Чингэлтэй дүүргийн Баялаг бүтээгчид чууллаа
Өнгөрсөн нэг жилийн хугацаанд Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо Монгол улсын өнцөг булан бүрт байгаа баялаг бүтээгчдээ таниулахын тулд үйл ажиллагаагаа хүчтэй өрнүүлсэн. Энэхүү бүтэн жилийн үйл ажиллагаа үр дүнгээ өгч 2016 оныг аймаг болон дүүргүүд баялаг бүтээгчдээ дэмжих жил болгон зарласаар байна. Өнөөдөр Чингэлтэй дүүрэг 2016 оныг Баялаг бүтээгчдийг дэмжих жил болгон зарлаж анхдугаар хуралдаанаа хийлээ.
Түүнчлэн тус дүүргийн үндэсний үйлдвэрлэгчид үзэсгэлэнгээ гаргасан юм. Баялаг бүтээгч иргэдийн үйлдвэрлэл, үйл ажиллагааг олон нийтэд танилцуулж, импортыг орлох бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн үйл ажиллагааг дэмжих чиглэлээр инноваци нэвтрүүлэн, бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг кластраар нэмэгдүүлэн "Чингэлтэй Брэнд бүтээгдэхүүн"-ийг экспортонд гаргах зорилт тавьж ажиллаж байна.
Мөн салбар хороогоо байгуулан нэгдэж зохион байгуулалтад орон ажиллаж эхэллээ.
Зөвлөгөөнд Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан ирж баялаг бүтээгч Чингэлтэйчүүдийнхээ үзэсгэлэнг сонирхож үг хэлсэн юм.
Г.Баярсайхан Хөдөлмөрийн сайд
-Баялаг бүтээгчдийг дэмжих холбооны Чингэлтэй дүүргийн анхдугаар уулзалт болж байгаа нь асар их ач холбогдолтой. Жижиг дунд өрхийн бизнес эрхэлж байгаа хүмүүсийг зохион байгуулалтанд оруулах зайлшгүй шаардлагатай. Ингэж зохион байгуулалтанд орсоноороо Монгол улсын Засгийн газраас хэрэгжүүлж байгаа олон төсөл хөтөлбөрүүдийг хүртэх, цаашлаад бизнесийн үйл ажиллагаа нь үр дүнтэй болно. Өнөөдрийн уулзалтаар иргэд нэг зүйлийг цохон тэмдэглэж байна. Үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүний борлуулалт үнэхээр тааруу байна гэдэг. Тиймээс энэ тал дээр нь Засгийн газраас олон төсөл, хөтөлбөр хэрэгжүүлж байгаа. Манай Хөдөлмөрийн яамнаас бичил бизнес эрхэлж байгаа иргэдээ дэмжих, мөнгөжүүлэх үүднээс 50 тэрбум төгрөгийн хөрөнгийн эх үүсвэр бий болгож байгаа. Энэ төсөл удахгүй хэрэгжиж эхэлнэ.
Д.Батзогсох Зээлийн батлан даалтын сангийн Батлан даалт зохиоцуулалтын хэлтсийн дарга
-Жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд гол тусламж үзүүлдэг нэг санхүүгийн механизм бол Зээлийн батлан даалтын сан. Чингэлтэй дүүргийн хувьд Зээлийн батлан даалтын сангийн хөрөнгө оруулагч гэдгээрээ их онцлогтой. ЖДҮ эрхлэгчдийг дэмжих тал дээр маш санаачлагатай ажиллаж байгаа дүүрэг гэж би боддог.
Одоо манай дээр 418 аж ахуй нэгж дэмжлэг авсан. Эргэн төлөлтийн хувь ч сайн байгаа. Цаашид бичил бизнес эрхлэгчдэдээ батлан даалтын дэмжлэгийг хүргэх үйл ажиллагааг эхлүүлэхээр төлөвлөж байна. Энэ мэдээж Чингэлтэй дүүргээс эхлэх байх гэж бодож байна.
Баялаг бүтээгчдийг дэмжих холбооны Ерөнхийлөгч Ч.Даваабаяр
- Өнөөдрийн зөвлөгөөнөөр дүүргийн баялаг бүтээгчдийн салбар хороо байгуулагдлаа. Маш олон хүмүүс баялаг бүтээгчдийг дэмжих холбоонд элслээ. Чингэлтэй дүүргийн хувьд бусад аймаг, дүүргүүдээс ялгагдах онцлогийн хувьд Чингэлтэйн брэндийг дэлхийн тавцанд гэсэн том уриатай. Энэ урианаас л өнөөдрийн уулзалт зөвлөгөөний гол ач холбогдол, зорилго нь анзаарагдаж байна. Мөн Чингэлтэйн баялаг бүтээгчид тус бүрдээ нэг жижиг асуудлыг ярихаас илүү нэгдээд том зүйлийг ажил хэрэг болгоё гэдэг уриатай байгаагаас гадна анхны уулзалт зөвлөгөөнөө хийж байгаа гэхэд их ажил хэрэгч, эрч хүчтэй байна. Ийм эрч хүчтэй учраас олон асуудлыг хурдан шийдэх байх гэж харж байна. Болохгүй бүтэхгүй гэдэг зүйлийг ярихаасаа илүү болгоно бүтээхийн төлөө ажиллана гэдгээрээ их халуун дулаан, үр дүнтэй уулзалт боллоо.
Чингэлтэй дүүргийн Салбар хорооны дарга Ж.Оюунчимэг
-Юуны түрүүнд их баярлаж байна. Өнөөдөр энэ хүндтэй албанд томилогдлоо. Ер нь Чингэлтэй дүүрэгт Монголын баялаг бүтээгчдийн 70-аас дээш хувь нь үйл ажилаагаагаа явуулдаг. Тэгэхээр энэ үйлдвэрлэгчдийнхээ тулгамдаж байгаа асуудал, нэн тэргүүний бодлогын асуудлыг шийдвэрлэхийн төлөө л ажиллана даа.