Байнгын хорооны хуралдаанаар Засгийн газар хоорондын хэлэлцээрийг зөвшилцөв
Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо
2016.01.21

Байнгын хорооны хуралдаанаар Засгийн газар хоорондын хэлэлцээрийг зөвшилцөв

Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн /2016.01.20/ хуралдаан 17 цаг 08 минутад 52.6 хувийн ирцтэй эхэлж, хоёр асуудал хэлэлцэж шийдвэрлэхээр тогтов.

Засгийн газар хоорондын хэлэлцээрийг зөвшилцөв

Байнгын хорооны хуралдаанаар эхлээд Засгийн газраас өргөн мэдүүлсэн “Санхүүгийн хамтын ажиллагааны Ерөнхий хөтөлбөрийн тухай” Монгол Улсын Засгийн газар, Унгар Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг зөвшилцөх асуудлыг хэлэлцэв. Энэ талаарх хууль санаачлагчийн илтгэлийг Засгийн газрын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа танилцуулсан юм.

Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Унгар Улс /БНУУ/-ын Засгийн газар хооронд “Санхүүгийн хамтын ажиллагааны Ерөнхий хөтөлбөрийн тухай”хэлэлцээрийг 2010 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр байгуулж, мөн оны 5 дугаар сарын 6-ны өдрийн Улсын Их Хурлаар соёрхон батлуулжээ. Уг хөтөлбөрийн хүрээнд 1973 онд БНУУ-ын техник, эдийн засгийн тусламжаар байгуулсан “Биокомбинат” ТӨҮГ-ыг шинэчлэх төслийг 25 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэхээр тусгасан байна. Хөнгөлөлттэй зээлийн эргэн төлөлтийн хугацаа нь 17.5 жил, зээлийн үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаа 4 жил бөгөөд жилийн 0 хувийн хүүтэй аж. Төслийн гүйцэтгэгчийн сонгон шалгаруулалтыг тухайн үеийн ХХААХҮЯ-наас “Биокомбинат” ТӨҮГ-ын шинэчлэлийн төслийг хоёр үе шаттайгаар түлхүүр гардуулах гэрээний нөхцөлөөр хийсэн боловч шалгарсан компани нь заасан хугацаанд тендерийн урьдчилгаа төлбөрийн болон гүйцэтгэлийн баталгаа ирүүлж чадаагүйн улмаас тендер хүчингүй болсон юм байна.

Иймээс Монгол Улс, БНУУ-ын Засгийн газар хоорондын комиссын 2015 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн V хуралдаанаар талууд “Биокомбинат” ТӨҮГ-т Унгар Улсын техник, технологийг нэвтрүүлж, хоёр улсын эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх ач холбогдол бүхий уг төслийг Унгар Улсын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр санхүүжүүлэх талаар дахин хэлэлцэж, хоёр улсын Засгийн газар хооронд 2010 онд байгуулсан Санхүүгийн хамтын ажиллагааны Ерөнхий хөтөлбөрийн хэлэлцээртэй ижил нөхцөлөөр шинээр байгуулахаар тогтжээ.

Уг хэлэлцээрийг зөвшилцөх асуудлыг Эдийн засгийн болон Төсвийн байнгын хороод өнөөдрийн хуралдаанаараа хэлэлцээд хэлэлцээрийг зөвшилцөх нь зүйтэй гэж үзсэн тухай санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Д.Дэмбэрэл танилцуулсан юм.

Хууль санаачлагчийн илтгэл, байнгын хороодын санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ж.Энхбаяр ажлын хэсгээс асуулт асууж тодруулсан бөгөөд харин санал хэлэх гишүүн гарсангүй. Ингээд санал хураалт явуулахад байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүд санал нэгтэйгээр уг хэлэлцээрийг зөвшилцөхийг дэмжсэн тул энэ талаарх байнгын хорооны санал, дүгнэлт болон хуралдааны тэмдэглэлийг Засгийн газарт хүргүүлэхээр тогтов.

Хөгжлийн хамтын ажиллагааны хэлэлцээрийг зөвшилцөв

Дараа нь Засгийн газраас өргөн мэдүүлсэн Хөгжлийн хамтын ажиллагааны тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Турк Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төслийг зөвшилцөв. Энэ талаарх хууль санаачлагчийн илтгэлийг Засгийн газрын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа танилцуулсан юм.

Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Турк Улсын Засгийн газар хооронд “Туркийн Олон улсын хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын хөтөлбөр зохицуулалтын төлөөлөгчийн газар байгуулах тухай” хэлэлцээрийг хоёр орны нийгэм, эдийн засгийн хөгжилд туслалцаа үзүүлэх зорилгоор 2004 оны 4 дүгээр сарын 29-ны өдөр байгуулж, Улсын Их Хурлын нэгдсэн чуулганаар соёрхон батлуулжээ.

БНТУ-ын Засгийн газрын дэргэдэх Туркийн хамтын ажиллагаа, зохицуулах агентлаг /ТИКА/ нь дэлхийн 50 гаруй оронд хөтөлбөр зохицуулалтын газраараа дамжуулан хөгжлийн албан ёсны тусламж үзүүлдэг бөгөөд Улаанбаатар дахь Хөтөлбөр зохицуулалтын газар байгуулагдсанаас хойш өнөөг хүртэлх хугацаанд манай улсын дэд бүтэц, хөдөө аж ахуй, аялал жуулчлал, эрүүл мэнд, байгаль орчныг хамгаалах, боловсрол шинжлэх ухаан, соёлын хамтын ажиллагаа зэрэг салбарт нийтдээ 400 гаруй төсөл, хөтөлбөрийг 30 орчим сая ам.долларын буцалтгүй тусламжийн хөрөнгөөр санхүүжүүлсэн байна. Тухайлбал, Хархорин-Хөшөө цайдмын 46 км авто зам барих (6.7 сая ам.доллар), Түрэгийн хөшөө дурсгалыг сэргээн хамгаалах (5 сая ам.доллар), Орхоны хөндийд Дэлхийн соёлын өвийн музей байгуулах (1 сая ам.доллар), Улсын клиникийн төв эмнэлгийн дэргэд цусны төв байгуулах (251 мянган ам.доллар), МУИС-д турк судлалын тэнхим байгуулах (427 мянган ам.доллар), Бог малыг ээмэгжүүлэх “Хас цахим” төсөл, Хархорин сумын төвөөс Эрдэнэзуу хийд хүртэл 2.4 км хатуу хучилттай зам тавих төсөл зэрэг юм. Түүнчлэн 2007 онд манай улсын ерөнхий боловсролын дунд сургуулиудад 150 мянган ам.долларын сургалтын тоног төхөөрөмж, 2008 онд Туркийн Засгийн газраас 100 мянган ам.долларын хүнсний тусламж үзүүлсэн байна.

Хоёр орны Засгийн газар хооронд 2004 онд байгуулсан хэлэлцээрийн хүчинтэй хугацаа дуусч байгаатай холбогдуулан шинээр байгуулах “Хөгжлийн хамтын ажиллагааны тухай хэлэлцээр” нь Турк Улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар манай улсад хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрийг санхүүжүүлэх, хоёр орны хамтын ажиллагааны гүүр болсон ТИКА-ийн Улаанбаатар дахь хөтөлбөр зохицуулалтын газрын эрх зүйн орчинг бүрдүүлэх үндсэн баримт бичиг болох юм байна.

Хууль санаачлагчийн илтгэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболд, Л.Болд нар ажлын хэсгээс асуулт асууж тодруулсны дараа хэлэлцээрийг зөвшилцөхийг дэмжиж Засгийн газарт гарын үсэг зурахыг зөвшөөрье гэсэн саналын томьёоллоор санал хураалт явуулахад байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 81.8 хувь дэмжлээ. Иймээс энэ талаарх байнгын хорооны санал, дүгнэлт болон хуралдааны тэмдэглэлийг Засгийн газарт хүргүүлэхээр тогтов.