Улаанбурханд 453.9 сая төгрөг зарцуулна
2016.04.19

Улаанбурханд 453.9 сая төгрөг зарцуулна

Засгийн газрын хуралдаанаар Улаанбурхан өвчний дэгдэлтийг зогсооход шаардлагатай хөрөнгийг Нийгмийн даатгалын сангийн эрсдлийн сангаас гаргах асуудлыг судлуулах үүргийг Хүн амын хөгжил, нийгмийн хамгаалал”-ын сайдад өгсөн. Энэ талаар ХАХНХ-ын сайд С.Эрдэнэ мэдээлэл хийлээ.

Нийгмийн даатгалын сангийн эрсдлийн сангийн хөрөнгөөр нийт 7 нэр төрлийн дархлааг дэмжигч эм бэлдмэлийг импортоор оруулж ирэхээр болжээ. 

Тухайлбал

  1. Хүүхдүүдийн дархлаа сайжруулах эм
  2. Хүүхдийн дархлаа сайжруулах бэлдмэл, уургийн бодис
  3. Антветик
  4. Хүүхдийн утлаганд хэрэглэх эмийн бодис
  5. Дархлаа сайжруулах лаа зэргийг улаанбурхан өвчнөөр өвчилсөн хүүхдүүдэд хүргэхээр болсон байна. Ингэхдээ нийт 453.9 сая төгрөгийг эрүүл мэндийн даатгалын сангийн эрсдлийн сангаас гаргах тухай Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн тогтоол энэ өдөр гарлаа. Эл хөрөнгийг одооноос эрүүл мэндийн яамны сайдын багц руу шилжүүлэх аж. Ингэснээр шаардлагатай эм тариаг ХӨСҮТ болон орон нутгийн эмнэлэгт яаралтай шилжүүлэх арга хэмжээ авах юм байна.

Энэ талаар С.Эрдэнэ “Хүмүүс ойлгохдоо хүүхэд зөвхөн улаан бурхан өвчнөөр өвдөөд байгаа юм шиг яриад байна. Ихэнхи тохиолдолд дандаа суурь буюу хавсарсан өвчтэй хүүхдүүд энэ өвчнийг хүнд туссан байгаа юм. Тэгэхээр дархлаа сайжруулах, дэмжих чиглэлээр энэхүү ажлыг хийж байна. Энэхүү бэлдмэлүүд нь бага насны хүүхдийн дархлаа нэмэгдэх, хавсарсан буюу суурь өвчний хүндэрлийг аргилна гэж үзэж байна. Түүнчлэн эмч нарын хийсэн судалгаагаар өвчилсөн хүүхдийн 80 орчим хувь нь хөхний сүүгээр хооллоогүй багачууд байгаа юм. Энэ нь байгалиас авах ёстой дархлааг авч чадаагүй учраас өвчин тусах нь элбэг байдгийг харуулж байна. Тэгэхээр Ерөнхий сайдын зүгээс хөхүүл хүүхэдтэй эхчүүдэд цалинтай чөлөө олгох, ажлын цагийг нь богиносгох зэрэг чиглэлийг өгсөн байгаа. Энэ чиглэлээр Хөдөлмөрийн яам, Эрүүл мэнд спортын яам, манай яам хамтарч ажиллана” хэмээв.

Дээрхи 453.9 сая төгрөг нь зөвхөн улаанбурхан өвчнөөр оношлогдсон хүүхдэд зориулагдах аж. Харин өвчнөөс урьдчилан сэргийлэх шинэ вакцин тавдугаар сарын 2-нд орж ирнэ. Вакцинжуулах ажлыг үндэсний хэмжээнд явуулах байна.

 Он гарсаар Улсын хэмжээнд нийтдээ 59 хүүхэд улаан бурхан өвчний улмаас эндсэн мэдээ байна. Үүний 18 нь ХӨСҮТ-д, 41 нь хөдөө орон нутагт энджээ.