ХДХВ/ДОХ-ын асуудлаарх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн өндөр хэмжээний уулзалтад УИХ-ын гишүүн Д.Очирбат үг хэлэв
Нью-Йорк хотноо болж буй ХДХВ/ДОХ-ын асуудлаарх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн өндөр хэмжээний уулзалтад оролцож байгаа УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Д.Очирбат өнөөдөр өндөр хэмжээний уулзалтын бүгд хуралдаанд үг хэлэв. Тэрээр Монгол Улс НҮБ-ын Ерөнхий Ассамблейн ХДХВ/ДОХ-ын асуудлаарх 2001 оны тусгай хуралдаанаас баталсан тунхаглал, 2006 оны дээд хэмжээний уулзалтаас баталсан улс төрийн тунхаглалд нэгдэн орж, ХДХВ-ийн халдварын урьдчилан сэргийлэлт, эмчилгээ, халамж дэмжлэгийг бүх нийтэд хүртээмжтэй болгох талаарх бодлогоо ХДХВ-ийн халдвартай иргэдийн идэвхитэй оролцоотойгоор боловсруулан хэрэгжүүлж байгааг мэдээлээд, дээрх арга хэмжээний үр дүнд Монгол Улс ХДХВ-ийн халдварын бага тархалтыг тогтоон барьж байгааг тэмдэглэсэн. Гэвч "ХДХВ-ийн бага тархалттай улс" гэдэг нэр томьёо нь анхаарал, хөрөнгө оруулалтыг бууруулахад хүргэж, улмаар ХДХВ-ийн бага тархалттай зарим улс, түүний дотор манай улсад халдварын тархалт эрчимтэй нэмэгдэж байгаад сэтгэл зовниж байгаагаа илэрхийллээ.
Төлөөлөгчдийн тэргүүн Д.Очирбат "Монгол Улс ХДХВ-ийн шинэ халдварыг тэглэх, ялгаварлан гадуурхалтыг тэглэх, ДОХ-ын шалтгаант нас баралтыг тэглэх тухай дэлхий нийтийн хамтын зорилтыг бүрэн дэмжиж байгаагаа илэрхийлье. Манай Засгийн газар эхээс хүүхдэд халдвар дамжсан нэг ч тохиолдолгүй, цус, цусан бүтээгдэхүүнээр халдвар дамжсан нэг ч тохиолдолгүй улс орон болохын төлөө ажиллахаар амлалт авч байгаагаа зарлаж байна" хэмээн мэдэгдсэн болно.