ХҮН эв нэгдэлтэй байгаа
УИХ-ын гишүүн ХҮН-ын дарга С.Ганбаатар мэдээлэл хийлээ. Тэрээр Үндсэн хуулийн Цэцтэй холбоотой улс төржилтийг зогсоож, хуулиа барьж ажиллацгаая, асуудалд нухацтай хандъя, ээлжит бус чуулган зарлаж яаран шийдэх асуудал биш хэмээн үзэж байгаагаа илэрхийллээ.
Мөн ойрын хугацаанд гурван хуулийг санаачилж өргөн барихаар төлөвлөөд байгаа юм байна. Эдгээр хуулийн гол утга санаа нь, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг бүрэн авдаг болох, хайгуулын нэгж талбайд хийгдэх хайгуулын ажлын зардлын доод хэмжээ хэт доогуур байгааг нэмэх, гадаадын иргэдийг ажиллуулсан ажлын байрны нөхөн төлбөрт туслан гүйцэтгэгчийг хамруулах, ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгоход орон нутгийн иргэдийн саналыг авдаг болох, тусгай зөвшөөрлийг хууль зөрчиж олгосон бол хүчингүй болгуулах, ашигт малтмалын ордын төрийн эзэмшлийн хувь, хэмжээг ашигт малтмалын нөөц ашигласны талбараар орлуулдаг байдлыг зогсоох, газрын кадастрын бүртгэлийг боловсронгуй болгож, солбицлын давхардал хийдлээс үүсдэг хүнд суртал зөрчлийг арилгах зорилготой хуулийн төслүүдийг санаачлан өргөн барихаар бэлдэж байгаа юм байна.
Ийнхүү мэдээлэл хийсний дараа сэтгүүлчдийн асуултад хариуллаа.
-Танай намын дотоод асуудал нэлээд хурцадмал байгаа гэсэн мэдээлэл тараад байгаа. Үүнд тодорхой хариулт өгнө үү?
-ХҮН-ын даргын хувьд хариулахад, манай нам итгэл үнэмшлээрээ нэгдсэн олон зуун гишүүд, дэмжигчдийнхээ итгэлийг даагаад явж байгаа. Аливаа шинэ нам гарч ирэх тэр дундаа хүчтэй бүлэглэлүүдэд аюул занал учруулж, ард түмэндээ ашигтай сайн байх намууд гарч ирэхэд бодлогоор унагаах, хутган үймүүлэх бүлэглэлүүд байдаг. Манай намын хувьд дотоод асуудалдаа эв нэгдэлтэй, ил тод байгаа.
Зарим нэг бүтэц зохион байгуулалтын өөрчлөлтийг удирдах зөвлөлөөрөө шийдээд явж байгаа.
Шинэ нам руу бодлогоор янз бүрийн хүмүүсийг оруулаад, янз бүрийн мэдэгдэл хийж гаргадаг практик манай улс төрд байдаг. Ийм оролдлого байхыг үгүйсгэхгүй.
-Нийслэлийн ХҮН-ын дарга албан тушаалаа өгнө гэсэн яриа гаргасан байсан?
-Энэ бол манай намын дотоод асуудал. Дотоод асуудлыг шийддэг, шалгадаг хуультай улс шүү дээ манайх. Ямар нэгэн гомдогч орж ирээд янз бүрийн юм яриад явна гэдэг өөр бүлэглэлүүдээс орж ирсэн бууны нохой гэж хардахыг хүсэхгүй байна. Тиймээс бид дотроо ярилцаад, асуудлаа шийдээд явна.
-Танай намын залуучууд чинь таныг намын дарга, цаашлаад Ерөнхийлөгч болж чадахгүй гэж үзээд янз бүрийн мэдээлэл гаргаад байгаа юм биш үү. Хэрвээ дотоод хагаралгүй юм бол яагаад битүүний өдөр Ерөнхий нарийн бичгийн даргаа сольчихсон юм бэ?
-Энэ асуудал манай дотоод асуудал учир манай дүрмийн хүрээнд шийдэгдэнэ. Дүрмээс гадуур ийм юм ярьж байгаа улсууд Ганбаатарыг Ерөнхийлөгч болгохгүйн төлөө, энэ намыг хүчтэй байлгахгүйн төлөө бодож санааширч байгаа бүлэглэлүүдийн захиалга гэж үзэхэд бэлэн байна.