УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар 20 асуудал хэлэлцлээ
2016.02.05

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар 20 асуудал хэлэлцлээ

Ард нийтийн санал асуулгын тухай хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүллээ

Улсын Их Хурлын чуулганы /2016.02.04/ үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Ард нийтийн санал асуулгын тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Р.Гончигдорж танилцууллаа. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Б.Бат-Эрдэнэ нар асуулт асуусны дараа зарчмын зөрүүтэй болон найруулгын шинжтэй саналын томьёоллуудаар санал хураалт явууллаа.

Ийнхүү санал хураалт явуулж дуусан хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүллээ.

Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай болон бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ

Үүний дараа Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай, Онцгой албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийв.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Г.Уянга, Ш.Түвдэндорж, Б.Бат-Эрдэнэ нар асуулт асууж, хариулт авсаны дараа Байнгын хорооноос танилцуулсан зарчмын зөрүүтэй саналын томьёолоор санал хураалт явуулан эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүлэв.

Онцгой албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэв

Дараа нь Онцгой албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон “Импортын барааны гаалийн албан татварын хувь, хэмжээ батлах тухай” Улсын Их Хурлын 1999 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 27 дугаар тогтоолд өөрчлөлт оруулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан асуулт асуух гишүүн байгаагүй бөгөөд Байнгын хорооноос танилцуулсан зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалт явуулан эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүлэв.

Ирээдүйн өв сангийн тухай болон холбогдох хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийв

Мөн өдрийн хуралдаанаар Ирээдүйн өв сангийн тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийсэн юм. Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Д.Ганхуяг танилцуулав. 

Ирээдүйн өв сангийн тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийсэн юм

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Г.Уянга асууж тодруулсны дараа зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалт явуулан эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүлэв.

Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэн баталлаа

Түүнчлэн энэ өдрийн хуралдаанаар Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон бусад хуулийн төслүүд,Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийсэн юм. Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүн Я.Содбаатар асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн. Ингээд санал хураалт явуулахад Байнгын хороогоор дэмжигдсэн горимын саналыг нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн бөгөөд хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар хуулийн төслүүдийг эцэслэн баталлаа.

Монгол Улсын урт хугацааны тогтвортой хөгжлийн үзэл баримтлал /2016-2030/ батлах тухай УИХ-ын тогтоолын анхны хэлэлцүүлгийг хийв

Чуулганы нэгдсэн хуралдаанаар “Монгол Улсын урт хугацааны тогтвортой хөгжлийн үзэл баримтлал /2016-2030 он/ батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийв. Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн А.Бакей танилцуулав.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авсаны дараа Төрийн байгуулалтын байнгын хороо дэмжсэн болон дэмжээгүй саналын томьёолол тус бүрээр санал хураалт явуулж дуусан тогтоолын төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлэв.

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ.

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

Дараа нь Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ.

Хуулийн төсөл батлагдсанаар Монгол Улсын Их Хурлын үйл ажиллагаа боловсронгуй болж, Улсын Их Хурал үйл ажиллагаагаа хэвийн явуулах боломж бүрдэнэ. Түүнчлэн Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн хэрэгжилтийг хангуулахад ач холбогдолтой гэж төсөл санаачлагч үзэж буй юм байна.

Хуулийн төслийг хэлэлцэх эсэх асуудлаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжсэн учир анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүллээ.