Бүлэглэлүүдийн захиалга
УИХ-ын гишүүн, Хөдөлмөрийн Үндэсний намын дарга С.Ганбаатар
2016.02.15

Бүлэглэлүүдийн захиалга

УИХ-ын гишүүн, Хөдөлмөрийн Үндэсний намын дарга С.Ганбаатараас зарим зүйлийг тодрууллаа. ХҮН байгуулагдаад удаагүй ч халаа сэлгээ багагүй явагдаж байгаа аж.  

-Танай намд юу болоод байна вэ?

-Манайх итгэл үнэмшлээрээ нэгдсэн олон хүмүүсийн нэгдэл болсон нам. Бид олон дэмжигчдийнхээ итгэлийг хүлээж байгаа. Цаашид ч хүлээх болно. Аливаа шинэ нам гарч ирэхэд бүлэглэлүүд бодлогоор хутган үймүүлж, унагаах зүйл явагддаг. Манай нам дотроо эв нэгдэлтэй байгаа. Зарим нэг бүтэц зохион байгуулалтын асуудлаа Удирдах зөвлөлөөрөө шийдээд явж байгаа. Шинэ нам руу бодлогоор янз бүрийн хүн оруулаад мэдэгдэл хийлгэж, гаргадаг явдал бий.

-Нийслэлийн ХҮН намын дарга албан тушаалаа өгнө гэсэн. Тэгвэл үүнийг та юу гэж тайлбарлах бол?

-Энэ манай намын дотоод асуудал. Дүрмээрээ шийднэ. Хууль зөрчсөн байвал тогтоогоод, ном журмаар нь шийднэ. Түүнээс хэн нэгэн гомдож гарч ирээд янз бүрийн мэдэгдэл хийвэл аль нэг бүлэглэлээс орж ирсэн бууны нохой юм уу гэж хардана. Гэхдээ тэгж хардахыг хүсэхгүй байна.

-Танай намын залуус өөрсдөө мэдэгдэл гаргасан байсан шүү дээ. Таныг намын дарга, цаашлаад Ерөнхийлөгч болж чадахгүй гэж үзэж байгаа юм биш үү. Гэтэл та хагаралгүй гэх  юм. Битүүний өдөр намынхаа ерөнхий нарийн бичгийн даргыг яагаад сольчихсон юм бэ?

-Энэ асуудал цэвэр манай намын дотоод хэрэг. Дүрмээрээ шийдэж байгаа. Дүрмээс гадуур зүйл ярьж байгаа хүмүүс бол Ганбаатарыг ерөнхийлөгч болгохгүйн төлөө зүтгэж байгаа бүлэглэлүүдийн захиалга. Гэхдээ ингэж бодоход эрт байна.

-Танай намын гишүүд сар бүр 50 мянган төгрөг тушаадаг гэсэн. Тодорхой хэлбэл, Удирдах зөвлөлийн гишүүд нь бэлэн мөнгө өгдөг дүрэмтэй гэж сонслоо. Таны удирдлаган дор ажиллаж байсан туслахууд бэлэн мөнгөө өгөхгүйгээс хагарал үүссэн юм биш үү?

-Бид өөрсдийн намын санхүүжилтийг гишүүдийн татвараар, шударгаар үйл ажиллагаа явуулдаг. Намын дүрмийн хүрээнд шийдэгддэг асуудал. Ард түмний итгэлийг даах шинэ хүч гарч ирэнгүүт унагахыг хүсч буй бүлэглэлүүд байхыг үгүйсгэхгүй. Бид тийм явуулгад автахгүй. Гаднаас орж ирсэн зарим нэг хүн янз бүрийн зүйл яриад яваа.

 -Танай нам хэр ой санамжтай юм бэ?

-Бид маш сайн ой санамжтай. Ямар ч байсан хийсэн ажлаасаа болж муулуулж байна гэдэг ажилтай л байгаагийн шинж юм шүү дээ. Бид хичээж ажиллаж байна.