УИХ-ын гишүүн С.Одонтуяа
2016.02.29

УИХ-ын гишүүн С.Одонтуяа Өвөрхангай аймагт ажиллалаа

УИХ-ын гишүүн С.Одонтуяа болон УИХ-ын дарга З.Энхболдын зөвлөх Г.Байгалмаа нар өнгөрсөн долоо хоногт Өвөрхангай аймагтажилласан байна. Иргэдтэй уулзаж, УИХ-аас баталсан хууль, тогтоол, шийдвэрүүдийн талаар танилцуулан санал солилцсон юм. Хамтын тэтгэврийн тухай хууль, Эрүүл мэндийн даатгалын тухай хууль, Хүүхдийн эрх болон Хүүхэд хамгааллын тухай хууль, Хөгжлийн бэрхшээлтэй иргэний эрхийг хамгаалах тухай хууль, Хүүхэд харах үйлчилгээний тухай хууль, Төрөес тэтгэврийн талаар баримтлах бодлого болон бусад нийгмийн хамгааллын чиглэлийн хуулиудын талаар мэдээлэл өглөө.

Орон нутагт ажиллах үеэрээ бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн удирдлагатай уулзаж, Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн төслийн талаар санал солилцсон байна. Өвөрхангай аймгийн бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн стратеги, төлөвлөлт хариуцсан дэд захирал Г.Дашжамц "Одоогийн байдлаар улсын эмнэлгүүд зуун хувь төрөөс хараат байгаа болохоор эмч нараа хөгжүүлэх, мэргэшүүлэх нөхцөл бололцоо хязгаарлагдмал байдаг. Чадвартай эмч нар гадаадын хөрөнгө оруулалттай хувийн эмнэлэгт ажилладаг эсвэл өөрсдөө хувийн эмнэлэг байгуулаад гарчихдаг.

Сайн эмч байлаа гээд Төрийн үйлчилгээний албаны тухай хуульд захирагдан цалинг нь нэмж чаддаггүй. Түүнчлэн тус эмнэлэг нь төвийн бүсийн таван аймгийн иргэдэд үйлчилдэг хэрнээ 80 гаруй хүнээр орон тоо нь батлагдсан. Өдрөөс өдөрт үйлчилгээний төрөл нэмэгдэж, үйл ажиллагаа нь өргөжиж байхад боловсон хүчнээ нэмэх цалингийн зардпыг төсөвт тусгадаггүй гэхчлэн олон хүндрэл бий. Хууль батлагдах юм бол эдгээр асуудлыг шийдвэрлэх боломжтой болно" хэмээн найдаж байгаагаа илэрхийлэв.