Манайх нээлттэй номын фондтой анхны номын сан
ЭМШУИС-ийн номын сангийн захирал Э.Оюунгэрэл
2016.02.22

Манайх нээлттэй номын фондтой анхны номын сан

Номын сангийн хуультай холбогдуулан бид өмнөх нийтлэлдээ уг хуулийн хэрэгжилтийн талаар БСШУЯ-ны байр суурийг хүргэсэн.

Харин энэ удаад хуулийн бодит үр дүнг хүртэж буй номын сангийн төлөөллүүдийн байр суурийг сонслоо. Эхлээд бид ЭМШУИС-ийн номын сангийн захирал Э.Оюунгэрэлтэй ярилцсан юм.

Өнгөрсөн жил танай сургууль номын сангийн барилгаа өргөжүүлсэн гэж сонссон. Номын сангаа хэрхэн шинэчлэн өөрчлөв?

Номын сан долоон давхар барилгатай болсон. Одоогоор гурван давхар нь л номын сангийн зориулалтаар ашиглагдаж байна. Хуучин номын сангаас гадна 848 кв.м талбайтай болж өргөжсөн. 

Шинээр 159 суудалтай уншлагын заал барьж, хуучин уншлагын заалыг томруулан 144 хүний суудалтай болгосон. Ингэснээр хуучин номын сангийн ачаалал эрс багассан. Одоогоор хуучин номын санд 1-3-р дамжааны оюутнууд, харин шинэ байранд 4-6-р дамжаа болон судалгаа, шинжилгээний ажил хийж буй хүмүүс үйлчлүүлж байна.

Мөн номын сангийн фондыг нээлттэй болгосон. Өмнө нь оюутан, судлаачид  номын сангийн каталогиос шүүж, номын санчаас асууж номоо захиалдаг байсан. Харин фондыг нээлттэй болгосноор өөрсдөө унших номоо харж, үйлчлүүлэх боломж бүрдсэн. Хүссэн хүн өөрийн хэрэгцээт номоо хайхаас гадна, өөр ямар ном байгааг ч давхар харах боломжтой.  Ингэхдээ нийт 160 гаруй мянган номын фондоос  60-аад мянгыг л ил болгосон. Уншлагын заалны  хувьд 2-4 мянган номын ойрын фондтой. Номын санд голчлон сурах бичиг бий. Мөн мэргэжил дээшлүүлж буй эмч, ажилтан нарт зориулсан ном, зохиол байдаг.

Номын фондоо хэрхэн бүрдүүлдэг вэ? Оюутны хэрэгцээг бүрэн хангахуйц байдлаар бүрдүүлж чадсан уу?

Үйлчлүүлэгчдийнхээ хэрэгцээг бүрэн хангаж чадахгүй л байна. Зарим хичээлийн сурах бичиг хүрэлцдэггүй. Тиймээс  цөөн тоотой номыг олон хүнд хүргэхийн тулд цахим хэлбэрийг түлхүү ашигладаг. Цахим номыг дотоод сүлжээгээрээ уншуулж байна. Одоогоор зохиогчийн зөвшөөрсөн номыг л цахимаар байрлуулсан.

Өмнө нь багш нар өөрсдийн гаргасан номоо номын санд шахах байдлаар өгдөг байсан. Харин одоо номын сангийн зүгээс  тухайн ном хэрэгцээтэй эсэх талаар судалгаа хийж, багш нартай харилцан ярилцаж, санал солилцсоны үндсэн дээр фонддоо авдаг болсон юм. Гадаад номын фондын хувьд Барууны шинжлэх ухааны талаарх судалгаа, шинжилгээний номыг түлхүү авч байна.

Танай номын санд ямар асуудал тулгамдаж байна вэ?

Аль ч номын санд номын хүрэлцээ муу байдаг асуудал манай номын санд ч бий. Номын хэвлэлтийн зардал өндөр байдгаас хадгалалт даахгүй чанаргүй номнууд их гардаг. Эдгээр номыг сэргээн засварлах боломж тэр бүр байдаггүй.

Аль ч номын санд номын хүрэлцээ муу байдаг асуудал манай номын санд ч бий

Манай хуучин номын сангийн байр агааржуулалтын системгүйн улмаас номын чанар муудах, шарлах, гэмтэх зэрэг асуудал байнга тулгардаг.

 

Номын сангийн тухай хуулийн ач холбогдлыг хэрхэн дүгнэж байна вэ?

 Номын сангийн тухай хуультай болсон нь  сайн хэрэг. Хууль байж л тухайн салбарт ахиц гарч, болж бүтэхгүй асуудлаа шийдвэрлэдэг. Орчин цагийн номын сан 1921 оноос хөгжсөн гэж үздэг. Тухайн үеэс хойш номын сангийн хуульгүй байж байгаад хуультай болсон нь маш том дэвшил юм.

Гэхдээ хуульд учир дутагдалтай талууд бий. Нийтийн, эрдэм шинжилгээний, их дээд сургуулийн гээд олон номын сан үйл ажиллагаагаа явуулж байгаа боловч дотоод үйл ажиллагааны хувьд өөр, өөр. Харин хуульд Үндэсний номын сангийн үйл ажиллагааг арай түлхүү тусгасан санагдсан. Энэ нь нэг байгууллагын үйл ажиллагааг хуульчилж өгсөн мэт харагдаж байна.