Авто замын компаниудын санхүүжилтийг төсөвт нэмж тусгана
Авто замын зарим компани Засгийн газраас авлагаа нэхэн, жагсаал зохион байгуулахаар зэхэж буйг эх сурвалж дуулгав. Тэд жагсаал зохион байгуулах хугацаагаа хараахан тогтоогоогүй байна гэнэ. Тэдгээр компани өнгөрсөн жил гүйцэтгэсэн ажлын хөлс болох 17 тэрбум төгрөгөө төсвөөс авч чадаагүй аж.
Сангийн яамныхан "Улсын төсвийн орлого тасарсны улмаас өнгөрсөн жил авто замын зарим компанид 12.2, засвар арчлалтынханд 5.1 тэрбум төгрөгийн санхүүжилт олгож чадаагүй. Засгийн газрын тогтоолын дагуу засвар арчлалтын компаниудад олгох 5.1 тэрбум төгрөгийг вексель гаргаж санхүүжүүлэхээр болсон. Мөн 12.2 тэрбум төгрөгийг нь эдийн засгийн нөхцөл, төсвийн орлогын байдлыг харгалзан Улсын төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах замаар шийдвэрлэхээр Сангийн сайдад даалгасан" гэж тайлбарлав.
Авто замын засвар арчлалтын компаниуд энэ онд төсвөөс 55 тэрбум төгрөгийн санхүүжилт авах хүсэлт гаргасан байдаг. Харин Улсын төсвийн тухай хуульд засвар арчлалтад найман тэрбум төгрөг зарцуулахаар тусгасан аж. Монголын авто замчдын холбоо, Автозамчдын үйлдвэрчний эвлэлийн холбооноос энэ салбарт ажиллагсдын ажлын байрыг хадгалахын тулд 47 тэрбум төгрөгийг төсөвт нэмж тусгах шаардлагатай гэсэн саналаа удаа дараа илэрхийлжээ. Авто замын засвар арчлалтад зарцуулах хөрөнгийг мөн л Улсын төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах замаар нэмж тусгах чиглэлийг Засгийн газраас Сангийн яаманд өгсөн байна.