Хөдөлмөрийн сайд хуулийн төслөө, УИХ-ын дарга ипотекийн зээлийг танилцуулав
2016.01.12

Хөдөлмөрийн сайд хуулийн төслөө, УИХ-ын дарга ипотекийн зээлийг танилцуулав

Мэргэжлийн боловсрол, сургалтын салбарын ууган сургуулийн нэг Барилгын политехник коллеж өчигдөр зочин олонтой байлаа. Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан УИХ-ын дарга З.Энхболдын хамт  тус сургуульд зочилж багш, оюутнуудтай уулзалт хийх зараар хурлын танхимд сул суудал олдохооргүй олон хүн цуглажээ. Барилгын политехник коллеж 2000 гаруй суралцагчтай. Гэхдээ энэ уулзалтад зөвхөн төгсөх ангийнхнаа л оролцуулж буй гэнэ. Энэ нь хурлын тахимын сандал суудлын хүрэлцээнээс болсон тухай багш нар нь дуулгаж байв.

Уулзалтын эхэнд Г.Баярсайхан сайд Хөдөлмөрийн яамнаас  мэргэжлийн боловсрол, сургалтын салбарт хийж хэрэгжүүлж буй ажлынхаа талаар дэлгэрэнгүй танилцуулсан.  Тэрбээр Монгол Улсын ирээдүйн хөгжлийг ур чадвартай мэргэжилтэй ажилтнууд авч явах учраас төр засгаас энэ салбарын хөгжилд ихээхэн анхаарал тавьж буйг онцлоод “Төрийн болон хувийн өмчийн нийт 81 МСҮТ, Политехник коллежид 45 мянга гаруй залуус 193 мэргэжлээр сурч байгаа нь мэргэжлийн бололсролын салбар эрэлттэй болсны илэрхийлэл. Барилгын политехник коллеж гэхэд барилгын салбарыг мэргэжилтэй ажилчдаар хангах үүргээ биелүүлж 20 мэргэжлээр 2100 залуусыг сургаж байна.

Барилгын салбарын хөгжилд төр засгаас ихээхэн анхаарал тавьж, дэмжиж буйн нэг хэлбэр нь УИХ-аар 5,0 хувийн хүүтэй ипотекийн зээлийг баталгаажуулсан хуулийн төслийг хэлэлцэх гэж байгаа явдал” хэмээсэн. Түүнчлэн Г.Баярсайхан сайд УИХ-д өргөн барьсан Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар багш оюутнуудад нэлээд дэлгэрэнгүй  танилцуулсан юм.

Энэ хүрээнд хөдөлмөр, бүтээлийн үр шимээ сургуулийн орчин болон дадлагын орчноосоо мэдэрч улмаар хөдөлмөрлөж олсон орлогоосоо хувь хүртдэг болох, сургалтын стандарт, хөтөлбөрийг ажил олгогч, мэргэжлийн холбоодын оролцоотойгоор ажил мэргэжлийн стандартад нийцүүлэн боловсруулж мөрдөх, хяналт тавих, чанарын үнэлгээний тогтолцоо, хөндлөнгийн үнэлгээг буй болгох, иргэний дотоод, гадаадад эзэмшсэн мэргэжил, мэргэшлийн ур чадварыг холбогдох стандарт, түвшинтэй дүйцүүлэн үнэлж баталгаажуулдаг болсноор мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллага төгсөгчид, иргэдийг ажлын байртай холбох боломжийг бүрдүүлэхээр тусгасан байна. Түүнчлэн МСҮТ-ийн суралцагчид их, дээд сургуульд шилжин суралцах, их дээд сургуульд суралцаж буй оюутнууд МСҮТ-д шилжин суралцах эрх зүйн орчныг бүрдүүлж буйгаараа онцлогтойг Хөдөлмөрийн сайд дурдлаа. 

Уг уулзалтад оролцсон УИХ-ын дарга З.Энхболд “Барилгын салбарын хөгжил ба ипотекийн зээлийн үүрэг” сэдвээр танилцуулга хийсэн юм.  

Тэрбээр танилцуулгынхаа эхэнд “Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтээс үүдэн өнгөрсөн арванхоёрдугаар сараас ипотекийн зээл олголт зогссон. Үүний хохирогчид нь орон сууцны зээл авахаар төлөвлөж гэж байсан иргэдээр тогтохгүй барилгын салбар, энэ салбарт ажил эрхлэхээр бэлтгэгдэж буй оюутнууд та бүхэн. Ипотек бол нэг иргэн урт хугацаанд зээл авч, тодорхой хугацаанд бага хэмжээгээр төлбөрөө барагдуулсаар эцэст нь хөрөнгөтэй  болж үлддэг санхүүгийн тогтолцоо юм. Энэ тогтолцооны цаана маш олон хүнийг ажилтай болгодог механизм байдаг. Барилга угсралт, барилгын материалын үйлдвэр, тавилгын үйлдвэр, дотор засал чимэглэл хийдэг олон зуун мянган хүн ажлын байртай, орлоготой байдаг. Ипотекийн зээл олголт зогссон нь Барилгын политехникийн коллежид суралцаж буй оюутнууд та бүхэн сургуулиа төгсөөд ажилтай байх эсэхтэй шууд холбогдох юм. Төгсөгчид нь хамгийн их ажлын байртай болдог салбар бол барилгын салбар, 100 төгсөгчийн 66 нь ажилд ордог. Өөр ямар ч салбарт ийм үзүүлэлт гарахгүй. Энэ үзүүлэлт гурван жилийн өмнө эхэлсэн 8,0 хувийн зээл аль салбарт хамгийн их өгөөжөө өгснийг харуулж байгаа юм” гээд барилгын салбарын хөгжлийг өнгөрсөн хугацаанд барьж ашиглалтад оруулсан орон сууцны тоо хэмжээгээр илэрхийлэн тун сонирхолтой танилцуулсан.

Монгол Улс 1921-1990 онд 100 мянган өрх орон сууцанд орсон. 2008 онд барилгын салбарт 50 мянган хүн ажиллаж байв. 2000-2012 онд ипотекийн зээлд 5000 айл хамрагдан, жилийн 20 хувийн хүү төлдөг байсан. Тэгвэл сүүлийн гурван жилийн хугацаанд жилд дунджаар 25 мянган орон сууц шинээр ашиглалтад орж, 96 мянган хүн энэ салбараас цалин авч байна. 2013-2015 онд 76 мянган өрх ипотекийн зээлээр орон сууцтай болсон. Энэ эрчээр явах юм бол 70 жилийн хугацаанд хийсэн орон сууцны бүтээн байгуулалтыг ердөө дөрвөн жилд хийх тооцоо гарч байгаа юм.  Өнгөрсөн гурван жилийн хугацаанд барилгын салбар эдийн засгийн үр ашгаараа уул уурхайг орлох хэмжээнд хүрч эрчимжсэн. Энэ хэрээр хөдөлмөрийн зах зээл дэх барилгын салбарын мэргэжилтнүүдийн эрэлт нэмэгдсэн. Эдийн засаг талаас нь харах юм бол барилгын салбарын үйлдвэрлэлийн зардал буурч байна. Түүнчлэн барилгын салбарын үйлдвэрлэлд эерэг нөлөө үзүүлж, 865 аж ахуйн нэгжийн 945 үйлдвэр 79 нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа бөгөөд “Чингис” бондын хөрөнгө оруулалтын үр дүнг мөн энэ салбарын өсөлт, үр ашгаас харж болно. Барилгын салбарт өнөөдрийн байдлаар 95 695 ажлын байр бий. Цаашид барилгын салбарт ажиллахаар нийт 12 108 суралцагч сурч байгаа. Өнгөрсөн хичээлийн жилд барилгын нарийн мэргэжил эзэмшсэн 4777 төгсөгчийн 68 хувь нь ажлын байртай болсон байна. 8,0 хувийн хүүтэй орон сууцны зээл олгох бодлогыг хэрэгжүүлж, дэмжиж буйн бодит үр ашиг нь энэ болохыг УИХ-ын дарга танилцуулгынхаа үеэр онцолсон. 

 

Түүнчлэн ипотекийн зээл иргэдэд хэрхэн яаж үр ашгаа өгч буйг тайлбарлан, Барилгын политехникийн коллежийн багш, оюутнуудын сонирхсон асуултад хариулсан юм. Тэд Их хурлын даргаас ипотекийн зээлийн урьдчилгаа төлбөрийг бууруулах боломж, хувийн орон сууцыг ипотекийн зээлд хамруулах гэхчилэн олон зүйлийг асуусан. Мөн ард түмэнд өгөөжөө өгч, ашиг нь нүдэн дээр харагдаж буй ипотекийн зээлийг зогсоосон шалтгааны талаар санал солилцоод амжсан.  

Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан, УИХ-ын дарга З.Энхболд нарын оролцсон уг уулзалтад Хөдөлмөрийн яамны Төрийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ю.Идэрцогт, УИХ-ын даргын зөвлөх Ц.Буянцогтоо, Д.Лхагвасүрэн нарын албаны хүмүүс мөн байлцлаа.