М.Энхсайхан, З.Энхболд нарын зөрчил арилаагүй
МҮАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Б.Цогтгэрэлтэй цаг үеийн сэдвээр ярилцлаа.
-Сонгуулийн хуульд өөрчлөлт оруулснаар гуравдагч хүчний намууд дангаараа өрсөлдөөд амжилт гаргах боломж хомс болсон. Тиймээс нэгдэх, эвсэх чиглэлд явж байна. Танай намд АН-аас нэгдэх санал тавьсан. Эхлээд та бүхэн эергээр хүлээж авсан ч одоо “Нэгдэхгүй” гэсэн чиглэлтэй болж байна гэж ойлгосон. Зөв үү?
-АН-аас манай нам болон ИЗНН-д хандаж "Ардчиллын төлөөх намууд улс орны эрх ашгийн төлөө нэгдэж ажиллах шаардлагатай. Тиймээс манай намд нэгдэхийг урьж байна” гэсэн санал ирүүлсэн. УИХ-ын сонгуульд хамтарч оролцъё гэсэн. Энэ саналыг бид Удирдах зөвлөлөөрөө нухацтай хэлэлцсэн.
Бид 2006 онд АН-аас салж, нам байгуулсан хүмүүс. Яагаад салсан юм, одоо тэр нөхцөл байдал өөрчлөгдсөн үү, хамтраад яг юу хийж чадах вэ гэдгээ ярих ёстой. МҮАН байгуулагдаад 10 жил болж байна. Анх бид “Монгол төрийг шинээр урлан бүтээнэ” гэж зарлаж гарч ирсэн.
Чингис хаан “Мянган жилийн үйл явцыг нэгэн өдрийнх мэт сэтгэ” гэж хэлсэн байдаг. 25 жил бол урт хугацаа. Шинжлэх ухаан, технологи хөгжсөн цагт улс орныг орвонгоор нь өөрчилж чадах хугацаа. Асар их зүйл хийж болох байсан ч чадсангүй.
Учир нь монгол төрд судалдаг, шинжилдэг, төлөвлөдөг, түүнийгээ хуульчилж, улмаар хэрэгжүүлдэг, хянаж; алдаа мадгаа засаж төгөлдөршүүлэх бодлого, чадвар, чадамж алга. Аливаа үнэ цэнэтэй сайхан санаа гаргаад бодлого нь байлаа ч түүнийг тогтвортой авч явж өртөөчилж хөгжүүлэхгүй байна.
Байшингаар бол сууриа тавьж, нэг, хоёр? дөнгөж гуравдугаар давхар руугаа орж байтал л дараагийн сонгуулиар гарч ирсэн нам бүгдийг нураагаад дахиад л эхэлдэг. Ийм байдлаар улс орон хөгжихгүй. Яагаад ийм болсон шалтгаан нь Үндсэн хуульд бий. Гадаадынхан манай Үндсэн хуулийг алдаатай гэж үздэг, “Монголчууд төрөө шатаах тоглоомоор тоглож байна” гэдэг.
Төрөө яаж хүчтэй байлгахыг мэдэхгүйгээр хуульчилснаас гол хөтлөгч хүч болох Засгийн газар нь ажиллаж чадахаа больсон. Галт тэрэгний толгой ажиллахгүй бол хэдэн зуун чиргүүл байгаад ч нэмэргүй биз дээ. Хавтгайрсан улстөржилтөөс болоод цөөхөн монголчууд олон хэсэг хуваагдлаа.
Улмаар энэ байдал оюунлаг хэсгээ талцуулж, хооронд нь зодолдуулдаг боллоо. Үүнийг зогсоохын тулд манай нам Өүлэн эхийн таван сумны домгийг бэлгэдэж, ‘Таван сум” нэртэй сонин гарган ухуулга хийж, тавдугаар Үндсэн хуулийн эхийг боловсруулж байлаа. Гэвч өнөөдөр бахь байдгаараа л байна.
1990 онд коммунизм болохгүй байна гээд ардчиллыг сонгосон. Тэгвэл өнөөдөр ардчилал зөв замаар яваа юу. Улс орон бүрт энэ социализм, либерализмын чинь дунд консерватизм, үндэсний үзэл гээд өөрийн замнах ёстой нэг зам байгаа юм биш үү гэдгийг бид сануулж гарч ирсэн.
Энэ бүх үзэл, чиглэлийг минь Ардчилсан нам хүлээж авах уу. Өнгөрсөн 25 жилээ нэгэн өдөр мэтээр гүнзгий дүгнэхэд бэлэн үү гэх зэргээр ярих зүйл их. Мөн бид нэгдээд Үндсэн хуулиа өөрчилж, төрөө цэгцэлж, томоохон мега төслүүдээ явуулж чадах уу.
-Эхний ээлжинд энэ бүхнээ ярилцсан уу?
-АН-ын ажлын хэсгийн дарга: УИХ-ын гишүүн Р.Амаржаргал манай намын даргатай уулзсан байна лээ. Хамтарч ажиллах болон нөхцөл байдлын талаар ярьж болно. Гэхдээ нэгдэхэд амаргүй гэдгээ л манай намын дарга хэлсэн гэж ойлгосон.
АН нэгдэх саналаа биднээс гадна Засгийн газар хамтарч байгуулж яваагийн хувьд МАХН-д ч тавих ёстой. Нэгдье гэхгүй юм гэхэд хамтарч ажиллая гэх ёстой. МАХН, МҮАН хоёр эвслийн гэрээтэй.
Ийм байхад нэгийг нь онцолж, "Чи манай нутгийнх юм чинь хаяад хүрээд ир" гэж буй мэт санал тавьсан. Сонгуульд хамтарч орохын тулд эвсэх нь төр засгаа байгуулахын хажууд хоёрдогч шинжэй. Төр байгуулсан харилцааг хайхрахгүй орхиж болохгүй.
АН, МҮАН-ын дарга нар үндэсний хэмжээний томоохон төслүүд дээр зарчмын өөр байр суурьтай байсан. Энэ зөрчил нь арилсан уу гэдэг асуудал бий. Ядуурал, ажилгүйдэл, авлига, хээл хахууль, төрийн замбараагүйтэл, баян хоосны ялгаа, эрүүл мэндийн доройтол гэсэн том дайснаа хамт дарахын тулд бид нэг санаа бодолтой байж л амжилтад хүрнэ шүү дээ.
Нам хооронд хэлцэл хийхдээ хоёр хүний харилцаанд ач холбогдол өгөхгүй байж болно. Гэвч эд чинь нам тус бүрийнхээ лидер, туг, тамгаа атгаж байгаа энэ цагийн хүчтэй улстөрч шүү дээ.
-Тавантолгойн ордыг эргэлтэд оруулах талаар хоёр дарга зөрчилдсөн. Одоо тэдний зөрчил арилсан уу, ямар нэг ахиц гарсан болов уу?
-Санал зөрж байсан асуудлууд нь нүүрсний үнийн уналтаас болоод нэгэнт ач холбогдолгүй болсон. Одоо тэд зөрчилдөнө үү, байна уу; нөлөөлөхгүй. Энэ хоёр хүн бүү хэл, монголчууд бүгдээрээ алдчихаад байна. Тавантолгойн уурхайг ажиллуулахын тулд ажиллуулж болох ч эдийн засгийн хувьд ямар ч үр ашиггүй болсон. Энэ олон жил үүнийг ашиглаж чадахгүй улстөржсөн нь монголчууд бидний л арчаагүйнх. хэн нэгнийг буруутгахаас илүү төрийн бодлого судалгаа тооцоогүй, тогтворгүй, шаардлагатай үедээ шийдвэр гаргах чадамжгүй байсантай холбоотой.
Таван жилийн өмнө л Тавантолгойг эргэлтэд оруулчих байсан юм. Тэгээд БНХАУ гэдэг том зах зээлийг ямар нэг байдлаар манай нүүрснээс хамааралтай болгох байсан. Тэгсэн бол Тавантолгой өнөөдөр хүчин чадлаараа ажиллаж байх байлаа.
-МАХН-тай дараагийн сонгуулиар одоогийн хэлбэрээр хамтрахгүй гэж танай Удирдах зөвлөлөөс шийдсэн байна лээ. Яагаад ингэх болов?
-Хамтрахгүй гэж хэлээгүй шүү дээ. Энэ хэлбэрээрээ 2016 оны сонгуульд оролцох боломжгүй л гэсэн. "Шударга ёс” эвсэл 2016 оны сонгуульд энэ хэвээр орж болно. Өнөөдрийнхөөсөө хэдэн суудал илүү авч ч чадна байх. Тэглээ гээд бидний ярьж, зорьж байсан улс төрийн, эдийн засгийн, шударга ёсны, нийгмийн, оюун санааны таван хувьсгалыг хийж дийлэхгүй, хүчин мөхөстөнө.
Тиймээс бусад нам, эвсэлтэй хамтарч, хүчээ зузаатгая гэсэн юм. Сонгууль болдгоороо болно. Үүний дараа төрийн чадамж сайжирсан байгаасай гэж л сонгууль хийдэг. Зургаан удаа сонгууль явуулсан ч амжилт олсонгүй, Засгийн газар нь жил хагас болоод солигддог. Тэгэх бүрт яам, Тамгын газар даргаасаа цэвэрлэгчээ хүртэл өөрчлөгддөг. Төрийн алба сүүлдээ МСҮТ шиг л боллоо.
Тиймээс МҮАН ямар нэг хэлбэрээр төр тогтвортой байх, аль нэг эвсэл, нам давамгайлсан Засгийн газар байгуулагдаасай гэж хүсэж байна. Үүний төлөө хэлбэрээ өөрчилье гэж байгаа юм. АН-ын хэдэн суудлыг МАН-ынхаар солих бол еэвэнгийн нөгөө талыг эргүүлээд харуулахтай адил болно.
Юу ч өөрчлөгдөхгүй, ахиц дэвшил гарахгүй тохиолдолд хөрөнгө хүч зарж, ард түмний гурав, дөрвөн жил цуглуулсныг цаас, баас болгож яах юм. Намууд ганц хоёр суудал авахын төлөө, ахиулахын төлөө бус, арай өөр өнцгөөс хандах ёстой. Томоор харж, “ухаажсан улс төр" хийх цаг болсон. 25 жил бол хүнээр суралцах биш, ид хийж бүтээх, үзэл бодол төлөвшсөн нас.
-Нэг намынхан ч эрх ашиг дээрээ нэгдэж чадахгүй, фракцаараа талцаж байхад өөр олон нам, улстөрч нэгдэж, таны зорьсон төрийг байгуулахад их л хугацаа орох байх даа.
-Намайг ингэж ярихаар “Та хэтэрхий сайхан зүйл мөрөөдөх юм. Амьдрал өөр шүү дээ. Жаахан прагматик бай л даа. Та нарт ямар хөзөр, давуу тал байгаа болоод бусдад ийм нөхцөл тулгаж байна вэ? гэх хүн байдаг. Үнэхээр болохгүй байгааг нь улстөрчид, хүмүүс мэддэг ч амьдрал дээр бүгд л амин хувиа хичээнэ.
Хүний мөн чанар үнэхээр тийм, би үүнийг үгүйсгэхгүй. Миний хувьд УИХ-ын гишүүн болох, эсэх чухал биш. УИХ-ын сонгуульд би гурвантаа нэр дэвшлээ. 15 жилийн өмнө ярьж байснаа л би өнөөдөр хэлж буй. Ер нь улс төрийн намуудад зарчим, жанжин шугам гэж байх ёстой биз дээ.
Гэтэл намууд хэсэг бүлгийн сонирхлынхоо төлөө л явж байна. Апь нэг нам ялж байгуулсан төр бол тухайн намын гишүүдийнх нь төр болохоос Монголынх байж чадахгүй байна. Нийгэмд “Намгүй сум, дүүрэг” хөдөлгөөн өрнөөд байгаа. Гэтэл намууд нь олон гишүүнтэй болохын төлөө уралдаж байна.
Энэ бол олуулаа болоод төрийн албыг тэр чигээр нь өөрийн хүнээр бүрдүүлнэ гэсэнтэй агаар нэг. Үүнийг бид 10 жилийн өмнө ойлгоод гишүүнчлэлийн араас хөөцөлдөхгүй, бодлогын нам болно гэсэн. Надад ахиухан мөнгө өгөөд гишүүн элсүүл гэвэл би бүх аймгаар яваад 300 мянган үнэмлэх тараачихаад "Бид олуулаа” гээд сууж чадна.
Гэвч үүний цаана итгэл үнэмшил гэж байх уу? Монголын улс төрд нэг намын орон зай л байгаа, бусад нь үзэл бодол зөрөлддөг, хянадаг, шахдаг, сөрдөг, дэмждэг хамждаг ямар ч байж болно. Тогтвортой 15-20 жил чирээд явчих тийм л хүчний төвлөрлийг бий болгомоор байна. Гэтэл хоёр том нам гишүүнчлэлээ хадгална гээд Ерөнхийлөгчийн өргөн барьсан төслийг хэлэлцэхгүй байна.
Нам нь гишүүдээ, гишүүд нь эргээд намаа барьцаалсан байдал бий болсон. Гишүүдэд нь өөрийн үзэл бодол, сонгох эрх гэж үгүй; гар гараас нь хөтөлж очоод санал өгүүлнэ. Яг л “Орифлеймийн сүлжээ” шиг л ажиллаж байна. Энэ сүлжээг ядахдаа саармагжуулахгүй бол дэндүү хавтгайрлаа. Намаар хамгаалагдсан авлигын арми чинь энэ том сүлжээний ард нуугдаад байгаа юм шүү дээ.
-Тооны хойноос намууд хөөцөлддөг, итгэл үнэмшилгүй гишүүдтэйн хэрээр бат бөх биш байна гэлээ. МҮАН-аас нэр дэвшиж, УИХ-д сонгогдсон хоёр ч гишүүн өөр намд орчихлоо. Танай намыг ашиглаад, хохироогоод байгаа ч юм шиг байдлыг давтахгүйн тулд юу хийх вэ?
-Сонгуулийн хуулиар ийм шилжилтийг хориглосон. Нөгөө талаар тэднийг буруутгах аргагүй. Төрийн, намын гэсэн эрх ашгийн хоёр л эрэмбэ бий. Тиймээс намын гишүүн байх нь 2, 3 дахь шатны эрэмбэ.
Төрийн төлөө манайхаас өөр нам руу орох нь урвах хэрэг биш; зовлон болохгүй. Ёс зүйн асуудал л үүсгэх байх. Тэр хүмүүс МҮАН-д байснаар карьер өсөхгүй гэж үзсэн болоод сонголтоо хийсэн биз.
-Дөрвөн жил МҮАН эрх барилцлаа. Энэ хугацаанд ямар ажил хийв?
-Үндэсний эрх ашгийн төлөө, төрийн бодлого бүрт саналаа оруулж явна. МҮАН-ын гишүүдийн ахалж байсан салбарууд бусдаас арай л илүү бүтээлч ажилласныг М.Сономпил сайдын ахалсан эрчим хүчний салбарын жишээгээр харж болно. 30 гаруй жил хийгээгүй бүтээн байгуулалт, эрчим хүчний эх үүсвэрүүдийг барьж, зарим нь ажпаа эхэлж байна.
М.Энхсайхан сайдын ахалсан Тавантолгойн станц гүйцэтгэгчээ өнгөрсөн долоо хоногт шалгарууллаа. Энэ төсөл зөвхөн станц биш; монголчуудад цаашид үндэсний болон бүс нутгийн ач холбогдолтой томоохон төсөлд хэрхэн хандах, яаж ажиллах онол; практикийн амьд сургалт болж байна.
Хугацааны хувьд ч адгаж болдоггүйг бүгд ойлгож авах шиг боллоо. Төр, засгийн ажиллах хугацаа хүртэл томоохон төслийн ард гарчихаар 5-6 жил байх шаардлагатай юм байна. Төрийг тогтвортой байлгахын төлөө МҮАН чадах бүхнээ л хийсэн. Бид тууштай байгаагүйсэн бол эвсэл задарч, энэ төрд юу болох байсан бэ? Амаргүй дөрвөн жил байсныг хэлэх хэрэгтэй.
АН-ынхны зүгээс ч, МАХН-ын зүгээс ч, нийгэм ч тэр, манай намын гишүүдээс ч тэр “Ингэж явах ямар хэрэгтэй юм. МАХН чинь нүүрээ буруулбал яах юм” гэсэн хүн олон байсан. Бид тэр хамаагүй, төр тогтвортой байх нь чухал гэж ажилласан учраас байр суурин дээрээ бат нягт байсан.
Өнгөрсөн дөрвөн жилд мөн ч олон сорилтыг эвслийн бүлгийн даргын хувьд Н.Батцэрэг гишүүн зангарагтай давсныг хэлэх ёстой. Үүнийг тэр бүр хүмүүс анзаардаггүй, үнэхээр туршлагатай улстөрчийнхөө хувьд л ард нь гарч байх шиг байна.
-МАХН-ын гишүүд үнэндээ даргынхаа төлөө л ажилладаг. Түүнийг ялаас мултлах зорилготой хууль санаачилна, дэмжихгүй бол Засгийн газраас гарна гэж бойкотолдог.
Эвсэл дотроо ч МАХН 70, МҮАН 30 хувийн харьцаатай. Тиймээс та бүхнээс асуухгүйгээр аливааг шийдэх хандлага гаргадаг. Энэ бүхэн нь зам салах бас нэг шалтгаан болсон байх...
-Олуулаа болчихоор цөөнхөө дээрэлхэх гэдэг араншин том намуудад, том байсан намд байдаг юм шиг байгаа юм. Одоо энэ хол явахгүй ээ. Телевиз, фэйсбүүк, твиттер, интернэт нь олон нийтийн харилцааны гол хэрэгсэл болоод байна. Хөдөөгийн суртал ухуулагчаар улс төр хийлгэнэ гэж байхгүй.
Гэхдээ МАХН, МҮАН-ынханд учиргүй хүндэрсэн муу харилцаа байхгүй. Хамт амьдарч буй хоёрт чинь хааяа нэг нэгэндээ хатуу үг хэлэх үе байдаг биз дээ. АН, МАН дахь дотоод зөрчилтэй харьцуулах юм биш. Нөгөө талаар МАХН гэдэг нэр бол Монголын нийгмийн 70 жилийн түүхтэй холбогдсон брэнд
Мөн тус намын дарга, төрийн бүх өндөр албан тушаалыг хашсан Н.Энхбаяр гэдэг хүн өөрөө бас брэнд. Энэ хоёр брэндийг ашиглах гэсэн олон хүн тэнд цугласан, бас төрөө цэгцлэх хүсэл, чин эрмэлзлэлтэй хүмүүс олон бий байх.
Гэвч намын даргатай холбоотой асуудлууд нь МАХН-д эрүүл саруулаар, тайвнаар аливааг дүгнэх боломж олгохгүй байх шиг байна. Үүнийг бид ойлгодог, ойлгож ч хандаж ирсэн. Харин үүнийг минь сул дорой, хүлцэнгүй байна гэж гэж ойлгож буй бол хамтрагч маань институц болох болоогүйн л илрэл.
-Дөрөвдүгээр сарын 29-нөөс өмнө намууд ямар хувилбараар сонгуульд оролцохоо шийдэх ёстой. МҮАН яг ямар хувилбар дээр тогтох гээд байна вэ?
-Миний хувилбаруудыг сонсвол их бөөрөнхий яриа болох байх. Бид АН-тай дангаараа, эсвэл ‘Шударга ёс" эвслээрээ ярьж болно. МАН-тай мөн адил. Бас дангаараа оролцож ч болно. МАХН-тайгаа хэвээр байна гэвэл МНН зэрэг бусад намыг нэмж, хүчээ зузаатгах хувилбар бий. Эх орон нам, ИЗНН гээд бидний дутуу хийгээд орхичихсон нэг хувилбар байгаа.
МАХН-ынхан бидэнтэй хамтрахгүй гээд МАН-тай нэгдэх юм бол МҮАН бусад хүчинтэй хамтарч ч болно. Учир нь МҮАН-ын удирдлагын түүх бол эвслийн түүх юм. Манай намын дарга М.Энхсайхан бүх л эвслийг амжилттай зохион байгуулж байсан. Тэр төрийн бодлогыг зөв болгохын төлөө тууштай ажиллаж буй том стратегич, манай улсын шилдэг эдийн засагч.
Тэгсэн атлаа “Топ-10 улстөрч” гэхээр түүний нэр байдаггүй. М.Энхсайхан том бодлогын золиос болсон хүн. Оросын “Слабое звено"гэдэг нэвтрүүлэг байдаг юм. Оролцогчид асуултад хариулж өрсөлддөг, тэгээд хамгийн муу оролцогчоо нууц санал хураалтаар хасах ёстой. Гэтэл ихэвчлэн хамгийн муугаа биш, сайныг шахаж гаргаж байгаа харагддаг. Цаашдын замд нь саад болно гэж үзээд тэр шүү дээ.
Ийм л зарчмаар М.Энхсайханд хужаа гэдэг тодотгол зүүж, монголчуудын сэтгэл зүй дээр тоглож, улмаар энэ хүний ярьж буй зөв зүйтэй, үнэ цэнэтэй санаа. хэлж байгаа үгийг зохион байгуулалттайгаар олны анхаарлаас хөндийрүүлж байна. Гэвч ухамсартай, оюунлаг хэсгийн хүрээнд тэр гэгээрүүлэх ажлаа хийж байгаа. Тиймээс эвсэл амжилттай байгуулах боломж бий.
-Сонгуулийн хуульд санал хураахаас зургаан сарын дотор гар хүрэхгүй байх заалтыг түшэзд хасчихсан. Одоо Ш.Түвдэндорж гишүүн Сонгуулийн хуульд өөрчлөлт оруулах төсөл өргөн барих гэж байна. Үүнийг та юу гэж бодож байна?
-Хууль эрх зүйн хувьд Сонгуулийн тухай хуулийг одоо өөрчлөх боломжгүй. Ардчилсан бүх оронд сонгуулийн жилд хуулиа өөрчилдөггүй. Энэ талаар тусгасан олон улсын конвенцид Монгол Улс нэгдчихсэн. Тиймээс хуулиас илүү олон улсын конвенц хүчинтэй. Тэгээд ч энэ саналд бусад нам автахгүй байх.