Я.Содбаатар гишүүн Адууны баярт оролцлоо
Өвөрхангай аймгийн Бүрд сумын дөрөвдүгээр багийн нутаг Өвөр хөшөөт буюу Монгол Улсын газарзүйн төв цэг, голомт нутагт гал тахих ёслол болон адууны баяр боллоо.
Тус арга хэмжээнд УИХ-ын гишүүн Я.Содбаатар, Д.Лүндээжанцан, аймгийн Засаг дарга Д.Тогтохсүрэн, ИТХ-ын дарга Г.Ганболд болон Бүрд, Баян-Өндөр, Хархорин, Сант, Есөн зүйл сумдын удирдлагууд оролцсон юм. Энэхүү арга хэмжээг “Монголын гал голомт төв цэг” ТББ, Дашчойлин хийдийн хамба лам Д.Жамбал нарын санаачилгаар аймгийн ИТХ, ЗДТГ, Бүрд сумын ЗДТГ хамтран зохион байгууллаа.
Эрт үеэс уламжлан ирсэн гал тахих ёслол нь галын сан тавьж, даллага авч, галын бурханыг дуудан залж, идээ ундааны дээж, шар тос, хонины өвчүү, торго дурдан өргөж, галын тэнгэрийг баясуулан галын тэнгэрээс өөдлөн дэвжихийг бэлгэдэн ирээдүйн сайн сайхан бүхнээ даатган гуйн залбирах зан үйл юм. Монгол Улсын төв цэг гал голомт нутагт гал тахих ёслолыг үйлдэхийн зэрэгцээ Өндөр гэгээн Занабазарын өөрийнх нь өмсөж байсан хувцас дээр бүтээсэн Очирваань бурханыг мөн залж тахьсан юм. Өндөр гэгээн Занабазарын мэлмий гийсний 380 жилийн ойн хүрээнд зохион байгуулж байгаа арга хэмжээний нэг юм.
Өнгөрсөн жилээс Монгол Улсын төв цэгийг алдаршуулах зорилгоор ялал жуулчлалын маршрутад оруулж Адууны баярыг зохион байгуулдаг уламжлал тогтоод байгаа. Адууны баярын үеэр Адуучин, Гүүтэй айлын гүзээтэй хүү дэмбээдэх, Жороо морь, Сайхан морьтой хос шалгаруулах тэмцээнүүд болов. Монгол эр хүний авхаалж самбаа, эр бяр, хүч чадлыг шалгасан Адуучин тэмцээнд Бүрд, Баян-Өндөр, Сант, Хархорин, Есөнзүйл, Баянгол сумдаас 10 адуучин оролцож, морин дээрээс уурга шүүрэх, хангал булгиулах, морь уургалах, бугуйл шидэж өрсөлдсөнөөс Бүрд сумын адуучин Монгол Улсын шилдэг адуучин, спортын мастер н.Охинтогтох түрүүлж, Хархорин сумын адуучин н.Батнасан, Бүрд сумын адуучин н.Доржнамжим нар удааллаа.
Гүүтэй айлын гүзээтэй хүү айраг уух тэмцээнд Бүрд сумын малчин Б.Амарсанаа 2.5 литр айраг нэг секундэд ууж Гүүтэй айлын гүзээтэй хүүгээр шалгарлаа. Дэмбээний тэмцээнд Баян-Өндөр сумын малчин н.Пүрэвдорж, Бүрд сумын малчин н.Ууганбаатар нар түрүүллээ. Жороо морь шалгаруулахад Баян-Өндөр сумын малчин Б.Мөнхбаярын хар, Бүрд сумын адуучин н.Отгонбаярын буурал, Өлзийт суын адуучин н.Ганбаатарын буурал морьдыг шалгарууллаа. Сайхан морьтой хосоор н.Ганзулын гэр бүл түрүүлж, Шинэбаярын гэр бүл удааллаа.