай харьцахаар нь би дургүйцсэн. Н.Энхбаяраас бүр тусгаарлаж, түүнийг бараг л нүдэнд орсон хог, шүдэнд орсон мах шиг үзэх болсон. Ийм ёс зүйгүй байж болохгүй. Н.Энхбаяр даргатай очиж уулзаж байсан нь үнэн. Гэхдээ намынхныхаа хэнд нь бэрхшээл, зовлон тохиолдсон үед өмгөөлж хамгаалж л явсан хүний нэг нь би. Ер нь манайхан албан тушаал буурсныгаа үргэлж араас нь шүүмжилж, элдвээр цоллодог. У.Хүрэлсүх, С.Батболдыг ч тэр. Тэр үед би аль алийг нь хамгаалж бүлгийнхээ хурал дээр үг хэлж л байлаа. Мөн Гаалийн Баатар гэж бүгдээрээ л ярьдаг байсан. Тэгсэн атлаа тэр хүнийг хүнд байдалд ороход бүлгийн хурал дээр нэг ч удаа ярьж байгаагүй. Ийм хүн чанар муутай байж болохгүй шүү дээ. Яагаад гаалийн Баатарыг ярьж болохгүй гэж. Яг үүнтэй адилхан Н.Удвал, Н.Энхбаяр нарыг араас нь янз бүрээр нэр хоч өгч, цоллоод байхаар нь ингэж болохгүй л гэж хэлсэн. Н.Энхбаяр ч гэсэн нэг намын журмын л нөхөр байсан. Харамсалтай нь үүнийг ойлгоогүй. Харин ч эсрэгээрээ намайг зориуд Н.Энхбаярын хүн гэж цоллож, элдэв нэр хоч өгсөн дөө. Үнэн хэрэгтээ жинхэнэ Н.Энхбаярын хүмүүс тэр дотор сууж байлаа. Түүний дэмжлэг туслалцаагаар Ерөнхий сайд, УИХ-ын дарга болсон хүмүүс тэр хүний эсрэг юм ярьж байсан нь надад таалагдаагүй. Ёстой жудаггүй хүмүүс юм даа гэсэн бодол төрсөн. Ингээд л Н.Энхбаяртай нааж зайлуулах бодлого явуулж эхэлсэн тухай сүүлд сонсогдож байсан.
-МАХН-ын батлахаа сэргээх тэрхүү эцсийн шийдвэрээ Н.Энхбаяр даргыг хүчний байгууллагынхан авч явах тэр өдөр гаргасан уу?
600 гаруй цагдаа Ерөнхийлөгч байсан хүнийг хөлийг нь гозолзуулаад авч явж байв
-Дөрөвдүгээр сарын 12-ны аймшигт үйл ажиллагааг телевизороор хараад л Монгол Улсын тэргүүн байсан хүнд ингэж хандах нь ёс суртахуунгүй асуудал гэж бодсон. Энэ төрд ер нь юу болоод байна аа. Бүр эргэлт гарч байна уу гэсэн бодол төрж, үйл явдлыг газар дээр нь очиж үзье гэж Ч.Улаан, О.Чулуунбат нар руу утсаар ярьж, очих уу гэсэн. Тэд ч зөвшөөрсөн. 600 гаруй цагдаа Ерөнхийлөгч байсан хүнийг хөлийг нь гозолзуулаад авч явж байхад бүгд л арьсаа хамгаалсан тайлбар хийж, журмын нөхрийнхөө талаар нэг ч үг унагаагүй. Намын дарга нь байсан хүнийг хүчнийхэн хүч түрэмгийлэн авч явж байхад тиймэрхүү байдалтай байсан нь энэ нам ерөөсөө биш болжээ гэсэн дүгнэлт л хийхэд хүргэсэн. Тэгээд л батлахаа сэргээсэн. Ганц тэр үйл явдал ч биш. Намын нэр сольсон, стандарт бус Засгийн газар, Оюутолгой, Тавантолгойн гэрээ гээд МАНАН-гийн үе байлаа шүү дээ. Түүнээс биш хэн нэгнийг дагасан гэхээсээ илүү үзэл бодолдоо л үнэнч үлдсэн дээ. МАН-ын удирдлагууд намайг яв гэж хөөсөнгүй. Тойрог өгөхгүй гэж сүрдүүлсэнгүй. Харин дөрвөн жилийн дараа миний ярьж байсныг зөв юм шиг ярьж байгаад баярлаж яваа, одоогийн удирдлагуудад.
11-ээс ч илүү суудал авах боломж байсан
-Ер нь таны амьдралын филисофи юу вэ?
-Аав маань эрдэм номтой лам хүн байсан болохоор сайхан зүйл их ярьдаг байлаа. Хамгийн гол нь зарчимтай байх ёстой. Дараа нь хүн чанартай, жудагтай байх нь чухал юм. Бусдыг ялгаварлаж үздэггүй байх хүмүүжлийг миний эцэг, эх хүүхэд байхаас минь ойлгуулсан.Манайд янз бүрийн хүн их цуглана. Ядарсан нь ч, задарсан нь ч их ирнэ. Тэглээ гээд хэнийг ч ялгаж байсангүй. Ялгалгүй мэнд асууж, хоол цай болдог байв. Миний хувьд шударга, зарчимтай байхыг хичээдэг. Мөн ажил эхэлбэл дуусгадаг зантай л хүн дээ.
-Таныг албан тушаалын төлөө МАХН-д очсон гэж ярих нь бий. Тэр дундаа очингуутаа намын дэд дарга болсон нь үүнийг бүр бататгасан ч гэж дүгнэж болохуйц. Яагаад намын дэд дарга болсон юм бэ. Н.Энхбаяр дарга санал болгосон юм уу?
-Намын дэд дарга, Шадар сайд болчихоор нь тэгж байгаа юм. Түүнээс биш тэр үед Д.Тэрбишдагвын улс төрийн карьеар дууслаа гэж ярьдаг байсан. Чи бол хэн ч биш жижигхэн намд очиж, өөрийнхөө улс төрийн ирээдүйг нэг мөр дэвсэлчихлээ гэж. Тэр ч байтугай манай арван жилийн андууд хүртэл ингэж болохгүй. Хэдийгээр аль ч салбарт ажиллаад явж чадах ч ийм эрсдэлтэй алхам хийх хэрэг байна уу гээд л зэмлэдэг байлаа. Ер нь маш олон хүн ингэж хэлсэн дээ. Гэвч миний амьдралын филисофи нөлөөлсөн юм уу. Би албан тушаалтай ч, тушаалгүй ч амьдарна. Албан тушаалыг амьдралынхаа филисофи болгож болохгүй. Намын дэд дарга гэдэг бол хүсээд байх зүйл биш. Нөгөөтэйгүүр, очингуутаа ч намыг дэд дарга болчихдоггүй юм.