2015.12.31

Богд хаант Монгол Улсын шар тугийг цэнгүүлэв

Өвөрхангай аймгийн Хархорин суманд “Баруун хүрээ”  хийд бий. Монгол Улс тусгаар тогтнолоо зарласан 1911 онд Төрийн шинэ туг бий болсны эх хувь нь уг хийдэд хадгалагддаг. Тусгаар тогтнолын 104 жилийн ойг тохиолдуулан төрийн анхны тугийг тахих ёслол болсон байна.

 “Баруун хүрээ”  хийд Өвөрхангай аймгийн Бүрэн сумын нутаг Ширээ цагаан нуураас дөрвөн удаа нүүдэллэж 1700 онд Шанх уулын нөмөр Хархорин сумын нутагт ирж суурьшжээ. Чингис хааны Алтан ургийн удам Түшид хааны гал голомт гэсэн утгаараа энэ хийд шашин номын боловсрол олгодог байжээ. Чингис хааны Их хар сүлдийг Баруун хүрээ хийдэд тахьдаг байв. Уг уламжлалыг даган Монгол Улс 1911 онд тусгаар тогтнолоо олж авахдаа төрийн шинэ тугаа энд хадгалан үлдээжээ.

Өнгөрсөн жилээс аймгийн удирдлага, хийдийн санаачлагатайгаар Богд хаант Монгол Улсын шар тугийг тахьдаг болжээ.

УИХ-ын гишүүн Я.Содбаатар

Сүүлийн жилүүдэд орон нутгийн удирдлага, уг хийдийн хамбын санаачлагаар Богд хаант Монгол Улсын шар тугийг мандуулах, цэнгүүлэх ёслолын арга хэмжээг хийдэг уламжлал тогтоод байна. Цаашдаа Үндэсний эрх чөлөөний өдөр буюу 12 дугаар сарын 29-ний өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх төрийн албан ёсны арга хэмжээнд шар тугийг цэнгүүлэх ажлыг оруулах санал гаргах гэж байна. Ингэвэл нэг талаас түүх соёлоо олон түмэндээ сурталчлах, нөгөө талаас Өндөр Гэгээн Занабазарын төрсөн газарт Наймдугаар Богдын эхлүүлсэн болон нийт Монголын ард түмний оролцсон тусгаар тогтнох их үйл хэргийг сурталчлахад том түлхэц болно.