Номын сангийн үйлчилгээг иргэд чөлөөтэй авах боломжтой  болсон
Номын сан, ном хэвлэлийн бодлого, зохицуулалт хариуцсан мэргэжилтэн Б.Баяраа
2016.02.19

Номын сангийн үйлчилгээг иргэд чөлөөтэй авах боломжтой болсон

Номын сангийн тухай хууль батлагдаад жил гаруйн хугацаа  өнгөрч байна.

Харин энэ хууль бодит амьдралд хэрхэн биеллээ олж байгааг тодруулахаар бид БСШУЯ-ны Номын сан, ном хэвлэлийн бодлого, зохицуулалт хариуцсан мэргэжилтэн Б.Баяраагаас тодруулга авсан юм.

Манай улсад ямар чиглэлээр нийт хичнээн номын сан үйл ажиллагаа явуулж байна?

Монгол Улсад нийтийн, сургалтын, эрдэм шинжилгээний болон бусад төрөл чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй нийт 1509 номын сан үйл ажиллагаагаа явуулж байна.

Яамны зүгээс номын сангийн үйлчилгээг хүртээмжтэй, боловсронгуй болгох үүднээс хэрхэн анхаарч ажиллаж байна?

 Номын сангийн тухай хуулийг батлах хүртэл номын сангууд өөр, өөр харьяалалтай байлаа. Одоо бол хуулийн хүрээнд бүгд нэгдсэн зохион байгуулалт, зохицуулалттай болсон. Яамны зүгээс эрх зүйн орчныг бүрдүүлэх үүднээс нилээд ажил хийж байна. Тухайлбал, номын санг эрх зүйн хувьд нэгдсэн удирдлагаар хангах шаардлага тулгарсан. Улмаар номын санг мэргэжлийн болон эрдмийн гэсэн хоёр зөвлөлтэй байхаар шийдвэрлэсэн.

Тус зөвлөлийн ажиллах журмыг өнгөрсөн жил БСШУ-ны сайдын тушаалаар баталсан юм. Мэргэжлийн зөвлөл нь номын санд тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэж, сургалт, зөвөлгөө мэдээлэл өгч байна. Харин Эрдмийн зөвлөл нь номын сангийн чиглэлээр хийж буй эрдэм шинжилгээний ажил, бичиг үсгийн дурсгалыг хадгалах, хамгаалахад шаардлагатай эрх зүйн зохицуулалтыг хариуцан ажилладаг. Мөн ном, соёлын өвийг бүсийн болон дэлхийн өвд бүртгүүлэх зэрэг олон ажил хийж байна.

Номын сангийн тухай хууль үнэхээр ач холбогдолтой хууль болж чадсан уу?

Хуулийн давуу тал нь номын сангийн үйлчилгээг иргэн бүр чөлөөтэй хүртэх бололцоог бүрдүүлж өгсөн. Тухайлбал тусгай бүлгийн уншигчид номын сангийн үйлчилгээг авах эрхийг нээж өгсөн. Үүнд эрхээ хасуулсан иргэд, хөгжлийн бэрхшээлтэй, алслагдсан аймаг, сумдад ажиллаж, амьдарч  буй иргэд багтана. Тухайлбал, харааны бэрхшээлтэй иргэдэд уг үйлчилгээг хүргэхийн тулд өнгөрсөн жил УИХ-аас хэвлэмэл бүтээлийг зохиогчийн эрхийн хязгаарлалтгүйгээр  ашиглах боломжоор хангасан гэрээ байгуулсан. Гэрээ ёсоор дэлхийн сонгодог 50 зохиолыг сонсдог ном хэлбэрт шилжүүлснээр 10 мянга гаруй харааны бэрхшээлтэй иргэд ном, соёлын үйлчилгээ хүртэх боломжтой болж байна. Мөн номын тооллого хийх нэгдсэн журам баталсан.

Түүнчлэн хүүхэд багачууд номын тусламжтайгаар хөгжиж, төлөвшдөг гэдэг.

Онцгойлон эцэг эхтэйгээ хамт үйлчлүүлж болохуйц номын сан  хэрэгтэй. Цаашид хүүхдэд зориулсан бие даасан номын сантай болохоор зорьж байна.  Номын сангийн тухай хууль тодорхой зорилтот бүлгүүдэд чиглэсэн зориулалтын номын сантай болоход гол түлхэц болж байна.

Улсын төсвөөс номын сангуудад хэдэн төгрөг төсөвлөдөг вэ? Төсөв мөнгөний хувьд хэр хүрэлцээтэй байдаг гэж үздэг вэ?

Жилд 500 сая орчим төгрөг төсөвлөдөг. Санхүүжилтийн хувьд номын бүрдүүлэлт хийх зардлыг төр хариуцахаар заасан. Гэвч хангалттай бүрдүүлэлт хийж чаддаггүй. Харин хуулиар Монгол Улсад хэвлүүлсэн номын 2-оос доошгүй хувийг сайн дураараа Үндэсний номын санд хандивладаг байхаар зааж өгсөн. Энэ нь тухайн хэвлэл болон зохиогчийн бүтээл нь хэдэн зуун жилийн турш хойч үедээ үе дамжин үлдэх, үндэсний баримтат өвийг баяжуулахад иргэний үүргээ гүйцэтгэж буй хэрэг юм.

Зөөврийн номын сангийн үйлчилгээ нэвтэрч эхэлсэн үү?

Одоогийн байдлаар Монгол Улсын бүх аймаг зөөврийн номын сангийн машинтай болоод байна. Ингэснээр номын санд биеэрээ ирж үйлчлүүлэх боломжгүй иргэд, байгууллагуудад гэрээгээр хүргэлт хийдэг.