Сургууль цэцэрлэгээс 500 метр зайд тамхи худалдаалахгүй гэх заалт хэрэгждэггүй
НИТХ-ын Эрүүл мэндийн байнгын хорооны хурал болж, Архи, тамхины тухай хуулийн хэрэгжилт болон хүнсний аюулгүй байдлын талаархи иргэдийн гомдлыг хэлэлцлээ. Архи, тамхины хяналтын тухай хуулийн хэрэгжилтэд хяналт тавих ажлын хэсэгт нийслэлийн төр захиргааны байгууллагын холбогдох албан тушаалтнууд орж ажиллажээ.
Хурлын эхэнд ажлын хэсгийн ахлагч нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга С.Отгонгэрэл Тамхины хяналтын тухай хуулийн хэрэгжилтийн талаар танилцууллаа. “Тэрээр Тамхины хяналтын тухай хуулийн дөрөвдүгээр зүйлийн 4.1.4 дэх заалтын дагуу тамхины хэрэглээ, дам тамхидалтын улмаас хүний эрүүл мэнд, эдийн засаг, байгаль орчинд учруулах сөрөг үр дагаврын талаархи шинжлэх ухааны үндэслэлтэй бодит мэдээлэл, сургалт сурталчилгаа болон тамхинаас гаргах эмчилгээ хүртээмжтэй болгох зорилгоор нийслэл хотын хэмжээнд сургалт сурталчилгааны ажлыг байнга зохион байгуулан ажиллаж байна.
Дэлхийн тамхигүй өдрийг “Тамхин бүтээгдэхүүний хууль бус худалдааг зогсооё” уриан дор зохион байгуулж, Эрүүл мэнд спортын яам, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, Мэргэжлийн хяналтын газар болон холбогдох бусад байгууллагатай үйл ажиллагаагаа уялдуулан ажиллалаа.
Нийт 80 гаруй удаагийн сургалтанд 6512 хүнийг хамруулж, есөн төрлийн 5000 гаруй сурталчилгааны материал тараан, явган аялал, спорт тэмцээн, гар зургийн уралдаан гэх мэт олон төрлийн үйл ажиллагаа зохион байгуулсан.
Хүнсний яармаг худалдааны төв, Норжин худалдааны төв, Амгалан зах, Офицер зах, Баянзүрх зах, Жуков болон Эко худалдааны төв зэрэг газарт “Олон нийтийн газар тамхи татахыг хориглоно”, “Утаат тамхи татахыг хориглоно” гэсэн сурталчилгааны материал байрлуулсан” гэв. Мөн тэрээр “ Дүүрэг, хороодын Засаг дарга нарын ажлын үр дүнгийн гэрээнд тусгагдаад хэрэгжиж байгаа Эрүүл аюулгүй байдлын индекст “100 хувь” тамхигүй орчин бүрдүүлсэн байгууллага, аж ахуйн нэгжийн тоо үзүүлэлтийн хүрээнд Хүрээ амаржих газар, Сүхбаатар дүүргийн дөрөвдүгээр хорооны Засаг дарга, Сүхбаатар дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн хэв журмын тасагтай түншлэлийн гэрээ байгуулж тамхигүй орчинг бүрдүүлсэн. Аж ахуйн нэгж байгууллагын орох халга, хүлээлгийн танхим зэрэг хуулиар тамхи татахыг хориглосон газарт анхааруулах тэмдэг, санамж, 3238 ширхэг зурагт хуудас наасан” гэлээ.
Ажлын хэсгийн ахлагч Тамхины хяналтын тухай хуулийн хэрэгжилтийг шалгах явцад ололттой талаар Өрхийн эрүүл мэндийн төв, дүүргийн Эрүүл мэндийн төвүүд, харьяа эмнэлгүүд иргэд, оюутан, сурагч өсвөр үеийн дунд Тамхины хяналтын тухай хууль, тамхины хор уршиг, дам тамхидалтын талаархи мэдээлэл сургалт, сурталчилгааг олон сонирхолтой хэлбэрээр өргөн хүрээтэй зохион байгуулснаар хүмүүсийн мэдлэг нэмэгдэж хандлага өөрчлөгдөж байна. Өрх, дүүргийн эрүүл мэндийн төвүүдийн архи, тамхи, мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисын хэрэглээг эрт илрүүлж, эрсдлийг тодорхойлон, зөвлөгөө өгөх тухай тусгай хөтөлбөр нэвтрүүлснээр эмч мэргэжилтнүүдийн ур чадвар нэмэгдэж, нарийн мэргэжлийн эмчид хандах хүлээлт багассан байна гэв.
Тус хуулийн хэрэгжилтийн дутагдалтай талын тухай Эрүүл мэндийн даатгалын системийн санхүүжилт 2015 онд хаагдснаар тамхинаас гаргах тусламж үйлчилгээ, утсаар үнэгүй зөвлөгөө өгөх бүтэц, зохион байгуулалтыг хийх, сургалт сурталчилгааны материал хэвлүүлэх боломжгүй болсон нь хуулийн хэрэгжилтэд муугаар нөлөөлж байна. Мөн олон улсын Тамхины хяналтын суурь конвенци, Монгол Улсын Тамхины хяналтын тухай хуулийн хяналт сул, хариуцлага тооцохгүй, хариуцлагыг хэн тооцох зэрэг нь тодорхойгүйн улмаас хуулийн хэрэгжилтэд сөргөөр нөлөөлж байна гэлээ.
Ингээд Тамхины хяналтын тухай хуулийг хэрэгжүүлэхэд анхаарах зүйлийн талаар дараахь саналыг ажлын хэсгээс гаргасан. Тамхигүй орчныг дэмжих, тамхидалт, дам тамхидалтаас сэргийлэх, тамхинаас гарах эмчилгээ, утсаар зөвлөгөө өгөхөд эдийн засгийн хөшүүрэг, урамшуулал шаардлагатай байна.Тамхины хууль бус худалдаа улам далд байдалд орж байгаа тул олон улсын тамхины хяналтын суурь конвенци, Монгол Улсын тамхины хяналтын тухай хуулийг сурталчилах, ухуулга сурталчилгааг тогтмолжуулах, хяналтыг нэмэгдүүлж, хариуцлага тооцох механизмыг бүрдүүлэх хэрэгтэй байна гэж ажлын хэсэг онцоллоо.
Ажлын хэсгийн дарга мэдээлэл хийсний дараа Тамхины хяналтын тухай хуулийн хэрэгжилтийн талаар НИТХ-ын төлөөлөгчид асуулт тавьж хариулт авсан. Тухайлбал, НИТХ-ын төлөөлөгч Ж.Амарсанаа “Өнөөдрийн байдлаар хаана, хэчнээн тамхи татах цэг ашиглалтад орсон болон эдгээр тамхи татах цэгийн санхүүжилтийг хэн гаргасан бэ?” гэхэд “Тамхи татах цэг байгуулах асуудал бол Бизнес хөгжлийн төвд хамаардаг байсан. Тус төв татан буугдсан. Тухайн төвд хамаардаг компани хэдэн цэг байгуулсан ч улсад хүлээлгэж өгөөгүй” гэж ажлын хэсгээс хариулсан.
Мөн “Нийтийн эзэмшлийн гудамжинд тамхи татсан хүнийг Цагдаагийн байгууллага торгох ёстой. Нийслэлийн хэмжээнд 2014, 2015 онд хэдэн хүнийг торгосон бэ?” гэж НИТХ-ын төлөөлөгч асуухад ажлын хэсгийн гишүүн нийслэлийн Цагдаагийн газрын Үйл ажиллагааны хэрэгжилтийг зохицуулах хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа н.Цэрэнпунцаг “2015 оны эхний арван сарын байдлаар 1441 иргэн, гурван аж ахуйн нэгжийг 74.1 сая төгрөгөөр торгосон. Өмнөх онтой харьцуулахад зөрчил гаргасан иргэдийн тоо 63 хувиар, ногдуулсан торгуулийн хэмжээ 53.8 хувиар өссөн үзүүлэлт гарсан. Эдгээр торгуулсан иргэний 40 хувь нь нийтийн эзэмшлийн гудамж талбайд тамхи татсан байдаг. Нэг удаагийн торгуулийн хэмжээ 50 мянган төгрөг” гэв. Мөн ажлын хэсгээс Тамхины хяналтын тухай хуулийг зөрчиж нийтийн эзэмшлийн гудамж талбайд тамхи татсан иргэнийг Цагдаагийн албан хаагчид торгох эрхтэй.
Харин Мэргэжлийн хяналтын байцаагчид аж ахуйн нэгжийн хяналт шалгалтаар илэрсэн зөрчилд арга хэмжээ авах эрхтэй байдаг гэв. Тамхины хяналтын тухай хууль зөрчсөн иргэн, аж ахуйн нэгжийг Цагдаагийн албан хаагчид, Мэргэжлийн хяналтын байцаагчид болон бүх шатны Засаг дарга нэр торгох эрхтэй байдаг аж. Торгуулийн мөнгө хаашаа ордог талаар асуухад ажлын хэсгээс Төрийн сан руу ордог гэв. Ажлын хэсгээс Тамхины хяналтын тухай хуулийн хэрэгжилтийн талаар жил бүр гаргасан судалгааг танилцуулсан.
Тамхины хяналтын тухай хуулийн хэрэгжилт 2013 онд 87 хувь, 2014 онд 81 хувь, 2015 онд 80 хувьтай гарсан гэж ажлын хэсгийн тайланд дурджээ. Сургууль, цэцэрлэгээс 500 метрээс дотогш тамхи зарж болохгүй гэсэн заалт хэрэгждэггүй. Мөн хууль бусаар гар дээрээс ширхэглэн худалдаалдаг явдал буурахгүй байгаа нь хуулийн хэрэгжилтийг 100 хувь болгоход гол саад болж буй хүчин зүйл гэж ажлын хэсгийн ахлагч тайлбарласан.