Су.Батболд: УИХ-ын гишүүнийг утасдахаар ярьдаггүй сайд ард түмнээ сонсох уу
2011.06.13

Су.Батболд: УИХ-ын гишүүнийг утасдахаар ярьдаггүй сайд ард түмнээ сонсох уу

"МонголУлсын эдийн засаг, нийгмийг 2012 онд хөгжүүлэх үндсэн чиглэлбатлах тухай" тогтоолын төслийг УИХ хэлэлцэж буй. Төслийг Засгийн газраас өргөн барьдаг учир сайд нар чуулган, Байнгын хорооны хэлэлцүүлгийг үл тоох эрхгүй билээ. Гэтэл зарим сайд УИХ-аас "том толгой" гарган зиндаархах болсонд гишүүд дургүйцэж байна.Өнгөрсөн пүрэв гаригийн чуулганаар Үндсэн чиглэлийн төслийг хэлэлцэж эхэлсэн ч М.Энхболд, Ц.Нямдорж, С.Баярцогт, Л.Гансүх, С.Ламбаа нараас бусад нь буюу Засгийн газрын гишүүдийн гуравны хоёроос илүү нь байсангүй.

Энэ байдалд нь Су.Батболд ихэд бухимдав.Тэрбээр, "Засгийн газар хариуцлагагүй байна. Л.Болд Гадаад харилцааны сайд юм уу, дандаа л гадаадад явдаг. Салбарын асуудлыг нь ярьж байхад Х.Баттулга энд байх ёстой. Чоно үүрэндээ өлзийтэй гэгчээр асуудалдхандмааргүй байна. Сайд нар руу залгахаар утсаа ч авдаггүй шүү дээ" гэв. УИХ-ын дарга Д.Дэмбэрэл "Уг нь зөв шаардлага л даа. Баттулга сайд хаана байна, гадаадад байгаа юм уу" гэв. Төд удалгүй ЗТБХБ-ын сайд чуулганы танхимд гүйхээрээ орж ирэв. Су.Батболдоос энэ талаар цөөн асуултад хариулт авсан юм.


-Та нэлээд хугацаанд бодож явсан зүйлээ ил гаргалаа гэсэн. Их бухимдав уу?

-Би Засгийн газрын гишүүнээр ажиллаж байсан. Яаж ажиллах, ямар байх ёстойг мэднэ. МАН, АН хамтарч Засгийн газрыг байгуулсан гэдгээрээ сайд нар их хайнга, УИХ-д хүндэтгэлгүй ханддаг болсон. Парламентын өмнө гүйцэтгэх засаглал нь хариуцлага хүлээдэг. Гэтэл ихэнх сайд ирдэггүй. Өөрийнх нь асуудлыг ярихаар л үзэгддэг. УИХ-ыг үл тоодог. Ийм байдлаар цаашид явах боломжгүй. Өнөөдөр л энэ тухай санаандгүй хэлж байгаа юм биш. Олон удаа ажигласан. Засгийн газрын Хэрэг эрхлэх газар сайд нараа зангидаж, зохион байгуулж чадахгүй байна. Сайдад маш их ажил байдаг.Түүнийгээ зохицуулж болдог юм. Ц.Нямдорж, М.Энхболд нар ажлаа зохицуулаад аль болох УИХ. Байнгын хорооны хуралдаанд оролцохыг хичээдэг. ГэтэлЛ.Болдоос эхлээд огт харагддаггүй сайд нар байна. Эд нар юу хийгээд байгаа юм. УИХ-ын өмнө ажлаа хариуцаж,тайлагнаад явж байх ёстой шүү дээ.

-Таны хэлснээр үнэхээр "чоно үүрэндээ өлзийтэй байгаа" нь ажилд сөрөг нөлөөтэй байна уу?

-Тийм байдлаар хандаад байгаа юм. Би харьцангуй залуу ч гэсэн насаараа төрийн байгууллагад ажилласан хүн. Намайг ЗГХЭГ-ын дарга байхад ийм байгаагүй. Би сүүлийн хагас жил ажиглалаа.Тэгэхэд барааг нь хараагүй сайд олон байна.

-Сайд нарыг "чих зөөлөнтэй" болгох нь зарчмын асуудал болчхоод байгаа шүү дээ. Ер нь сайд нар ажлаа хийж чадаж байгаа юу?

-Гүйцэтгэх засаглал Парламентын өмнө хариуцлагатай, анхааралтай байж, түүний шийдвэрийг хэрэгжүүлэхээр ажиллах ёстой. Гэтэл ихэнх тохиолдолд сайд нар нь дуудуулж ирнэ. Ялангуяа УИХ-ын гишүүнээр давхар ажилладаг Засгийн газрын гишүүд үзэгдэх нь маш ховор. Өөрийнх нь асуудлыг яривал харин гүйхээрээ ороод ирдэг. Парламентыг ингэж үл тоож болохгүй.

-Бараг гадаадад ажиллаж, амьдардаг сайд нар байдаг юм биш үү. Жишээ нь Та Л.Болдыг Гадаад харилцааны сайд юм уу хэмээн ёгтлов. Сайд нар гадаадад явахад хэмжээ хязгаар гэж байдаггүй юм уу?

-Манай Засгийн газрын үед сайд нарын гадаад томилолтыг ЗГХЭГ зохицуулдаг байсан. Нэг удаад хоёроос илүү сайдад томилолт өгдөггүй байв. Ялангуяа салбарын асуудлыг нь УИХ хэлэлцэж байгаа бол бүр ч өгдөггүй. Гэтэл одоо хэн дуртай нь, хүссэн үедээ, хүссэн хугацаагаараа явчхаж байна. Шаварт унасан шарын эзэн гэгчээр дэд сайд,Төрийн нарийн бичгийн дарга нь хамаг ачааг үүрч үлддэг. Ер нь сайдын оролцох шаардлагатай гадаад арга хэмжээ тун бага байдаг юм шүү дээ. Гэтэл зарим сайд өөрсдөө хөөцөлдөж, урилга олж аваад л яваад өгдөг болж.

-УИХ-ын гишүүний хувьд Та Засгийн газрын гишүүнийг дуудаж уулзах бүрэн эрхтэй. Гэтэл утсаа салгаад алга болчихдог эсвэл огт авдаггүй гэх юм.Түүнээс бус гишүүдийнхээ утасны дугаарыг мэдэхгүй сайл гэж үгүй байлтай...

-Ихэнх сайд өрөөндөө байдаггүй. Алба, амины аль ч утсаа авдаггүй. Эсвэл салгачихсан байдаг. УИХ-ын гишүүнийг утасдахаар ярьдаггүй сайд ард түмний утсыг авах уу.

-Энэ ч хариуцлагын асуудал биз?

-Бүхэлдээ Засгийн газрын хариуцлагын асуудал. Ийм байвал ажил явахгүй. УИХ үүнд хяналтаа тавих ёстой. Сайд ирэх нь үү, үгүй юү гээд хүлээгээд сууж байдаг Парламентын гишүүд гэж байдаг юм уу. Би барагтай бол дуугараад байдаггүй. Өнөөдөр үнэхээр тэвчсэнгүй. Ийм байж таарахгүй. Парламентдаа хүндэтгэлтэй хандаж сурах хэрэгтэй. УИХ ч сургах хэрэгтэй.Хувь хүний хариуцлагаас мултрах арга нь хамтарсан Засгийн газар биш шүү дээ.

-Энэ асуудлаас улбаалж нэг асуулт гарч байна. 16 сайдын 13 нь УИХ-ын гишүүнээр давхар ажилладаг. Ийм байдал чинь тэднийг биеэ тооход хүргээд байгаа юм биш үү. Засгийн газрын гишүүдийн гуравны нэгээс илүүгүй нь УИХ-ын гишүүн байж болох юм гэсэн зүйл ярьдаг ч УИХ шийдэхгүй л байгаа шүү дээ?

-Нэлээд тоогоор цөөлөх ёстой. Манайд Засгийн газрын гишүүдийг бүгдийг нь Парламентын гишүүн бус гаднаас байлгасан ч болохгүй зүйлгүй. 400-500 гишүүнтэй Парламентад 3040 сайд байхад нөлөөлөлгүй байдаг. Манай УИХ-ын 76 гишүүний 13 нь сайд байгаа нь дэндүү олон.

 

 

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.