Огцруулах санал гаргачихаад, өөрсдөө зугтаагаад байх юм
УИХ-ын гишүүн Г.Уянга нарын 19 гишүүний өргөн барьсан Ерөнхий сайдыг огцруулах саналыг өчигдөр үдээс өмнө Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэх ёстой байсан ч ирц бүрдээгүй гэх шалтгаанаар хойшилсон юм. Харин үдээс хойш УИХ-ын чуулганы дараа Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдсан ч УИХ дахь МАН-ын бүлэг тав хоногийн завсарлага авсан юм. Энэ талаар УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакей гишүүнтэй ярилцлаа.
-УИХ-ын гишүүн Г.Уянга нарын 19 гишүүний өргөн барьсан Засгийн газрыг огцруулах асуудал өнөөдрийн /өчигдөр/ сэдэв байлаа. Таны хувьд өглөөнөөс хойш Төрийн байгуулалтын байнгын хороог хуралдуулахаар бараг таван цаг гаруй хүлээсэн. Үдээс хойш байнгын хороо хуралдсан ч УИХ дахь МАН-ын бүлэг завсарлага авчихлаа?
-Өнөөдөр Төрийн байгуулалтын байнгын хорооны хурлаар хоёр ч чухал асуудлыг хэлэлцэж шийдвэр гаргах байсан ч чадсангүй. Эхнийх нь Г.Уянга нарын 19 гишүүний өргөн мэдүүлсэн Монгол Улсын Ерөнхий сайдыг огцруулах тухай асуудлыг хэлэлцэх байсан. Болж өгвөл үдээс өмнө байнгын хороо, үдээс хойш чуулганаар хэлэлцээд энэ асуудлыг нэг тийш нь болгоё гэж ярьж байсан. Огцрох нь уу, үлдэх нь үү тэр нь хамаагүй. Хамгийн гол нь улстөржилтийг нэг тийш нь болгох ёстой гэсэн байр суурьтай байсан. Тийм учраас АН-ын бүлгээс манай байнгын хороонд харьяалагддаг найман гишүүн, ИЗНН-ын нэг гишүүн 8:30 цагаас эхлээд бүтэн дөрөв, таван цагийн турш тэвчээртэй хүлээж суусан.
-Ерөнхий сайдыг огцруулах санал гаргасан Г.Уянга нарын гишүүд өөрсдөө хуралдаа ирээгүйгээс болж хойшилсон уу?
-Харамсалтай нь Ерөнхий сайдыг огцруулах санал гаргасан гишүүд өөрсдөө орж ирж асуудлаа танилцуулаагүйгээс байнгын хорооны үдээс өмнөх хуралдаан болсонгүй. Өөрсдөө огцруулах санал гаргачихаад, өөрсдөө зугтаагаад байх юм. Үүнийг юу гэж ойлгох вэ. Өөрсдөө хэлэлц гэж санал гаргачихаад, өөрсдөө эхлээд завсарлага авчих юм. Монгол Улсын Ерөнхий сайдыг огцруулна гэдэг хариуцлагатай асуудал.
-Уг асуудлыг өргөн барихаасаа өмнө сайтар ярилцаж, байр сууриа нэгтгэх ёстой байж дээ?
-Өргөн барихаасаа өмнө маш нарийн бодож, судалж, бүлэг дээрээ ярьж, саналаа оруулж ирэх ёстой. Тэгсэн ч болов уу гэж бодсон. Гэтэл дахиад судлах асуудал гараад байна гэх юм. Улс орны нөхцөл байдал тийм ч таатай биш байна. Цас зудны асуудал хүнд байна. Ийм үед сандал ширээний асуудал яриад хоорондоо хэрэлдээд суух нь хэнд ч онц биш байна. Ард түмэн бол Засгийн газрыг огцруулах асуудлыг хүсч байгаа биш. Харин нэг өдөр ч гэсэн бидний амьдралд хэрэгтэй тогтоол, шийдвэр, хууль тогтоомжийг УИХ хурдан гаргаж хэрэгжүүлээсэй гэж хүсч байгаа. Түүнээс биш сандал ширээний асуудлыг ард түмэн хүсээгүй байгаа.
-Өнөөдрийн чуулганы хуралдаан дээр байнгын хорооны гишүүдийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах асуудлаар Дэгийн тухай хууль зөрчсөн гэдгийг хэлж байна. Гадаадад томилолтой явж байгаа Н.Батцэрэг гишүүнийг эзгүйд ийм томилгоо хийсэнд зарим гишүүд дургүйцлээ илэрхийлж байсан?
-УИХ-аас гарч байгаа аливаа шийдвэр хууль тогтоомжид нийцэж байх ёстой. УИХ хууль тогтоох дээд байгууллагын хувьд үйл ажиллагаа нь тасралтгүй, жигд явах ёстой. Түүнээс биш хүүхдийн тоглоом маягтай, янз янзын ааш зан гаргах тухай биш. УИХ-ын чуулганы Дэгийн тухай хуулиар бол УИХ-ын ямар ч гишүүн ямар ч байнгын хороонд харьяалагдах эрхтэй байгаа. Бүлэгт харьяалагддаг гишүүн бол бүлгийн саналыг УИХ-ын даргад албан бичгээр уламжлаад тэр саналд тулгуурлаад УИХ-ын тогтоол гарах журамтай. Энэ бол 14 дүгээр зүйлээр зохицуулагдсан байгаа.
14.1-д УИХ дахь нам эвслийн бүлгийн бүрэлдэхүүнийг зарласны дараа Байнгын болон дэд хороодын бүрэлдэхүүнийг дараахь журмаар батална:
14.1.1. гишүүд Байнгын хороонд харьяалагдах саналаа нам, эвслийн бүлэгт, бүлэгт харьяалагдаагүй гишүүд Улсын Их Хурлын даргад ирүүлнэ гэж байна.
Өнөөдрийн хувьд бол Н.Батцэрэг, Г.Батхүү гишүүн хоёулаа бүлэгт харъяалагддаг.
14.1.2. нам, эвслийн бүлэг нь Байнгын хорооны тоо, олонхи, цөөнхийн харьцаа зэргийг харгалзан гишүүдийг Байнгын хороодод хуваарилах саналаа Улсын Их Хурлын даргад ирүүлнэ.
Энэ дагуу хоёр бүлэг саналаа УИХ-ын даргад ирүүлсэн байна.
14.1.3. Улсын Их Хурлын дарга нам, эвслийн бүлэг болон тэдгээрт харъяалагдаагүй гишүүдээс ирүүлсэн саналыг нэгтгэсэн эцсийн хувилбарыг нэгдсэн хуралдаанд танилцуулна. УИХ-ын дарга энэ саналыг танилцуулсан. Энэ гурван заалт бол анх УИХ-ын сонгуулийн дараа Их хурал бүрэлдэхдээ байнгын хороодыг бүрдүүлэхтэй холбоотой заалт.
Тэрнээс гадна 14.2.Нэгдсэн хуралдаан Улсын Их Хурлын даргаас энэ хуулийн 14.1.3-т заасны дагуу оруулсан саналыг хэлэлцэж Байнгын хорооны бүрэлдэхүүнийг тогтоолоор батална гэж байгаа.
14.3. Гишүүн Байнгын хорооны харъяаллаа өөрчлөх хүсэлт гаргавал энэ хуулийн 14.1-14.2-т заасны дагуу шийдвэрлэнэ гэж байгаа юм. Тэгэхээр өнөөдөр цоо шинээр бүрдүүлж байгаа бус, байнгын хорооны харъяалал өөрчилж байгаа асуудал. Мэдээж хоёр гишүүнтэй ярьсан байх. Тэр дагуу бүлэг нь шийдвэр гаргаад бичгээр хандсан учраас асуудал шийдэгдсэн.
-Байнгын хорооны хуралдаанаас завсарлага авч байгааг харахад МАН-ын бүлэг дотроо нэг хэсэг нь Засгийн газрыг огцруулъя гээд нөгөө хэсэг нь Засгийн газрыг огцруулж болохгүй гэсэн саналтай байгаа өнгө аяс ажиглагдаад байна. Үүнийгээ нэгтгэхийн тулд завсарлага авсан болов уу гэж хараад байна л даа?
-Би тэр талаар нарийн мэдээлэл байхгүй байна. Магадгүй тийм ч байж болно. Яагаад гэхээр УИХ-д олон жил төрийн эрх барьсан, туршлагатай гэж болох МАН-ын зарим гишүүд Г.Уянга гишүүний албан бланк дээр Ерөнхий сайдыг огцруулахаар гарын үсэг зурчихсан байсан. Уг нь МАН-ын бүлэг гишүүдээ хайрцаглаж, аливаа асуудлыг нэгдсэн журмаар зохицуулах туршлагатай нам мөртлөө ингэж хөдөлж байгааг нь би ч бас ойлгохгүй байна. Хэрвээ Засгийн газрыг огцруулья гэвэл заавал өөр бүлгийн гишүүнтэй нийлэхгүйгээр бүлгийн 26 гишүүн ч гарын үсэг зураад огцруулах санал гаргах боломжтой байгаа. Энэ бол тэр намын бүлгийн асуудал байна. Гэхдээ туршлагатай нам ийм алхам хийж байгааг ойлгохгүй байна.
-Засгийн газар огцорлоо гэж муугаар бодоход улс төрийн нөхцөл байдал хүндрэх нь ойлгомжтой байх. Нийгэм эдийн засгийн хувь ч тэр, цас зудтай байгаа энэ үед улс төрийн зуд ч гэж хэлж болохоор харагдаж байна?
-Жирийн иргэд төр тогтвортой байгаасай, өөрсдийн ахуй амьдралыг сайжруулах төрийн бодлого шийдвэр хурдан гарч, хэрэгжээсэй гэж хүсч байгаа. Түүнээс биш хэн нэгэн сайд огцрох нь тэдэнд сонирхолтой асуудал биш. Тийм учраас энэ асуудлыг муугаар бодоод огцорлоо гэхэд сайн зүйл авчрахгүй. Яагаад гэвэл дахиад л Засгийн газар бүрдүүлнэ гээд цаг алдана. Энэ хооронд Их хурлын гишүүд нь сандал ширээний төлөө булаацалдана. Улс төрийн нам хүчнүүд бужигнана. Тэртээ, тэргүй УИХ-ын ээлжит сонгууль болоход хэдхэн сарын хугацаа үлдэж байхад ийм асуудал хэнд ч хэрэггүй. Үнэхээр сөрөг хүчний үүргээ гүйцэтгээд, Ерөнхий сайдыг заавал огцруулах хэмжээнд биш бусад арга хэлбэрээр хэрэгжүүлэх, алдаатай буруу шийдвэр гаргасан бол асуулга тавих, хяналт тавих, шалгалт хийх бүрэн боломжтой. Ерөнхий сайд огцорно гэдэг чинь бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорно гэсэн үг. Хүнд байгаа эдийн засгийг тэгж доргиох хэрэг байхгүй гэж бодож байна.
-Огцруулах саналыг өргөн барьснаас болж, Засгийн газраас олон улсын зах зээл дээр гаргах гэж байсан бонд гацаанд орлоо гэдэг зүйл яригдаж байна?
-Тэгэлгүй яахав. Олон Улсын донор байгууллагууд, гадаад улс орнууд бүгд харж байгаа шүү дээ. Монгол Улсын төр засаг үлдсэн хугацаандаа тогтвортой байх нь уу, үгүй юу гээд бүгд харж байгаа. Тогтворгүй бол дэмжлэг үзүүлэх, хамтран ажиллахаасаа татгалзана. Эргээд сүүдэр нь ард түмэн дээрээ л тусна.
-Дэгийн тухай хууль зөрчсөн гэж Н.Номтойбаяр гишүүн чуулганы танхимын гадна тань руу хандаж ёс зүйгүй зан гаргаж байсан. Дараа нь энэ талаараа мэдээлэл хийж байна лээ?
-Залуу гишүүн, өөрийнхөө биеэ авч явах тал дээр алдаж онох зүйл байгаа байлгүй дээ. Тэрийг би ойлгож байна. Тэрнээс болж буруутгаад яах вэ. Өөрөө дотроо бодоод дүгнэлтээ хийнэ биз дээ гэж бодож байна.