Ард түмэн хөгжлийн хөтөлбөрийг зөв гаргаасай гэж хүсч байна
УИХ-ын чуулганы үдээс хойшхи хуралдаан эхэлж, Монгол Улсын урт хугацааны тогтвортой хөгжлийн үзэл баримтлалын тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж байна.
Тус хөгжлийн үзэл баримтлалд 2030 он хүртэлх хөгжлийн төлөвийг тодорхойлж, тодорхой зорилт дэвшүүлсэн байна. Тухайлбал, 2030 онд нэг хүнд ногдох орлогоороо дунд орлоготой орнуудын тэргүүлэх эгнээнд хүрсэн, тогтвортой ардчилсан засаглалтай улс орон болно.
Ингэхдээ нэг хүнд ногдох үндэсний нийт орлого 17500 ам.долларт хүрнэ. Эдийн засгийн дундаж өсөлт 2016-2030 онд 6.6 хувиас доошгүй байна. Ядуурлын бүх төрлийг эцэс болгоно. Нийт хүн амын 80 хувь нь дундаж болон чинээлэг дундаж давхаргын ангилалд багтсан байна.
Энэ үеэр УИХ-ын гишүүд байр сууриа илэрхийлсэн юм.
УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ “Үндэсний хөгжлийн цогц бодлогыг баталж гаргахад нийгмийн хүрээнд өргөн хэлэлцүүлэг зохион байгуулж мэргэжлийн хүмүүсийг хамруулснаар цогц бодлогыг гаргаж байлаа. Гэтэл танилцуулганд хөндлөнгийн үнэлгээний тайланд хангалтгүй хэрэгжсэн гэсэн байна. Харин С.Бямбацогт дарга Үндэсний хөгжлийн цогц бодлогыг 50 хувийн хэрэгжилттэй байна гэсэн зөрүүтэй мэдээллийг өглөө. Бодлогын залгамж чанартай байх ёстой”.
УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан “Үр дүн илэрхийлэх 18 үзүүлэлттэй санал нийлэхгүй байна. Энэ үзүүлэлтэд дан ганц нэг хүнд ногдох үндэсний нийт орлогыг хэмждэг үзэл баримтлалаас олон улсууд татгалзсан. Хүний хөгжлийн индексийг өөр байдлаар тодорхойлдог болсон. Тиймээс Монгол улс боловсролын асуудлаар ямар хэмжээнд хүрэх ёстой вэ, эрүүл мэндийн үйлчилгээний үзүүлэлтүүд нь ямар байх вэ гэдэг гол үзүүлэлтүүдийг тавих ёстой”.
УИХ-ын гишүүн Д.Оюунхорол “Энэ бол их чухал баримт бичиг. УИХ-аар 400 гаруй бичиг баримт батлагдан, боловсруулагдаж байсан. Харамсалтай нь хэрэгждэггүй. Хэн, юунаас үүдэн хэрэгжүүлдэггүй вэ гэдэг хариуцлагыг хэнтэй ч тооцдоггүй муу жишиг бий. Монголын ард түмэн хөгжлийн хөтөлбөрийг зөв гаран, төр барьж буй хүмүүс зөв удирдаасай гэсэн хүлээлт байдаг. Энэ хүлээлтэд бид тийм сайн дүн авч чадахгүй байна”.
УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна.