С.Ганбаатарыг Ерөнхийлөгч болохгүйн төлөө бодож, санааширч байгаа бүлэглэлүүдийн захиалга
ХҮН-ын дарга С.Ганбаатар
2016.02.16

С.Ганбаатарыг Ерөнхийлөгч болохгүйн төлөө бодож, санааширч байгаа бүлэглэлүүдийн захиалга

ХҮН  буюу Хөдөлмөрийн үндэсний намын гишүүн, Нийслэлийн Намын Хорооны дэд дарга Ө.Мөнхбат намын дарга С.Ганбаатарт хандан захидал бичсэн нь олон нийтийн мэдээллийн хэрэгслээр гарсан. Мөн үүнээс гадна Цагаан сарын өмнөх өдөр буюу битүүний өдөр ХҮН нам хуралдаж ЕНБД-аа сольсон талаар мэдээлэл ч мөн гарсан. Энэ талаар ХҮН-ын дарга С.Ганбаатараас тодрууллаа.

-Танай намын дотоод асуудал хурцадсан талаар мэдээлэл гарч байна?

-Манай нам бол итгэл үнэмшилээрээ нэгдсэн олон зуун гишүүд дэмжигчдийнхээ итгэлийг даагаад явж байгаа. Цаашид ч даагаад явна. Аливаа шинэ нам гарч ирэхэд хүчтэй бүлэглэлүүд аюул заналхийлж, бодлогоор унагаах ийм зүйл байнга явагддаг. Өмнөх намууд ч гэсэн ийм зүйл явж л байсан. Манай нам дотоод асуудалдаа эв нэгдэлтэй, нэг талд байгаа. Зарим нэг бүтэц зохион байгуулалтын асуудлаа удирдах зөвлөлөөрөө хуралдаад шийдээд явж байгаа. Намын даргын хувьд хэлэхэд ер нь бол шинэ нам руу бодлогоор янз бүрийн хүмүүсийг оруулах, мэдэгдэл хийж гаргадаг ийм явдал манай улс төрийн практикт байдаг. Манай намд ийм юм байхгүй гэдэгт би итгэж байна. Бид ард иргэдийнхээ сайн сайхны төлөө зүтгэнээ. Хэрвээ Хөдөлмөрийн үндэсний нам итгэл алдах юм бол Монголын ард түмэн маш хүнд байдалд орно. Бид хичээж ажиллаж байгаа.

-Нийслэлийн ХҮН-ын дарга албан тушаал өгнө гэсэн яриа гарч байна. Таньд хандан захидал хүртэл бичсэн байна лээ?

- Манай нийслэлийн нам дээр янз бүрийн юм яригдаж, ажлаа өгнө гэсэн асуудал бол дотоодын асуудал. Хэрвээ хууль зөрчсөн байвал хуулиараа л шийднэ. Тэрнээс биш янз бүрийн гомдол санал яриад явах нь өөр бүлэглэлүүдээс орж ирсэн бууны нохой юм уу гэж би хардахыг хүсэхгүй байна. Намын дотоод асуудал эв нэгдэлийг хангана. Нэг зүйлийг хэлэхэд манай нам АМЬД байна. Бид үзэл бодлоороо нэгдсэн, байнга уулзаж ярилцаж байгаа. Дэмжигчид гишүүд ерөөсөө хагараагүй. Бид өнөөдрийг хүртэл байр суурин дээрээ хатуу байгаа.

-Танай нам эв нэгдэлтэй байгаа юм бол битүүний өдөр яагаад ЕНБД-аа халсан юм бэ?

-Энэ асуудал манай намын дотоод асуудал, дүрмийн хүрээнд шийдэгдэж байгаа. Дүрмээс гадуур ийм юм ярьж байгаа улсууд С.Ганбаатарыг Ерөнхийлөгч болохгүйн төлөө бодож, санааширч байгаа бүлэглэлүүдийн захиалга гэж үзэхэд бэлэн байна. Гэхдээ тэгэж үзэхэд хүртэл эрт байна. Манай намын дотоод асуудал үе шат бүрийн хурлаа хийж байгаа.

-Танай намын үүсгэн байгуулагчид сар бүр татвар төлдөг гэсэн мэдээлэл байна?

-Бид өөрсдөө гишүүдийнхээ татвараар шударгаар дүрмийн дагуу үйл ажиллагаа явуулж байгаа. Ард түмний итгэл найдварыг даагаад явахыг хүсэж байгаа хүч гараад ирлээ. Энэ хүчийг унагаахыг хүсэж байгаа бүлэглэлүүд байхыг үгүйсгэхгүй. Бид тэдний явуулгад ордог хүмүүс биш ээ. Бусад хоёр нам шиг дарга нь бүхнийг шийддэг тийм нам биш ээ. Манай намын гишүүд дэмжигчид эцсийн шийдвэрийг гаргадаг. Гишүүд нь эв нэгдэлтэй байхад гаднаас орж ирсэн хүмүүс янз бүрийн зүйл яриад явж байхыг үгүйсгэхгүй. Би үүнд онцгой анхаарч ажиллах болно.