Улсын сайн малчны шагналыг хотонд нь гардууллаа
Энэ онд 21 аймаг, нийслэлээс нийт 118 малчныг “Улсын сайн малчнаар” гурван иргэн, нэг хоршоог “Улсын тэргүүний фермер”-ээр шалгаруулсан. Манай улсын хөдөө аж ахуйн салбарт гарсан ололт амжилтын дотор мал сүргийн тоо 56 саяд хүрсэн, малчин өрхийн тоо 9 жил дараалан буурч байсан бол сүүлийн хоёр жилд дараалан өсч, энэ жил 153 мянга болсон зэрэг нь Улсын сайн малчны тоог нэмэгдүүлсэн юм.
Төв аймгаас энэ жил найман сайн малчин тодорсны нэг нь тус аймгийн Баянжаргалан сумын 3 дугаар багийн малчин Ренчиндоржийн Баяндүүрэн.
Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Улсын сайн малчны болзлыг хангасан Р.Баяндүүрэнгийнд өнөөдөр зочилж “Улсын сайн малчин”- үнэмлэх, тэмдгийг дурсгалын зүйлтэй гардууллаа.
Монгол Улсын гавьяат малчин Р.Ренчиндорж 12 хүүхэдтэй, тав нь малчин бөгөөд тавуулаа сум, аймгийнхаа шилдэг малчид. Есдэх хүү Баяндүүрэн нь “Улсын сайн малчин”-аар шалгарлаа. Удам залгасан малчны хотонд ирж шагнал гардуулж байгаадаа баяртай байна гэж Ерөнхий сайд хэлээд Р.Баяндүүрэнг аав шигээ гавьяат малчин цол хүртэхийг хүсэн ерөөлөө.
“Мал аж ахуйн үйлдвэрлэлийг зах зээлийн нөхцөлд өрсөлдөх чадвартай, эдийн засгийн үр ашигтай салбар болгох, хүн амыг эрүүл аюулгүй хүнсээр, боловсруулах үйлдвэрлэлийг чанартай түүхий эдээр хангах, мал сүргээ өсгөн үржүүлэх үйлсэд амжилт гаргасан таны нөр их хөдөлмөр, малч ухаан, хуримтлуулсан туршлагыг өндрөөр үнэлж, Монгол Улсын Засгийн газраас арвандолдугаар жарны модон хонин жилийн “УЛСЫН САЙН МАЛЧИН”-аар шалгаруулан өргөмжлөл олгов. Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг болон Хүнс хөдөө, аж ахуйн сайд Р.Бурмаа гэсэн гарын үсэг бүхий өргөмжлөл олголоо. Мөн “Улсын сайн малчин” үнэмлэх, тэмдгийг Р.Баяндүүрэн болон түүний гэргий Б.Цэнд-Аюуш нарт гардууллаа.
Сар шинийн босгон дээр Монгол Улсын Засгийн газраас малчны зээлийн хүүг бууруулах шийдвэр гаргасан. Малчны үйлдвэрлэл, экспорт, технологийг дэмжих дунд хугацааны хөтөлбөрийн харилцан ойлголцлын санамж бичигт Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа, Төрийн банкны захирал Б.Баттүвшин нар өчигдөр буюу энэ сарын 5-нд гарын үсэг зурсан. Ингэснээр жилийн 29,5 хувийн хүүтэй байсан малчны зээлийн хүү 18 хувь болж байна. Төрийн банкны 17550 гаруй зээлийг өчигдөр 18 хувьд шилжүүлсэн гэдгийг Ерөнхий сайд хэллээ. Р.Баяндүүрэнгийнх Төрийн банкны зээлдэгч бөгөөд зээлийн хүүг бууруулсанд талархаж байгаагаа илэрхийллээ.
Малчдын орлогыг тогтворжуулж, мал аж ахуйн бүтээгдэхүүний өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, үндэсний үйлдвэрлэлийг дэмжих, экспортын бүтээгдэхүүнийг нэмэгдүүлэх зорилгоор арилжааны банкаар дамжуулан малчдад шинээр олгох зээлийн хүүг 10 хүртэл хувь болгох зохион байгуулалтыг ирэх гуравдугаар сарын 15-наас хийхээр төлөвлөж буйг Ерөнхий сайд танилцууллаа.
Малаа эрүүлжүүлэх, улмаар экспортод чиглэсэн мал, мах бэлтгэлийн тогтолцоог дэмжин ажиллах, малчид өөрсдөө эрүүл мэнд, нийгмийн даатгалд хамрагдсан байх, Төрийн банкинд “Малчин” данстай байх, үндэсний үйлдвэрлэлд түүхий эд, бүтээгдэхүүн нийлүүлдэг байх зэрэг нөхцөлийг хангасан малчин өрхөд 10 хувийн хүүтэй зээл олгох боломжийг бүрдүүлнэ гэдгийг Улсын сайн малчныд цугласан нутгийн иргэд, малчдад Ерөнхий сайд хэлээд малчин бол үйлдвэрлэгч, малчны зээл бол хэрэглээнийх биш үйлдвэрлэлийн зээл юм гэдгийг тодотголоо.
Р.Баяндүүрэн Төв аймгийн Баянжаргалан суманд төрсөн, ам бүл 5 эхнэр хүүхдийн хамт амьдардаг.1992 оноос эхлэн 22 жил тасралтгүй мал маллахдаа сүүлийн 10 жилд малаа 5 төрлөөр нь өсгөж, малын үүлдэр угсаа, чанарт анхаарч малынхаа ашиг шимийг нэмэгдүүлэн 9 жил дараалан мянгат малчнаа хадгалан, сүүлийн гурван жилд амьдралын түвшин доогуур 15 иргэнд 450 гаруй мал хандивлан малжуулжээ. Тэрээр 2015 онд 1385 төл бойжуулж, 2429 толгой мал тоолуулж зах зээлд сүүлийн гурван жилд 1300 гаруй мал борлуулжээ. Мөн үржилд зориулж мал худалдсан, ноос, ноолуур, мах сүүгээ зах зээлд борлуулан орлого ашгаа нэмэгдүүлсэн байна.